С.Оюун: Одоо дуугарах цаг болсон

Хуучирсан мэдээ: 2010.04.20-нд нийтлэгдсэн

С.Оюун: Одоо дуугарах цаг болсон

Ардчиллын лидерүүдийн нэг, УИХ, Засгийн газрын гишүүн агсан С.Зоригийн хорвоод мэндэлсэн өдөр тохиолоо. Энэ өдөр түүний анд нөхөд даруухан хөшөөнийх нь дэргэд цугларч түүнийг дурссан юм. С.Зориг агсны төрсөн дүү, УИХ-ын эрхэм гишүүн С.Оюунтай энэ үеэр уулзаж товч ярилцав.

-Таны ах өнөөдөр 48 нас хүрэх байлаа. Хэдийгээр ах тань байхгүй ч төрсөн өдрийг нь тэмдэглэдэг байх. Энэ удаа яаж тэмдэглэж байна?

-Манай ах 1962 оны дөрөвдүгээр сарын 20-нд төрсөн юм. Өнөөдөр МУИС-д өөрийнх нь нэрэмжит кабинетийг нээлээ. Баяртай байна. Хорь хүрч байгаа оюутан залуучууд тэнд сурч байна. Ардчилсан хувьсгал эхэлж байхад дөнгөж төрж байсан хүүхдүүд болохоор тэр хувьсгалын талаар сайн ойлгож, мэддэг байх ёстой, мэдээлэл авдаг байх ёстой гэж би боддог. С.Зоригийн нэрэмжит кабинетэд тэр талын хурал зөвлөгөөн болдог, семинар зохион байгуулдаг байгаасай гэж хүсч байгаа. Зориг сан ч энэ талаар идэвхтэй ажиллах болно.

-Асуухгүй өнгөрч боломгүй нэг эмзэг сэдэв байдаг. Уучлаарай. Таны ахын амь насыг бүрэлгээд 11 жил хагас өнгөрчээ. Хэргийн илрүүлэлтийн талаар дуулгах шинэ мэдээ байна уу?

-Хариуцаж байгаа ажлын хэсэг, хууль хяналтын байгууллага, Хууль зүй, дотоод хэргийн сайдаас үүнийг лавлаж асуух ёстой. Бид ажлын хэсгээс асуудаг юм. Тэгэхэд ямар ч гэсэн энэ хэрэг дээр ажиллаж байгаа, ажил зогсоогүй, цаашдаа илрүүлэхийн төлөө байгаа гэдэг юм. С.Зориг ахын төрсөн өдрөөр хэлэхэд өөрийнх нь байгуулалцсан Ардчилсан намынхан, тэргүүлж байсан МОАХ-ныхонд зориуд хандаж хэлэхэд хэргийг илрүүлэхэд анхаарлаа хандуулаа ч ээ, дэмжих зүйл дээр нь дэмжээч, шахах зүйл дээр нь шахаач, шаардаач гэмээр байна. Сэтгүүлч та бүхэн ч гэсэн эрх бүхий хариуцсан хүмүүсээс нь асууж байгаач гэмээр байна.

-Танд хэргийн илрүүлэлтийн явцын талаар дуулгадаг биз дээ?

-Надад бол хэргийг мөрдөж байна гэхээс өөр нарийн мэдээлэл өгдөггүй. Энэ олон жил өнгөрөхөд ахиц гараагүйд би харамсдаг. Үнэхээрийн харамсалтай байлгүй яахав. Анхнаасаа л илрүүлэх улс төрийн хүсэл зориг байгаагүй юм болов уу даа. Одоо ч ийм хүсэл зориг нэмэгдэхээсээ илүү багасч байх шиг байна. Гэхдээ “Одоо нэмэргүй дээ” гэж хаялгүйгээр хэргийг илрүүлэхэд зориуд анхаарлаа хандуулаасай. Зөвхөн Зориг сан, гэр бүлийнхэн нь санаа тавина гэлтгүй хамтран зүтгэж байсан найз нөхдөд нь хандаж хэлэхэд одоо дуугарах цаг болсон, дэмжээч, шаардаач гэмээр байна.

-Та энэ талаар Монгол Улсын Ерөнхийлөгчид хандсан гэсэн. Үр дүнтэй болсон уу?

-Ерөнхийлөгч үүний дараа ажлын хэсгийг урьсан. Хоёр ч удаа уулзсан байна лээ. Ямар ч гэсэн яриа хөөрөө болсон байх.

-Олон улсын парламентын холбооныхон нэг хэсэг энэ хэрэгт нэлээд анхаарч байсан. Одоо яаж байгаа бол?

-Анхаарал хандуулсан хэвээрээ байгаа. Гадаадаас эксперт авах нь зүйтэй гээд, хоёр ч оронтой тодорхой хэмжээнд хамтын ажиллагаа явуулсан гэж ойлгож байгаа. Мөрдөн байцаалтын нууц гэдэг учраас сайн мэдэхгүй байна. Хэр нэмэртэй байсныг ажлын хэсгийнхэн л мэдэх байх. Анхаарсан хэвээрээ, цаашдаа ч гэсэн хэрэг илэртэл анхаарна гэдэг. Олон улсын парламентын холбооны Хүний эрхийн хорооноос жилдээ гурван удаа хуралдаанаараа ахын амь насыг хохироосон хэргийг хэлэлцдэг. Хамгийн сүүлд өнгөрсөн гуравдугаар сарын сүүлээр бас хэлэлцсэн байна лээ.

-УИХ-аас байгуулах ажлын хэсэг юу болж байна?

-Ажлын хэсэг байгуулсан. Өмнөх УИХ-д би өөрөө санал тавьж шаардаж байж байгуулсан. Энэ удаа ч бас байгуулаад байна. Ахлагч нь Э.Мөнх-Очир гишүүн. Ганц хоёр удаа хуралдсан гэдэг юм. Бас л олигтой үр дүнгүй байгаа юм шиг байна. Миний бодоход улс төрийн хүсэл зориг байхгүй хэвээрээ л байх шиг байна.

-Хэргийн талаар мэдэх хүнийг 500 сая төгрөгөөр шагнана гэж Засгийн газраас нэлээд дээхнэ амлаж байсан. Тэр яасан бол. Хүчинтэй хэвээрээ юү?

-Хэвээрээ байгаа гэж хууль хяналтынхан хэлдэг юм билээ.

-Хууль хяналтын байгууллагын ажлын хэсгийг өөрчилсөн гэдэг яриа байдаг. Үнэхээр түүний анхны бүрэлдэхүүнийг сэлгэсэн үү?

-Сүүлийн 10-аад жилд ажлын хэсэг хэд хэдэн удаа өөрчлөгдсөн. Бүр анхнаас нь явсан ганц хоёр хүн гэхдээ одоо хүртэл байдаг.

-Ямар ямар орноос эксперт авна гэдэг билээ?

-Анх Япон, ХБНГУ-тай хамтрах санал гараад бага хэмжээнд ч гэсэн ажилласан гэж ойлгодог. Цаашдаа ч ажил үргэлжлэх байх гэж боддог.

– Дахиж ирсэн үү, экспертүүд?

-Тэд яг надтай уулздаггүй юм. Хууль, хяналтынхаа хүрээнд л уулзаж ажилладаг.

-Танай гэр бүлийнхэн цаашдаа энэ хэргийг яая гэж ярьдаг вэ?

-Хувийн мөрдөгч энэ тэр авах боломж, мэргэжил байхгүй болохоор шахаж шаардахаас илүү яахаа мэдэхгүй л байна. Ямар сайндаа Ардчилсан намынхан, МоАХ-ныхон, ахын өөрийнх нь хамтран зүтгэж байсан нөхөд илүү дуугараасай, дэмжээсэй, шаардаасай л гэж хүсэх байна даа.

-Хорин жилийн дараа харахад ахын тань хүсч мөрөөдөж, тэмцэж байсан ардчилал биеллээ олсон гэж боддог уу?

-1990 онд тэр олон залуучууд нийгмийн тогтолцоог өөрчлөх зорилтыг толгойдоо багтаагаад, дараа нь зориг гаргаж түүнийхээ төлөө тууштай яваад хэрэгжүүлж чадсан нь үнэхээр бахархмаар зүйл.
Одоо 20 жилийн дараа харахад тухайн үед олон түмний хүсэн хүлээж байсан зүйлээс биелсэн нь ч байна. Биелээгүй нь ч байна. Иргэдийн амьдралыг сайжруулах хэрэгтэй байна. Ардчиллын хэм хэмжээ, хүний эрх, эрх чөлөөний талд багагүй амжилтад хүрсэн ч гэсэн иргэдийн бодит амьдралыг сайжруулах, ажлын байр, орлого нэмэгдүүлэх тал дээр анхаарахгүй бол ардчиллын үр дүнг тэр бүр хүн хүртэж чадахгүй байна шүү дээ.

Д.ОЮУНЦЭЦЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж