Ханиадны тархалт өндөр хэвээр байна

Хуучирсан мэдээ: 2017.01.04-нд нийтлэгдсэн

Ханиадны тархалт өндөр хэвээр байна

Томуу, томуу төст халдвараар өвчилж, эмнэлэгт хэвтэх хүүхдийн тоо он гарсаар буурч эхэлсэн тухай нийслэлийн Эрүүл мэндийн газраас мэдээллээ. Гэсэн ч Сонгинохайрхан, Баянзүрх, Сүхбаатар, Налайх, Багануур дүүрэгт ханиадны өвчлөл хамгийн их, эмнэлэгт хэвтэх хүүхдийн тоо буурахгүй байгаа ажээ. Ялангуяа Налайх, Багануур дүүргийн эмнэлгийн ачаалал хэтэрчээ. Сонгинохайрхан дүүрэгт 195, Баянзүрхэд 188, Сүхбаатарт 209, Налайхад 64, Багануурт 88 хүүхэд өнөөдрийн байдлаар эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна.

Томууны халдвар барьцгүй учир өвчлөл эргэж нэмэгдэж, ор хүрэлцээгүйн улмаас эмнэлгийн коридорт өвчтөнүүдийг хэвтүүлэх нөхцөл үүсч болзошгүй гэж нийслэлийн Эрүүл мэндийн газрын албаны дарга Б.Баатарсүх ярилаа. Өвчлөл нэмэгдэх ийм үед хувийн эмнэлгүүдийг дайчилж, ханиадтай хүүхдүүдийг хэвтүүлэх зохицуулалтыг хийнэ гэлээ.

Өнгөрсөн амралтын өдрүүдэд өрхийн эмнэлгүүд амралтгүй бэлэн байдалд ажиллаж, ханиад дөнгөж хүрч буй хүүхдэд богино хугацаанд өвчнийг нь эдгээх эм өгч, тариа хийж байсан. Энэ нь заавал эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх хүүхдийн тоог бууруулахад голлон нөлөөлсөн гэж нийслэлийн Эрүүл мэндийн газар үзэж байна. Засгийн газраас төрийн албанд ажилладаг тав хүртэлх насны хүүхэд нь өвдсөн эцэг эхэд цалинтай чөлөө олгохоор шийдсэн билээ. Тус шийдвэр нь цаашид эмнэлэгт ирэх хүүхдийн тоо буурч, томуу, томуу төст өвчний халдварын дэгдэлт намжихад эергээр нөлөөлнө гэж эмч нар харж байна.

Зураглаач Э.ЭНХБАТ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж