Эмэгтэйчүүдийн дунд байдаг эрүүл мэндийн асуудлаар “Ази Фарм” компанийн эмч Г.Батзаяагаас тодрууллаа.
-Сүүлийн үед эмэгтэйчүүдийн дунд ямар төрлийн өвчлөл зонхилон тохиолдох болсон бэ?
-Умайн хүзүүны хавдрын өвчлөл эмэгтэйчүүдийн дунд зонхилон тохиолддог. Мөн сүүлийн үед хөхний үрэвсэл ихэсч байна. Үүний шалтгаан нь эмийн замбараагүй хэрэглээ юм. Ялангуяа эмэгтэйчүүд жирэмснээс хамгаалах олон төрлийн эмийг эмчийн зааваргүйгээр хэрэглэдэг. Жишээ нь 72 цагийн эмийг эмчийн зааваргүйгээр, дур мэдэн уусан олон тохиолдол бий. Мөн хөхний үрэвслийн бас нэг шалтгаан нь үр хөндөлт нэмэгдсэнтэй холбоотой.
-Уг нь сүүлийн үед эмийн зохистой хэрэглээний талаар их ярих болсон. Өмнөх жилүүдтэй харьцуулахад эмийн замбараагүй хэрэглээ буурсан зүйл ажиглагдсан уу?
-Үгүй. Эмийн замбараагүй хэрэглээ жил ирэх тусам нэмэгдэж байна. Дээр хэлсэнчлэн эмийн замбараагүй хэрэглээ буурахгүй байгаагаас үүдээд хөхний үрэвсэл ч нэмэгдэж байна.
Эмэгтэй хүн гэдэг байгалиасаа нарийн бүтэцтэй, гормоны тэнцвэрт байдлыг нарийн хадгалж байх ёстой байдаг. Тиймээс ялангуяа жирэмснээс хамгаалах эмүүдийг заавал эмчийн заавар зөвлөгөөтэйгөөр л хэрэглэх хэрэгтэй. Гол нь шинжилгээ өгснийхөө дараа өөрт тохирсон эмээ эмчээс зөвлөгөө авч уух хэрэгтэй гэдгийг бүсгүйчүүддээ сануулъя.
-Сүүлийн үед жирэмснээс хамгаалах 72 цагийн эмийг бүсгүйчүүд хэрэглэдэг болсон байна. Энэ эмийг огт хэрэглэж болохгүй, эсвэл жилдээ нэг хэрэглэхэд зүгээр гэх мэтчилэн олон төрлийн яриа байдаг. Энэ тал дээр ямар зөвлөгөө өгөх вэ?
-Жилдээ нэг удаа хэрэглэхэд болно гэдэг зөвлөмж байдаг. Гэхдээ энэ эмэнд гаж нөлөө их бий. Энэ эм нь тухайн хүний гормоны тэнцвэртэй байдлыг алдагдуулдаг. Улмаар гормоны хямралд оруулдаг. Үүнээс үүдээд эмэгтэйчүүдийн өвчлөл эрс нэмэгддэг гэдгийг хэлэх хэрэгтэй. Энэ нь эм умайд нөлөөлж жирэмслэхийг зогсоодог учраас дараагийн удаа жирэмслэхэд үр хөврөл тогтохгүй, эсвэл амьгүй байх эрсдэлтэй. Үр тогтлоо ч гэсэн ихэс ховхрох аюултай байдаг. Мөн хөхний үрэвсэл үүсэх шалтгаан болдог гэдгийг бүсгүйчүүддээ сануулан хэлье.
-Бүсгүйчүүдийн дунд яригддаг бас нэг асуудал бол сарын тэмдэг өвдөлттэй ирэхэд өвчин намдаах эм уудаг. Энэ буруу юу, үүнээс үүдсэн ямар эрсдэл гарах вэ?
-Энэ бол гол тулгамдаж буй асуудал мөн. Сарын тэмдэг ирэхийн өмнөх хам шинж хүн бүрт янз бүрээр мэдрэгддэг. Өвдөлт өгөх, толгой өвдөх, дотор муухайрах, хоолны дуршил буурах зэрэг шинж тэмдэг илэрдэг. Гэтэл бүсгүйчүүд маань энэ тохиолдолд эмийн сангаас өвчин намдаах эм аваад шууд уучихдаг.
Сарын тэмдэг ирэх бүрт өвчин намдаах эм уугаад байвал тухайн хүний физиологийн ялгадас нь зогсоно. Мөн дааврын өөрчлөлтөд ордог. Улмаар дааврын алдагдлаас болоод өөр шинж тэмдгүүд ч илэрч болно. Цаашлаад өвчин намдаах эм ходоодонд муу, гаж нөлөө ихтэй байдаг. Хоёрдугаарт сарын тэмдгийг зогсоочихдог. Сарын тэмдэг зогссоноос болоод гормоны өөрчлөлт гардаг. Улмаар нүүрэн дээр юм гарах, толгой өвдөх, стрессдэхээс эхлээд олон шинж тэмдэг илэрдэг.
-Тэгэхээр сарын тэмдэг өвдөлт ихтэй ирэх тохиолдолд яах вэ?
-Сүүлийн үед хөгжсөн орнуудад энэ тохиолдолд даавар агуулаагүй, ургамлын гаралтай эмийг зөвлөдөг болсон байна. Энэ төрлийн эм хэрэглэх нь эргээд гаж нөлөө бага. Мөн дааврын тэнцвэрийг хадгалдаг. Тиймээс эмчийн заавраар энэ төрлийн эм хэрэглэж болно.
Б.ЗАЯА