Монголын Хэвлэл мэдээллийн зөвлөл ээлжит шийдвэрээ гаргажээ

Хуучирсан мэдээ: 2016.12.27-нд нийтлэгдсэн

Монголын Хэвлэл мэдээллийн зөвлөл ээлжит шийдвэрээ гаргажээ

Монголын Хэвлэл мэдээллийн зөвлөлийн (МХМЗ) Радио, телевизийн Ёс зүйн хороо 2016 оны арванхоёрдугаар сарын 15-ны өдрийн хуралдаанаараа “Ийгл” телевизийн “Ийглийн мэдээ” болон Монголын үндэсний олон нийтийн телевизийн ММ агентлагын “Цагийн хүрд” нэвтрүүлэгтэй холбоотой хоёр гомдлыг хэлэлцэж, шийдвэрлэлээ.

“Ийгл” телевизийн “Ийглийн мэдээ” хөтөлбөрөөр гарсан Хэл яриа, харилцааны чадварыг хөгжүүлэх хүүхдэд зориулсан сургалтын талаар асуудал хөндсөн нэвтрүүлэгт ёс зүйн зөрчил гаргаж, нэр хүндийг нь гутаасан хэмээн иргэн Т.К. Хэвлэл мэдээллийн зөвлөлд гомдол гаргажээ.

 Уг нэвтрүүлэг нь нэгэн иргэний гомдолд үндэслэн хүүхдийн хэл ярианы чадварыг хөгжүүлэх нэгэн сургалтын төвийн тухай сурвалжилж, энэ чиглэлийн сургалтын байгууллага, мэргэжлийн багш нарын эрэлт хэрэгцээ, сургалтын арга техникийн талаар өгүүлжээ. Гомдол гаргасан иргэн тус нэвтрүүлэг нь “Эх сурвалжийн баталгаатай эсэхийг нягтлах, мэдээнд үзэл бодлоо оруулахгүй байх, мэдээллийг шударга бус аргаар авч болохгүй, зохисгүй хэлбэрээр дуулиантайгаар түгээхээс татгалзах, хэнийг ч ялгаварлан гадуурхахгүй байх, буруутгагдсан, шүүмжлэгдсэн этгээдэд тайлбар өгөх боломж олгох, мэдээллийг мушгин гуйвуулж, гүтгэн доромжилохгүй байх, мэргэжлийн давуу байдлаа урвуулан мэдээллийг хувийн зорилгод ашиглахгүй, мэдээлэх, эс мэдээлэхийн тулд аливаа хэлбэрийн авлига авахаас татгалзах гэсэн ёс зүйн зарчмуудыг зөрчсөн” гэж үзэн гомдол гаргасан юм.

Радио, телевизийн ёс зүйн хороо нь уг гомдлыг “Ийгл” телевизийн редакциас энэ нэвтрүүлгийн талаар ирүүлсэн хариу тайлбарын хамт авч үзэж, нягтлан хэлэлцээд уг нэвтрүүлгийг Хэвлэл мэдээллийн ёс зүйн зарчмыг “илт зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй” гэж дүгнэлээ. “Ийгл” телевизийн тус нэвтрүүлэг нь тодорхой эх сурвалжтай, олон нийтийн эрх ашгийн төлөө тодорхой сэдэв хөндөн эрх бүхий байгууллага болон мэргэжлийн багш нараас авсан албан ёсны эх сурвалж бүхий мэдээ, нотлох баримтад тулгуурласан, олон талын эх сурвалж ашигласан мэргэжлийн сэтгүүл зүйн хүрээнд хийгдсэн байна гэж үзэж, Хэвлэл мэдээллийн ёс зүйн зарчмын хил хязгаарыг хэтрүүлээгүй гэж дүгнэлээ. Түүнчлэн уг нэвтрүүлгээр буруутгагдсан хэл яриа заслын сургалтын төвийн багшаас тайлбар авахаар очиход тухайн багш татгалзсан нь “шүүмжлэгдсэн этгээдэд тайлбар өгөх боломж олгоогүй гэж гэж үзэх үндэслэл байхгүй” гэж хороо үзсэн. Тухайн сургалтын төвийн багшийн үг үйлдлийг баримтад тулгуурлан үзүүлснээс хувь хүнийх нь хувьд ялгаварлан гадуурхсан, сэтгүүлч өөрийн хувийн үзэл бодлоор хандсан байдал нэвтрүүлгээс харагдахгүй байгаа бөгөөд мэдээлийг мушгин гуйвуулсан, гүтгэн доромжилсон гэж үзэх үндэслэл байхгүй байна гэж дүгнэсэн байна.

