Бүжиглээд байгаарай, Мөнхшагай аа!

Хуучирсан мэдээ: 2016.12.28-нд нийтлэгдсэн

Бүжиглээд байгаарай, Мөнхшагай аа!

2016 оны “Оны онцлох хүүхэд”-ийг өчигдөр /2016.12.27/ шалгарууллаа. Улиран одож буй оны онцлох хүүхдийн “Бүтээлч, ажилч хичээнгүй байдал, мэргэжлийн чиг баримжаа” номинаци-д Дорнод аймгийн Хэрлэн сумын Хан-Уул цогцолбор сургуулийн 6В ангийн сурагч Хүрэлзүрхийн Мөнхшагай шалгарсан байна. Тэрээр БСШУЯ-аас гаргасан “Хүүхэд нэг бүрийн хөгжил” амжилтын номд бишгүүр хөгжмийн амжилтаа хэвлүүлсэн байна. Х.Мөнхшагай нь алаг мэлхий, шагай шүүрэх, морь уралдуулах, шагай няслах, ингэ ботго нийлүүлэх зэрэг тоглоомуудыг үе тэнгийнхэндээ заан сургах, ардын уламжлалт өв соёлоо түгээн дэлгэрүүлэх, үйлсэд хувь нэмрээ оруулж яваа сурагч юм.

Зургаас та Х.Мөнхшагай хүүг суга таягтай болохыг харж байна. Хүү хэдийгээр хөгжлийн бэрхшээлтэй ч үе тэнгийнхээ хүүхдүүдийг манлайлан сурлагын амжилт, гаргахын зэрэгцээ бүжиг, айзамт гимнастикаар хичээллэж, чамгүй амжилт үзүүлсэн байна.

Бид хүүгийн ээж Н.Алтанцэцэгтэй холбогдож, хүүгээ сайхан өсгөж хүмүүжүүлсэнд нь талархал илэрхийлсэн юм. Ээж Н.Алтанцэцэг:

-Аав ээж хоёр нь хүүгээрээ маш их бахархаж байна. Миний хүү чинь айлын гурав дахь хүү. Төрөхдөө л хөл муутай төрсөн болохоор ах дүү нараас нь илүү Шагайгаа л гэдэг юм. Хүү маань ч аав ээжийнхээ итгэлийг зүтгэлээр хариулж байгаа. Хүү маань хөгжлийн бэрхшээлтэй ч түүнийгээ даван туулах гэж их хиээдэг. Мөнхшагайгийн маань сурдаг Монгол Улсын гавьяат багш Д.Бүдтуяа захиралтай Хан-Уул цогцолбор сургуулийнхандаа баярлалаа гэдгээ дахин хэлье. Бага ангийн багш Ч.Нарантуяа, одоогийн ангийн багш З.Алтансувд болон ангийнх нь, сургуулийнх нь найзуудад талархал илэрхийлье. Тэдний сэтгэлийн дэмээр хүү минь бүтэн явдаг юм.

-Мөнхшагайг бүжгээр хичээллэдэг гэсэн байсан. Таягтай бүжиглэхэд бэрхшээлтэй биш үү?

-Мэдээж хэцүү, халтирч унахаас эхлээд зөндөө л бэрхшээл байсан. Гэлээ ч хүү маань казак бүжиг бүжиглэж, айзамт гимнастик хийдэг. Түүнийгээ орхих дургүй. Бүжиглэж л байх сонирхолтой учраас бид хорьдоггүй

-Хүү тань алаг мэлхий, шагай шүүрэх, морь уралдуулах, шагай няслах, ингэ ботго нийлүүлэх зэрэг тоглоомуудыг үе тэнгийнхэндээ сургадаг юм байна. Тэр эрдмийг хэнээс сурав?

-Сургууль дээрээ л багш, үеийнхнээсээ сурсан даа. Бид хоёрын хувьд хүүдээ хэрэгцээтэй зүйлсийг нь авч өгөхөөс хэтрэхгүй л байна.

-Та хоёр ямар ажил хийдэг вэ. Хүүгээ ийм сайхан хүмүүжүүлэхэд юү нөлөөлсөн бэ?

-Аав нь сургуульд слесарь хийдэг. Би хүүхдүүдээ хараад гэрт суудаг даа. Манайх зургаан хүүхэдтэй. Тэдэн дундаасаа Шагайгаадаа илүү анхаардаг нь үнэн. Бусдыг нь бүтэн бүлээн юм болох биз гээд орхиод байдаг талтай.

-Хүү нь ямар мэргэжилтэй болохыг хүсдэг вэ?

-Мэргэжил сонгоход арай л эрт байна. Гэхдээ өөрийнх нь л хүслийг дагана даа.

-Уучлаарай, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг найз нөхөд нь ойлгохгүй байх нь бий. Шагайд тийм бэрхшээл байсан уу?

-Ёстой үгүй. Анх сургуульд орохоос нь л сургуулийнхан нь түшиж тулсан. Захирал, менежерүүд болоод багш нар  нь их дэмждэг юм, миний хүүг. Тэдэндээ маш их баярлаж явдаг даа гэлээ.


Оны онцлох хүүхдээр шалгарсан Х.Мөнхшагай хүү Дорнод аймгийн Улсын тэргүүний лаборатори Хан-Уул цогцолбор сургуулийнхаа хашаанд ээж, аавтайгаа хамтраад мод суулгажээ. Түүнийгээ арчилж тордох гээд ч зундаа ч сургуулиараа байнга орж гарч явдаг гэнэ. Хөгжлийн бэрхшээлийг сэтгэлийн хатаар туулж буй Х.Мөнхшагай хүүд улам их амжилт хүсье. Бүжиглээд байгаарай, Мөнхшагай минь.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж