Туркт онц байдлын дэглэмийг дахин сунгалаа

Хуучирсан мэдээ: 2017.01.04-нд нийтлэгдсэн

Туркт онц байдлын дэглэмийг дахин сунгалаа

Туркийн парламентын өчигдрийн /2017.01.03/ хуралдаанаар улсын хэмжээнд зарласан онц байдлын дэглэмийн хугацааг гурван сараар сунгах шийдвэр гаргажээ. Шинэ оны эхний өдөр Истанбулын шөнийн клубт 39 хүнийг буудаж хөнөөсөн халдлага гарсантай холбогдуулан нэгдүгээр сарын 18-нд дуусгавар болох байсан онц байдлын дэглэмийг дахин сунгажээ. Туркт цэргийн эргэлт хийх гэсэн оролдлого гарсаны дараа буюу 2016 оны долдугаар сарын 20-нд тус улсад онц байдал зарласан юм. Төрийн эрхийг булаах гэсэн оролдлогыг АНУ руу дүрвэн гарсан Фетхуллах Гюлен зохион байгуулсан гэж Туркийн эрх баригчид буруутгаж буй.

Онц байдлыг сунгасан шийдвэр нэгдүгээр сарын 19-нөөс эхлэн мөрдөгдөх бөгөөд энэ хугацаанд ерөнхийлөгч Эрдоган болон түүний Засгийн газар хуульд захирагдахгүй байх, зарим тохиолдолд хүний эрх, эрх чөлөөг хязгаарлах эрхтэй байх юм. Мөн төрийн албан хаагчийг ажлаас нь халах, түдгэлзүүлэх эрхтэйгээс гадна хууль, хяналтын байгууллагынхан терроризмтой ямар нэг сэжмээр холбогдсон сэжигтэн, төрийн эсрэг гэмт хэрэгтнүүдийг үндэслэлгүйгээр 30 хоног хүртэлх хугацаанд хорьж саатуулах бүрэн эрхтэй ажээ.

Туркийн ерөнхий сайд Бинали Йылдырым онц байдлын дэглэмийг сунгасны зэрэгцээ ирэх долоо хоногт парламентаар Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж эхэлнэ гэж мэдэгдсэн байна. Хуулийн төслийг нэгдүгээр сарын 9-нд Ерөнхий ассамблейд өргөн барих бөгөөд энэ сарын сүүлээр батлах бололтой. Хууль тогтоогчид Үндсэн хуульд өөрчлөлт оруулах саналыг дэмжсэн ч ард түмний дунд санал асуулга явуулна гэж Туркийн засгийн газар мэдэгдсэн байна.

Үндсэн хуульд өөрчлөлт оруулснаар ерөнхийлөгчийн эрх мэдэл нэмэгдэж, намаа удирдах эрхтэй болох ажээ.

С.ЦЭЛМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж