М.Анхцэцэгийн дүү эгчийгээ залгамжилжээ

Хуучирсан мэдээ: 2017.01.04-нд нийтлэгдсэн

М.Анхцэцэгийн дүү эгчийгээ залгамжилжээ

Спортын топ төрлийн нэг болох хүндийг өргөлтийн Улсын аварга шалгаруулах тэмцээн энэ өдрүүдэд болж байна. Энэ тэмцээнээр 2017 оны насанд хүрэгчдийн УАШТ-ий цуврал эхэлж байгаа юм. Спортын төв ордонд нэгдүгээр сарын 3-4-ний өдрүүдэд болж байгаа тус тэмцээнийг ОУХМ М.Анхцэцэг өнжсөн. Харин түүний дүү 12 настай М.Оюу-Эрдэнэ өрсөлдөж, IV байрт оржээ.

Эмэгтэйчүүдийн 69 кг-ын жинд өрсөлдсөн М.Оюу-Эрдэнэ огцомоор 41 кг, түлхэлтээр 51 кг-ыг өргөсөн. Анхны том тэмцээндээ орсон тэрбээр огцом өргөлтөөр хүрэл медаль хүртсэн тамирчинтай адил өргөсөн ч сугалаагаар түүний ард бичигдэн медалиас мултарчээ.

Анхны том тэмцээнд эгч нартайгаа өрсөлдсөн түүнээс сэтгэгдлийг нь сонслоо. Тэрбээр “Би хүндийн өргөлтийн спортоор хичээллээд нэг жил болж байна. Энэ тэмцээн бол миний хувьд хамгийн том тэмцээн. Анхны тэмцээнээс хүрэл медаль хүртэх боломж байсан ч шинэчлэгдсэн дүрмээр жингийн багаар биш сугалаа татдаг болсон учраас дөрөвдүгээр байрт орлоо. Гэхдээ ирэх дөрөвдүгээр сард болох өсвөрийн Улсын аваргын шалгаруулах тэмцээнд амжилттай оролцоно.” гэсэн юм.

Төрөлжсөн сургалттай Биеийн тамирын дунд сургуулийн 7-р ангийн сурагч тэрбээр анх удаа насанд хүрэгчдийн УАШТ-д медалийн төлөө өрсөлдөх амжилтыг үзүүлсэн. Түүний жинд хүрэл медаль хүртсэн тамирчин найман насаар эгч байжээ.

Азийн аварга, оюутан болон залуучуудын дэлхийн аварга, “Рио 2016” олимпийн наадмын шагналт VIII байрын эзэн М.Анхцэцэг энэ удаагийн УАШТ-ийг өнжсөн. Түүний хамгийн ойрын тэмцээн ирэх зургадугаар сард Японд болох залуучуудын ДАШТ юм байна. Энэ жил 20 настай М.Анхцэцэгийн хувьд залуучуудын ДАШТ-д оролцох сүүлийн жил аж.

Ч.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж