Газрын тосны экспорт хаагдлаа

Хуучирсан мэдээ: 2017.01.05-нд нийтлэгдсэн

Газрын тосны экспорт хаагдлаа

  • Санжаасүрэнгийн Зориг агсны амийг хөнөөлгөсөн захиалагчийн хэргийг тусгаарлан шалгаж эхэлсэн хэмээн Улсын Ерөнхий прокурорын газраас мэдээллээ.

С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийг оны өмнөхөн шүүн хэлэлцэж нийслэлийн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс ялын дээд хэмжээ буюу 24-25 жилийн хорих ялыг Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа, Т.Чимэгээ нарт оноосон юм.


  • Хөгжлийн банкны удирдах албан тушаалтнууд албан тушаалаа урвуулан ашиглаж улсад хохирол учруулсан гэх хэрэг эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа. Энэ хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулах хамтарсан ажлын хэсгийг Улсын ерөнхий прокурорын газар байгуулсан байна.


  • “Приус-20” маркийн машины 46 ширхэг толь авч явсан этгээдийг өнгөрөгч мягмар гаригт /2016.01.03/ Баянгол дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийнхэн илрүүлэн шалгаж эхэлжээ. Сэжигтэн этгээдийг Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн орчимд хоёулаа явж байхад нь саатуулсан байна. Авч явсан хайрцгийг шалгахад машины олон толь гарсан байна. Одоогоор энэ хэргийг шалгаж байгаа аж.


  • УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өчигдрийн хурлаар /2017.01.04/ Жижиг, дунд үйлдвэрийн тухай хуулийн хэрэгжилттэй холбоотой асуудлаар мэдээлэл хийлээ.

Улсын хэмжээнд 53 мянга гаруй Жижиг, дунд үйлдвэрлэл/ЖДҮ/ эрхлэгчид байгаагийн 80 гаруй хувь нь 1-9 ажиллагсадтай байна. Мөн ихэнх ЖДҮ Улаанбаатар хотод төвлөрдөг. Жижиг, дунд үйлдвэрлэл/ЖДҮ/-ийг хөгжүүлэх зээлд 2009-2016 оны хооронд 745.5 тэрбумыг зарцуулжээ.


  • Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо буюу Амгалангийн дулааны станцын зүүн хойд хэсэгт амьдарч буй 50 гаруй айл Идэр есийн хүйтэнд орох орон, унах унаа, хашаа нь цөм усанд автжээ. Хашаан дотор зогсох хоёр машины дээвэр нь л харагдана.

Ийнхүү Улаанхуарангийн орчимд амьдардаг 50 гаруй айл усанд автаад 10 гаруй хонож буй нь энэ.


  • 1500 жилийн өмнө амьдарч байсан эмэгтэйн иж бүрэн олдвор сэргээн засварлах ажлыг Соёлын өвийн төвд 2016 оны дөрөвдүгээр сараас эхлэн хийж байгаа юм. Сэргээн засварлалтад Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамнаас найман сая төгрөгийг зарцуулсан байна. Одоогоор сэргээн засварлах ажил 80 хувьтай байгаа гэлээ.


  • “Петрочайна Дачин Тамсаг” компани олборлосон газрын тосоо гаргадаг Баянхошуу боомт энэ оны нэгдүгээр сарын 1-нээс хаагдсаныг Гадаад харилцааны яам /ГХЯ/-ны Хилийн хэлтсийн дарга Д.Ганболд мэдээллээ.

Дорнод аймгийн Халх гол сумын Баянхошуу боомт нь Монгол, БНХАУ хооронд 2004 онд байгуулсан хилийн хэлэлцээрийн хүрээнд улирлын чанартай ажилладаг байжээ. Харин газрын тосны экспорттой холбоотойгоор зөвхөн 2, 5, 8, 11 дүгээр сарт ажилладаг байснаа 2008 оноос хуваарийн бус цагаар ажилладаг болжээ. Улмаар хоёр жилийн өмнөөс Монгол Улс, урд хөрштэй харилцан нот бичиг байгуулж, тус боомтыг байнгын ажиллагаатай болгосон юм байна.


  • Өнгөрөгч шинэ жилийн баярын өдрүүдэд хүүхдийн өвчлөлийн дуудлага нэмэгдсэн байна. Тухайлбал, өмнөх жилээс 4.8 хувиар нэмэгдсэн хэмээн Түргэн тусламжийн 103 төвөөс мэдээллээ. Баярын өдрүүдэд нийтдээ 644 хүүхдийн дуудлага ирсэн нь өмнөх оноос 4.8 хувиар их байжээ. Мөн өвчилсөн хүүхдийн тоо ч нэмэгдсэн үзүүлэлт гарсан байна. 


  • Сайн дурын даатгалын хэмжээ нэгдүгээр сарын 1-нээс нэмэгдэж байгаатай холбогдуулан Сайн дурын даатгал төлөгчийн шинэчилсэн гэрээнд хамрагдахыг Нийслэлийн эрүүл мэнд, нийгмийн даатгалын газраас анхааруулж байна.

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 2017 оны нэгдүгээр 1-нээс 240 мянган төгрөг болсонтой холбогдуулан сайн дурын даатгал төлж байсан иргэд харьяа дүүргийнхээ Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэст гэрээгээ шинэчлэн байгуулах шаардлагатай болж байгаа юм. 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж