АН-ын 90 мянган гишүүн шинээр бүртгүүлжээ

Хуучирсан мэдээ: 2017.01.05-нд нийтлэгдсэн

АН-ын 90 мянган гишүүн шинээр бүртгүүлжээ

Ардчилсан намын шинэ дарга хэн бэ. Энэ сэдэв өнөөдрийн улс төрийн хүрээний сонирхлыг ид татаж байна. Ардчилсан намын шинэ даргаар хэнийг сонгохоос Ардчилсан намд задрах уу, нэгдэх үү гэдэг нь шийдэгдэнэ. Тиймээс хамгийн нэгдүгээрт, Ерөнхийлөгчийн сонгуульд, цаашлаад 2020 оны сонгуульд Ардчилсан нам ялъя гэвэл зөв хүнээ сонгох ёстой.

Тус намын дарга өрсөлдөж байгаа Д.Эрдэнэбат, С.Эрдэнэ, Л.Гантөмөр, Н.Алтанхуяг, Ж.Батзандан нар хамтдаа шинэ жилийн өмнө зүүн аймгуудаар явж мөрийн хөтөлбөрөө танилцуулсан бол өнгөрсөн өдрүүдэд Өмнөговь, Дундговь аймгуудад ажиллаад, маргаашнаас Өвөрхангайг зорих гэнэ.

Есөн жил завсарлаж, өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 6-нд VI Их хурлаа Соёлын төв өргөөнд хийж, хоёр өдөр хуралдсан Ардчилсан намынхан намын даргаа тодруулахаар дүрмэндээ өөрчлөлт оруулсан юм. Шинэ дүрмээр намын даргын сонгуульд саналын эрхтэй бүх гишүүд оролцоно. Өөрөөр хэлбэл, 1200 төгрөгөө төлсөн Ардчилсан намын гишүүн даргын сонгуульд санал өгөх эрхтэй болох юм.

Тиймээс тус намын гишүүдээ шинэчилэн бүртгэж байгаа бөгөөд нөгөөдөр буюу баасан гаригт дуусгавар болно.

Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаярын хэлснээр өнөөдрийн байдлаар 90 мянган гишүүн шинээр бүртгүүлснээс 60 мянга нь татвараа төлсөн тул даргын сонгууль оролцох эрх нь нээгдэж байгаа аж.

Баасан гариг гэхэд сонгуульд оролцохын тулд гишүүд татвараа төлөх нь идэвхжинэ гэж үзэж байгаа аж. Тус нам 180 мянган гишүүнтэй гэгддэг. Хэвлэлээр 18 мянган гишүүн шинээр бүртгүүлсэн гэсэн мэдээг АН-ынхан няцааж байна.   Ардчилсан намын гишүүд шинэчилсэн бүртгэлдээ идэвхтэй хамрагдаж, өнөөдрийн байдлаар 90 мянган хүн бүртгүүлээд байгааг Л.Эрхэмбаяр генсек тайлбарлаж буй. Тэрбээр төрийн намуудын шинэчлэлийн эхлэлд Ардчилсан нам тодорхой үүрэг гүйцэтгэнэ гэж найдаж байгаагаа ч дуулгалаа.

Сонгуулийн сурталчилгаа энэ сарын 28-наар хаагдаж, 29-нд Ардчилсан намын даргыг сонгох санал хураалт явагдах бөгөөд хоёрдугаар сарын 12-нд хуралдах долдугаар Их хурлаараа намын даргаа батламжлах аж. Хоёр жил тутамд Их хурлаа хийж намын даргадаа итгэл үзүүлэх үү үгүй юу гэдгийг хэлэлцэх аж. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн есөн жил шиг Их хурлаа хуралдуулахгүйгээр намын даргаа хийгээд явах боломж байхгүй гэдгийг дүрэм боловсруулсан ажлын хэсгийнхэн хэлж байна. Хэрэв Их хурлаасаа итгэл үзүүлнэ гэвэл намын дарга хэвээр үлдээхгүй, үлдээхгүй гэвэл шинэ даргаа сонгох гэнэ.

Ардчилсан намын даргын сонгуулийг зохион байгуулахаар аймаг сум, дүүрэг бүхэнд санал авах байр ажиллуулах юм байна. Ардчилсан намын гишүүд иргэний үнэмлэх, намын батлахтайгаа харъяа дүүргийнхээ санал хураах байранд очиж саналаа өгөх юм байна.

Ж.ЭРХЭС

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж