Ерөнхийлөгчийн сонгуулийн хуульд юу өөрчлөгдсөн бэ?

Хуучирсан мэдээ: 2017.01.05-нд нийтлэгдсэн

Ерөнхийлөгчийн сонгуулийн хуульд юу өөрчлөгдсөн бэ?

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төслийг өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 28-ны өдөр өргөн барьсан. 2015 онд сонгуулийн тухай хуулийг нэгтгэж, бүх сонгуулийг нэг хуулиар зохицуулахаар баталж байсан билээ. Гэвч УИХ-ын гишүүн Н.Энхболд тэргүүтэй гишүүд Ерөнхийлөгчийн сонгуулийг тусдаа хуулиар зохицуулах ёстой гэж үзэн 2015 онд батлагдсан олон намын төлөөлөл оролцсон сонгуулийн нэгдсэн хуулиар сонгууль зохион байгуулахад гарсан зохион байгуулалтын хууль хэрэглээний хүндрэл үүссэн учраас тусгайлсан хууль шаардлагатай гэж үзэн Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийг өргөн барьснаа тайлбарласан. Мөн Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн талаар Сонгуулийн ерөнхий хорооны дарга Ч.Содномцэрэн “Сонгуулийн нэгдсэн хуулиас Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийг салгаж, бие даасан хууль болгож байгаа. 2015 онд УИХ-аар Сонгуулийн нэгдсэн хуулийн хэлэлцүүлэг хийж байх үед “УИХ, Ерөнхийлөгч, орон нутгийн сонгуулийг нэгдсэн хуулиар зохицуулахыг дэмжих боломжгүй” гэдэг саналаа тухайн үеийн ажлын хэсэгт хүргүүлж байсан. Харамсалтай нь, бидний саналыг хүлээн авалгүй баталсан. Нэгдсэн хуулийг хэрэгжүүлэх явцад бэрхшээл гарсан. Учир нь Ерөнхийлөгч, УИХ, орон нутгийн гэсэн гурван сонгууль явж байгаа. Гэтэл нэгдсэн хуулиар сонгуулийг зохион байгуулснаар зарим заалтууд дээр будилах явдал өнгөрсөн сонгуулиар гарч байсан” гэсэн тайлбар өгсөн. Хууль санаачлагчдын зүгээс УИХ-ын зарим гишүүдийг хуулийг мушгиж, “шоу” хийж байна гэж шүүмжилсэн юм.

Энэ удаагийн хуульд Ерөнхийлөгчийн сонгуульд гадаадад ажиллаж, амьдарч байгаа иргэд санал өгөх эрхтэй болж байгаа юм. Хуульд гадаадад байгаа иргэдийг бүртгэх, нэрсийн жагсаалтыг тодорхой болгох, санал хураалтыг зохион байгуулах зэрэг зохицуулалт хийж өгсөн. Ингэхдээ 2015 онд батлагдсан хуульд заасан гадаадад ажиллаж, амьдарч байгаа иргэдийг сонгуульд оролцох заалтуудыг Ерөнхийлөгчийн сонгуульд хэвээр үлдээжээ.

2015 онд батлагдсан сонгуулийн нэгдсэн хуульд заасан Ерөнхийлөгчийн сонгуулийг зохион байгуулах, нэр дэвшигчийг бүртгэх журам, УИХ-д суудалтай намууд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэх эрхтэй зэрэг нийтлэг заалтуудыг шинээр өргөн барьсан хуульд тусгажээ. Шинээр өргөн барьсан хуульд 2015 онд батлагдсан хуулийн зарим ойлгомжгүй, ойлголтын зөрүүтэй заалтуудыг нарийвчлан тодорхойлжээ. Шинээр өргөн барьсан хууль 14 бүлэг, 103 зүйлтэй.

Тайлбар: Шинээр өргөн барьсан хуульд зарим УИХ-ын гишүүдийн маргаан үүсгээд байгаа шиг заалт ороогүй ч маргаан үүсгэсэн заалтуудыг харьцуулав.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж