Харьд одох хайран залуус минь …

Хуучирсан мэдээ: 2011.07.27-нд нийтлэгдсэн

Харьд одох хайран залуус минь …

Хүний нутагт хөдөлмөр эрхэлж, хэд гурван төгрөг цуглуулж, амьдрал ахуйгаа дээшлүүлье гэсэн зорилгоор харь орныг зорих залуусын буруу гэж юу байхав. Гэтэл төрж, өссөн Монгол нутагт минь эрүүл чийрэг бие хаатай энэ сайхан залуусаар, уул уурхай, барилга, бүтээн байгуулалт гээд хөгжлийн түүчээ болсон салбарууд ажиллах хүчээр дутагдаж буй нь ч бас мэдээж. Арай дөнгүүр бүхэн нь гаднын орны хөгжлийн хурдыг нэмэгдүүлэхэд хүчин зүтгэж, үлдэж хоцорсон тэнхэл муу хэд нь эх орондоо хөгжингүй орны хөрөнгө оруулагч компаниудын шалгуурыг давахгүй ажилгүйчүүдийн эгнээг зузаатгасаар.

Зам засвар, барилга, Оюутолгой, Тавантолгой, Тамсагбулагийн газрын тосны орд газруудад чадварлаг мэргэжилтэн байхгүй гэх ажлын байрт тавигдах шалгуурын дагуу гаднаас багагүй тооны ажиллах хүч дотоодод нийлүүлж байгаа. Оюутолгой компани хөрөнгө зарцуулан мэргэжилтэн бэлтгэх тал дээр анхаарч байгаа. Гэтэл тэдний бэлтгэж буй 600 мянга, түүнээс дээш төгрөгийн цалинтай ажлын байр үнэхээр байдаг бол Солонгос улсад очиж, хар ажил хийхийн тулд 30 мянган төгрөг өгч шалгалтад ороод, байр, машинаа барьцаалан байж хүний нутаг зорих хэрэг эдгээр монгол залууст байсан уу. Төрийн бодлого тодорхойлогч нарт дээрх байдал нэгийг бодогдуулахгүй байна гэж үү.

1990-ээд оноос хойш Солонгост гэрээгээр болон хараар ажилладаг гэх 30 гаруй мянган хүний албан бус судалгаа байдаг. Тэдгээрийн дийлэнхи нь тус улсын хүнд үйлдвэрийн салбарт ажиллаж, монгол хүний ачаалал даах чадвар ч бусад орны ажиллах хүчтэй харьцуулахад харьцангуй сайн байдаг гэнэ лээ. Газар нутаг бага, 49 сая хүн амтай Өмнөд Солонгосын хувьд ажиллах хүчнийхээ дутагдлыг харь орноос нэмэлтээр нийлүүлж байхад манай улс шиг газар нутаг том, хүн ам нь цөөн, ашигт малтмал, уурхайн салбар нь ид хөгжих үе дээрээ яваа орон хамаг ажиллах хүчээ харь гүрэнд цутгасаар байх нь зөв үү.
Өнгөрсөн дөрөвдүгээр сард өмнөд хөршөөс манай улсыг чиглэсэн галт тэрэгний суудлаар өдөрт дунджаар 100-150 хятад зам засвар, уул уурхайд ажиллахаар ирж байсан гэдгийг төмөр замынхан нуугаагүй. Мөн дээрээс нь Тамсагийн талд гэрээгээр орж ирсэн хоёр мянга, нууцаар ирсэнтэйгээ нийлээд гурван мянга гаруй харь этгээд ажилладаг гэх яриа ч байдаг. Эдгээр харь ажилчдын дийлэнхи нь монгол залуусын хийж чадах хар ажлын голыг дөнгөн, данган нугалдаг талаар хамт ажилладаг монгол хүмүүс хоорондоо ярих нь хэдэнтээ чих дэлсэж байсан. Хятад ажилчид, монгол ажилчид хоёрын цалинд тэнгэр, газар адил зөрүү бий. Хөрөнгө оруулагчид монголчуудын цалинг манай улсын цалингийн доод үнэлэмжээр, харь орны ажилчдыг мөн улсынх нь үнэлэмжээр тооцдог гэхээр хэр хол ялгаа гарах нь ойлгомжтой.

Хүний ажил хийх хамгийн том шалтгаан цалин хөлс. Хөдөлмөрийн үнэлэмж муу байгаатай холбоотойгоор монгол залуус харь орныг зорин хөдөлмөрлөх нь олонтаа. Солонгос руу явж байгаа хүмүүсийн олонхи нь идэр насны эрчүүд. Ажиллах гэрээ гурван жил. Албан ёсны гэрээгээр очиж байгаа хүмүүс нэг жил болоод амралтаа авах эрхтэй. Гэвч мөнгө хийх гэж явсан хүмүүс амралтаараа нааш цаашаа нисэхийг илүү зардал гэж үздэг тул гэр бүлээсээ наад зах нь л гурван жил тусдаа байхаас өөр аргагүй. Энэ хугацаанд өрх гэр бүлийн дунд хоёр улс дамнасан хардалт сэрдэлт өрнөж, эцэстээ салж сарних нь цөөнгүй. Өнгөрсөн онд Солонгост ажиллаж байгаа хүмүүсийн дунд хийсэн судалгаанд оролцсон 300 хүний 7.1 хувь нь гэр бүлээсээ хөндийрсөн, 4.8 хувь нь шинэ хамтран амьдрагчтай болж, 2.7 хувь нь хардалт сэрдэлтэд байнга өртдөг гэж хариулсан байна.

Энэ мэтээр өрх гэрийн элэг бүтэн байдал, эцэггүй, ээжгүй балчир хүүхдийн тоо өсөн нэмэгдэж, цаашлаад Монгол Улсын хүн ам, ажиллах хүчний тэнцвэр алдагдаж буйг анхаарах цаг нэгэнт ирчихсэн юм биш үү.

Зохиогчийн эрх: "Ардын эрх" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж