Сүүлийн үед та гадуур тэнэмэл, орон гэргүй хүүхдүүдтэй тааралдсан уу. Халуун намраар Шангрилагийн гадаа 4-5 хүүхэп гадаадын иргэдээс мөнгө гуйж байгаад хөөгдөж байхыг харсны дээр зуны урин цагт Мэдээлэл, технологийн паркийн гадаа цаасан хайрцаг дэлгэн унтаж буй хүүхдүүдийн талаар манай агентлаг сурвалжилсан билээ. Харин хүйтэн сэрүүний улиралд хүүхдүүд гадуур тэнэх нь багасч, асрамж халамжийн газар болон гэр орноо бараадсан байх гэж найдсан ч үгүй ажээ.
Шинэ оны өмнөхөн /2016.12.08-09-ний өдрүүдэд/ нийслэлийн хэмжээнд хараа хяналтгүй хүүхэд хэд хэчнээн байгааг тогтоох, тэднийг хүйтэн сэрүүний улиралд хөлдөх, осгох аюулаас сэргийлэх үүднээс нийслэлийн хэмжээнд үзлэг явуулсан байна. Есөн дүүргийн нутагт нэгэн зэрэг явуулсан үзлэгээр 74 хүүхэд гэр орноосоо дайжин, тэнэж амьдарч байгааг тогтоожээ. Үзлэгт 56 хүн 17 баг болон ажилласан бөгөөд томоохон супермаркет, хүнсний захууд, шөнийн цэнгээний газрууд, олон нийтийн талбай, компьютер тоглоомын газрууд, орц хонгил болон хараа хяналтгүй хүүхдүүд сэлгүүцэж болох бүхий л газруудыг самнажээ.
Нийслэлийн хэмжээнд тэнэмэл амьдрал сонгосон 74 хүүхэд байгаагийн 67 нь томчуудын хараа хяналтгүй байнга тэнэж явдаг бол эцэг эхдээ хаягдсан хоёр, гэрээсээ богино хугацаагаар зугтсан таван хүүхэд байжээ. Тэдний 62 нь эрэгтэй, 12 нь эмэгтэй хүүхэд ажээ. Тэнэж явсан 44 хүүхдийг эцэг эх, асран хамгаалагчид нь хүлээлгэн өгч, ярилцан, дахин хүүхдийн эрхийг зөрчихгүй байхыг сануулж, гурван талт гэрээ байгуулсан байх юм.
Харин жилээс дээш хугацаанд хараа хяналтгүй тэнэж явсан 18 хүүхдийг Хүүхэд залуучууд сургалт хүмүүжлийн тусгай цогцолбор /ХЗСХТЦ/-т удаан хугацааны нийгэмшүүлэх үйлчилгээ үзүүлэхээр хүлээлгэн өгсөн байна. “Донбоско” хүүхдийн асрамжийн төвд зургаа, Эрдэм хүүхдийн асрамжийн төвд нэг, Шинэ найдвар халамжийн төвд хоёр хүүхдийг тус тус хүлээлгэн өгч түр хамгаалуулсан гэдгийг ажлын хэсгийнхэн тайландаа дурджээ. Тэнэмэл амьдралыг сонгосон хүүхдүүд өлсөж даарахын эрхэнд гэмт хэрэгт холбогдох нь түгээмэл. Энэ удаад л гэхэд гурван хүүхэд хулгайн хэргээр Баянзүрх дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст давтан хулгайн хэргээр саатуулагдан байцаагдаж байжээ. Тэднийг давтан хулгай хийсэн гэж цагдаагийнхан сэжиглэж буй аж.
Тэнэмэл хүүхдүүдийн цөөнгүй /42 буюу 57,6 хувь/ нь нэгээс дээш жил, 13 нь 1-3 жил, харин 19 нь дөрөв болон түүнээс дээш жил тэнэж явсан байх юм. Тэдгээр хүүхдүүдийн 18,9 хувь нь хойд аав ээжтэй, 32,4 хувь нь хагас өнчин, 43,2 хувийнх нь аав ээж салсан, 5,4 хувь нь эмээ өвөөтэйгээ амьдардаг байсан байна. Хоёроос бусад нь сургуулийн насны хүүхдүүд бөгөөд 10 нь л сургуульдаа алдаг оног явдаг гэнэ.Сургууль завсардсан хүүхдүүдийн олонх нь ердөө л 1-2 жил суралцсан байх жишээтэй.
Гадуур тэнэж, гуйлга гуйж яваа тэдгээр хүүхдийн 37,8 хувь нь РС тоглоомонд гүнзгий орж, донтсон, 40,5 хувь нь байнга биш ч хааяа тоглодог нь гуйлгаар болон бусад аргаар хүүхдүүд багагүй мөнгө олдгийг харуулна. Хүүхдүүдийг харъяаллаар нь ялгавал, хүн ам олонтой Сонгинохайрхан, Баянзүрх дүүргийн хүүхдүүд хамгийн олон байжээ. Түүнчлэн хотын төвийн Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн харъяат хүүхдүүд ч цөөнгүй. Харин Хан-Уул дүүргээс тэнэмэл амьдралыг сонгосон хүүхэд гурав байжээ. Тэнэж явсан 74 хүүхдийн 35 буюу 47,2 хувь нь дүүргүүдийн хараа хяналтгүй хүүхдийн нэгдсэн бүртгэлд багтсан хүүхдүүд байжээ. Хүүхдүүд гадуур тэнэх, гэр орноосоо дайжих гол шалтгаан гэр орны ая тухгүй байдал гэдэг нь санал асуулгаас харагджээ. Тэнэж явсан хүүхдүүдээс ердөө ганц нь л орон сууцны хүүхэд бөгөөд өөрийн гэр, хашаатай нь 22, түрээсинй хашаанд амьдардаг таван хүүхэд байсан бол найм нь гэр оронгүй, хоёр нь айлд амьдардаг хүүхэд байжээ. Хүүхдүүдийн 18 нь асрамжийн газарт амьдарч байсан бөгөөд ердөө 15 нь л халамжийн үйлчилгээ шаардлагатай гэж хариулжээ. Олонх нь өөрсдийгөө бусдын тусламж, халамжгүйгээр амьдарч чадна гэж үзсэн байх юм.
Томчуудын зүгээс учруулдаг хамгийн таагүй харилцааг хүүхдүүд үл тоох, үл хайхрах, хүйтэн хөндий харилцаа гэж тодорхойлсон байна. Эндээс хүүхдийг үл тоох нь хүчирхийллийн нэг хэлбэр болох нь харагдаж байгаа юм. Хүүхдийн бяцхан оюунд хамгийн хүндээр тусдаг үл хайхрах хүчирхийллийн улмаас зургаан хүүхэд гэрээсээ дайжин тэнэмэл амьдралыг сонгожээ. Харин дөрвөн хүүхэд хойд эцэг эхийн дарамтаас, долоо нь бие махбодийн хүчирхийллийн улмаас, тав нь хоол хүнсний хомсдлоос, долоо нь өөрийн сонирхлоор, хоёр нь гэр бүлийн хүнд нөхцөлөөс болж тэнэж яваа гэж мэдүүлжээ. Тэдний долоо нь РС тоглохын тулд тэнэмэл амьдралыг сонгосон бол асрамжийн төвийн дарамтад орсон хүүхэд ч таарчээ.
Гэрээсээ дайжсан хүүхдүүдийг хамгаалах үүднээс явуулсан үзлэгт оролцсон Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын мэргэжилтнүүд дараах дүгнэлтийг гаргасан байна. Үүнд:
Хүүхдүүд олноороо хараа хяналтгүй байгаагийн шалтгаан нь эцэг эх, асран хамгаалагчид үүрэг хариуцлагаа хангалттай биелүүлж, үр хүүхдүүддээ анхаарал халамж тавихгүй байгаагийн дээр ядуурал, орон гэргүй байгаатай холбоотой байна.
Хүүхдүүд хооллох, бие засах, усанд орох, ахуйн цэвэрлэгээ хийх зэрэг амьдралын наад захын дадал зуршил, ахуйн хэрэглээний соёлд суралцаагүй байгаа нь ажиглагдлаа. Энэ нь тэдний ар гэрийн байдал эмх замбараагүй, хэрүүл маргаантай, архидан согтуурсан, хүчирхийлэлтэй, хоол ундгүй зэрэг хүнд байгаагаас болж хүүхдүүд байнгын гадуур хэсүүчлэн, тэнэмэл байдалтай амьдрахад хүрч байна.
Хүүхдүүдийн бусдаар хайрлуулах, эрүүл аюулгүй амьдрах, сурч боловсрох, хооллох, хувцаслах зэрэг суурь хэрэгцээг хангаж чадахгүй байна. Энэхүү хайхрамжгүй байдлыг хүүхдүүд жам ёсны зүйл хэмээн бодож эвлэрсэн байх бөгөөд худал ярих, хулгай хийх, бусдад дээрэлхүүлэх, бусдыг дээрэлхэх, бүдүүлэг үг яриа хэрэглэхийг энгийн зүйл мэт үзэж буй нь хүүхдүүдтэй ярилцах, ажиглалт хийж байхад харагдаж байна.
Нийгэмд буй сөрөг зан үйлийг дуурайх, тэнэх нь хүүхдүүдийн хувьд зуршил болж, архи, тамхи хэрэглэн, гэмт хэрэг хийж түүндээ гэмших, түүнийгээ засах тухай бодох ч үгүй байгаа нь ажиглагдлаа. Хараа хяналтгүй хүүхдүүд нийгмийн сөрөг зан үйлд суралцан, өөрийн амь нас болон бусдын амь насанд хохирол учруулах эрсдэлтэй нөхцөл үүсээд байна.
Хараа хяналтгүй тэнээд хоёроос дээш жил болсон хүүхэдтэй өөр арга барилаар ажиллах хэрэгтэй болсныг харуулж байна. Тэднийг тэнэмэл амьдрал сонгохоос урьдчилан сэргийлэх ажлыг нийгмийн сөрөг үзэгдлүүдтэй тэмцэх ажилтай хослуулан, салбар бүрийн оролцоотойгоор урт хугацаанд тогтвортой төлөвлөн хэрэгжүүлэх шаардлагатай байна гэж мэргэжилтнүүд үзжээ.
Нэгэнт тэнэж эхэлсэн эдгээр хүүхдүүдээс гадна хэзээ мөдгүй тэнэхэд бэлэн хүүхдүүд ч цөөнгүй. Өнөө маргаашаа өнгөрүүлж ядан буй амьдралаас залхахдаа, хүчирхийлэл дарамтаас зугтахдаа, хайр халамж, үнэн сэтгэлийн илэрхийлэл дутсанаас хүүхдүүд гэр орноосоо дайжиж байна. Тэнэмэл амьдрал ердийн явдал, хэвийн үзэгдэл биш гэдгийг хүүхдүүдэд яаж ойлгуулах вэ.