Өмнөд Солонгосын Үндсэн хуулийн шүүх тус улсын ерөнхийлөгчид холбогдох хэргийг хэлэлцэх анхны хуралдаанаа өчигдөр /2017.01.03/ зарласан боловч Пак Гын Хэ очоогүй байна. Улмаар хуралдаан товлосон цагтаа эхэлсэн боловч есөн минутын дараа шүүх бүрэлдэхүүн нэгдүгээр сарын 5-ны Пүрэв гариг хүртэл хурлыг хойшлуулжээ.
Авлига, хээл хахуулийн хэрэгт нэр холбогдсон Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Пак Гы Хэд итгэл үзүүлэх эсэх асуудлаар тус улсын парламент санал хураалт явуулж, огцруулах нь зүйтэй гэж үзсэн билээ. Парламентын энэ шийдвэрийг Үндсэн хуулийн шүүх 180 хоногийн дотор баталгаажуулах учиртай юм. Энэ дагуу Пак Гын Хэд холбогдох хэргийг хэлэлцэх эхний хуралдааныг зарлаж, түүнийг биечлэн оролцохыг даалгасан боловч ерөнхийлөгч Пак ирэхээс татгалзжээ. “Онцгой нөхцөл байдал үүсээгүй тохиолдолд шүүх хуралд оролцохгүй” гэж Пак Гын Хэгийн өмгөөлөгч мэдэгдсэн тухай Йонхап агентлаг мэдээлсэн байна. Хэрэв дараагийн удаад Пак Гын Хэ хуралд очихгүй бол түүнгүйгээр хурлыг үргэлжлүүлэх гэнэ.
Өмнөд Солонгосын анхны эмэгтэй ерөнхийлөгч Пак Гын Хэ шинэ оны эхний өдөр ард түмэндээ мэндчилгээ дэвшүүлэхдээ, Чой Сун Шилийн авлига, хээл хахуулийн хэрэгт оролцоогүй, өөрийгөө гэм буруугүй гэж мэдэгдсэн юм.
Пак Гын Хэгийн дотны найз Чой Сун Шил нь Засгийн газарт албан тушаал хашдаггүй боловч шийдвэр гаргах төвшинд оролцсон, ерөнхийлөгчтэй ойр дотно харилцаагаа ашиглаж, дотоодын томоохон компаниудад шахалт үзүүлж, хандив нэрийн дор их хэмжээний мөнгө төвлөрүүлж, хувьдаа завшсан хэрэгт буруутгагдаж байгаа юм. Өмнөд Солонгосын хууль хяналтын байгууллагынхан Пак Гын Хэг мөн энэ хэрэгт холбогдуулан шалгаж буй. Харин ерөнхийлөгч Пак үүнийг үгүйсгэж, өөрийгөө гэм буруугүй гэж мэдэгдсээр байгаа юм. Харин тэрбээр Засгийн газрын төвшинд шийдвэр гаргахдаа дотны найз Чой Сун Шилийн санаа бодлыг тусгасан гэдгээ хүлээн зөвшөөрч, нэг бус удаа олон нийтээс уучлал хүсч байв.
Ерөнхийлөгчийн нэр холбогдсон энэ дуулианы улмаас Өмнөд Солонгост олон удаа эсэргүүцлийн жагсаал, цуглаан болж, Пак Гын Хэг уучлал гуйж, даруй огцрохыг шаардсаар байгаа билээ. Зул сарын баярын өдөр, шинэ жилийн баяраар ч олон мянган иргэн эсэргүүцлийн жагсаал зохион байгуулсан юм.
С.ЦЭЛМЭГ