Прокурор асан Х.Тамир нарын хэрэг хаачив, юу болов гэсэн асуулт өчигдөр цахим ертөнцөөр явж байна. Тодруулбал, 2015 оны долоодугаар сард хар тамхины хэрэгт холбогдсон Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор асан Х.Тамир нарын таван хүнд холбогдох хэрэг ямар шатандаа явж байгаа тухай мэдээлэл хомс учраас олон нийт сураг тавьж байна гэсэн үг.
Угтаа бол Х.Тамираас гадна түүний "хамсаатан” гэх Б.Амарбаясгалан, Н.Мөнхбат, Д.Жавхлан, Н.Сүхбаатар нар уг хэрэгт холбогдож, тэднийг Эрүүгийн хуулийн 188.3, 192.2, 272.2-аар гэх мэт зургаан зүйл ангиар буруутган шүүхээр болсон юм. Ямартай ч одоогоор дээрх нэр бүхий таван хүнээс хэд нь батлан даалтад гарч хэд нь цагдан хоригдож байгаа тухай мэдээлэл хомс байгаа билээ.
Уг нь өнгөрсөн оны хоёрдугаар сард тэдэнд холбогдох анхан шатны шүүх хурал болсон ч, хэрэг нь мөрдөн байцаалтад буцаж хэргийг дахин нягталж тодруулах нь зүйтэй гэдэг шийдвэрийг шүүгчид гаргаж байсан юм.
Тэгвэл уг хэргийг өнгөрсөн сарын 1-ний өдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх рүү шилжүүлсэн тухай эх сурвалж мэдээлж байна. Хоёр дахь удаагаа буцсан энэ хэргийг дахин мөрдөн байцаалтад буцаахгүй гэдгийг хэргийн мөрдөгчид болон прокурорууд хэлж байгаа аж. Тэгэхээр Х.Тамир нарт холбогдох хэргийн шүүх хурлын тов энэ сардаа багтаж гарах тухай эх сурвалж мэдээлж байлаа.
ТЭДЭНД ЯМАР ЯЛ НОГДУУЛАХ БОЛ
Товчхондоо бол хар тамхи авч байгаад үйлдэл дээрээ баригдсан нэр бүхий таван хүнийг шүүхээс ял ногдуулах нь тодорхой гэдгийг албаны эх сурвалжууд хэлж байсан удаатай. Тэгэхээр энэ хэргийг үнэн зөвөөр шийднэ гэж олон нийт ойлгож буй юм.
Угтаа бол хоёр удаа мөрдөн байцаалтад буцаж асар их нотлох баримт болон бусад зүйлийг сайтар шалгаж нягталсан мөрдөгчид болон прокурорууд өөрсдийн хийсэн ажлаа талаар болгохгүйн тулд тэдний гэм буруутай эсэхийг дэнслүүлэхээр өдөр хоногийг хүлээж буй юм.
Хамгийн гол нь олон нийт дээрх хүмүүсийн хэрэг хэрхэн яаж шийдэгдэх бол гэсэн хүлээлтийг тээж байгаа. Учир нь яг эдгээр хүмүүстэй адилхан хар тамхины хэрэгт холбогдсон олон залуус арваас дээш жилийн ял авч байгаа учраас шүүх энэ хэргийг яаж шийдэх бол гэсэн хүлээлт үүсгээд байгаа юм.
Яг үнэндээ өнгөрсөн хугацаанд цагдаа нарыг хуулийн цоорхой ашиглан бусдыг гэмт хэрэгтэн болгодог уу гэсэн хардлага хэвлэл мэдээллийн хэрэгслээр олонтаа гарч байсан удаатай. Тухайлбал, өнгөрсөн оны наймдугаар сард манай сонинд хаягласан учир битүүлэг зурваст боломжтой айлын хүүхдүүд хар тамхины хэрэгт холбогдсон мөртлөө хэргээ бусдад үүрүүлж, гэмгүй залуусыг яллаж байна гэх утгатай юм бичсэн байсан.
Бүр тодруулбал “Хар тамхины хэрэгт холбогдсон хүмүүс Монгол Улсад олон болж, үүнийгээ дагаад цагдаа нар ч бизнес хийж хүний амьдралаар тоглох болжээ. Угтаа бол хар тамхины хэрэгт холбогдсон баян айлын хүүхдүүдийн хэрэг хэрэгсэхгүй болж чөлөөтэй явсаар байхад адилхан хэрэгт холбогдсон хүмүүс нь хүний амь хөнөөсөн дайны ялыг шүүхээс тулгуулан авдаг болжээ. Тухайлбал, орос, хятад улсаас монголд хар тамхи оруулж ирж зардаг гэх дээрх улсын иргэд олон байдаг гэсэн.
Гэтэл цагдаа нар эдгээр хүмүүст анхаарлаа хандуулахгүй мөртлөө боломжтой айлын хар тамхи хэрэглэдэг залуусыг ангуучлан тэд нараас мөнгө салган авч, ялаас чөлөөлж байна. Харин мөнгө өгөх боломжгүй аавын хүүхдүүдэд 10 -аас дээш жилийн ял авч байна. Хуулийн цоорхой ашиглан зардаггүй хүмүүсийг зардаг болгож, анх хэрэг үйлдсэн хүмүүсийг давтан болгож ял тулгадаг боллоо.
Энэ бүхнийг хууль хяналтын байгууллагын тодорхой эрх мэдэл бүхий хүмүүс анхааралдаа авахгүй бол цаашдаа олон аавын хүү хийгээгүй хэргийнхээ төлөө олон жилийн ял авч, хохирч үлдэх аюулд ороод байна” хэмээн дурдсан байв.
Тиймээс л хууль хяналтын байгууллагад ажиллаж байсан мөн ах дүү амраг садан нь шүүхийн байгууллагад ажилладаг том “артай” эдгээр хүмүүсийн хэрэг хэрхэн шийдэгдэж, хэдэн жилийн ял авах бол гэсэн хүлээлт хүмүүсийн анхаарлыг татаж байна.
ХАР ТАМХИНЫ ХЭРЭГТ 20 ГАРУЙ ХАВТАСТ ХЭРГИЙН АСУУДАЛ ЯРИГДАХ УУ
Учир нь 2015 оны аравдугаар сарын 10-нд ЭЦГ-ын Хар тамхитай тэмцэх алба Тусгай ажиллагааны газартай хамтран Монгол Улсад хар тамхи мансууруулах сэтгэцэд нөлөөлөх бодисыг зохион байгуулалттайгаар бүлэглэн борлуулдаг есөн этгээдийг баривчилсан. Тэднийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192.2, 192.3.4, 192.3.5-д заасан зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа ч хэргийг одоо хүртэл эцэслэн шийдээгүй л байгаа.Тиймээс энэ хэрэгт олон нийт анхаарлаа хандуулж буй юм.
Хамгийн гол нь Эрүүгийн цагдаагийн газрынхан багагүй хугацаанд Х.Тамир, Б.Амарбаясгалан нарыг алсаас ажиглаж, мөрдөн шалгасны үндсэн дээр тэднийг хар тамхи худалдан авах гэж байхад нь үйлдэл дээр нь барьж Чойроос саатуулсан байдаг юм.
Түүнчлэн тэднийг саатуулах үед Х.Тамирын машины багажнаас 20 гаруй хавтаст хэрэг, эрүү үүсгэхээс татгалзсан олон тооны тогтоолууд гарч ирсэн нь хуулийнхны анхаарлыг улам ихээр татаж АТГ, ЭЦГ-тай хамтарсан ажлын хэсэг гарч, уг асуудлыг шалгаж байгаа талаар хэвлэлүүд мэдээлж байсан.
Юутай ч Х.Тамир нар ганц хар тамхины хэргээр ч бус, 20 гаруй хавтаст хэрэг, эрүү үүсгэхээс татгалзсан олон тооны тогтоолууд яагаад түүний машинд байх болов гээд олон асуудал шүүхийн танхимд давхар яригдахаар болж байна. Одоог хүртэл хэргийн талаарх мэдээлэл нууц хэвээрээ байгаа учраас энэ хэрэг юу болсон бэ, яаж шийдэгдэх вэ, хэзээ шүүх хурлын тов гарах вэ гэсэн хүлээлт олон нийтийн дунд байна.
ЭХ СУРВАЛЖ:
Холбоотой мэдээ