Радио, телевизийн Ёс зүйн хорооны авч хэлэлцсэн дараачийн гомдол нь Монголын Үндэсний олон нийтийн телевизээр 2016 оны арваннэгдүгээр сарын 08-ны өдрийн оройн 20.00 цагаас нэвтрүүлсэн “Цагийн хүрд” мэдээллийн хөтөлбөрийн дундуур нэвтрүүлсэн “Шуурхай мэдээ”–ний талаар байлаа. Уг гомдолд иргэн Ц.О нь өөрийнх нь алдар хүнд, ажил хэргийн нэр төрийг гутаасан, хэт нэг талыг барьсан, тэнцвэргүй, мэдээллийн үзэн зөвийг шалгаж нягтлаагүй, баримт нотолгоогүй мэдээллийг орон даяар цацсанд гомдолтой байгаагаа илэрхийлсэн байна.

Харин ММ агентлагын редакциас Хэвлэл мэдээллийн зөвлөд ирүүлсэн хариу тайлбартаа “МҮОНРТ нь төсвийн дэмжлэгээс гадна олон нийтийн хураамжаас санхүүждэг байгууллага тул энэ байгууллагын санхүүгийн болон бодлогын алдаа, үзэгчдийг үл хүндэтгэсэн үйлдэл, баримт мэдээллийг олон нийт мэдэх эрхтэй. Энэ утгаар МҮОНРТ-ийн ажиллагсдын түр хорооноос гаргасан шаардлага, зарим санхүүгийн баримт мэдээллээр “Цагийн хүрд” хөтөлбөрт мэдээ бэлтгэн оруулах хүсэлтийн дагуу уг “шуурхай мэдээ”-г нэвтрүүлсэн бөгөөд энэ мэдээлэл нь МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлөөс байгуулсан Ажлын хэсэг болон УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооноос томилсон ажлын хэсгийн дүгнэлтүүдээр нотлогдож байгаа болно” гэжээ.

“Шуурхай мэдээ”-гээр Ажиллагсдын түр хорооны мэдэгдлийг шууд уншсанаас гадна уг мэдэгдлээр эх сурвалжаа хийсэн дүрсжүүлсэн мэдээлэл харуулах, зарим баримтаар баталгаажуулах, “за кадр” унших зэрэг хэлбэрийг ашиглан бэлтгэсэн байсан байна.

Радио, телевизийн ёс зүйн хороо нь уг гомдлыг редакциас энэ нэвтрүүлгийн талаар ирүүлсэн дээрхи хариу тайлбарын хамт авч үзэж, нягтлан хэлэлцээд дараах шийдвэрийг гаргасан байна.

Хэвлэл мэдээллийн ёс зүйн зарчмын 1.5 дахь заалтын “Нөлөөллийн болон мэдээллийн бүтээлийг ялгаж, мэдээнд үзэл бодол оруулахаас татгалзана” гэснийг, 1.6 дахь заалтын “Баталгаагүй мэдээлэл, таамаглал, ам дамжсан яриаг таамаг хэмээн тодорхой дурьдана” гэснийг, 1.8 дахь заалтын “Буруутгагдсан, шүүмжлэгдсэн этгээдэд тайлбар өгөх боломж олгоно” гэснийг, 4 дахь заалтын “Аливаа мэдээллийг зохисгүй хэлбэрээр дуулиантайгаар түгээхээс татгалзана” гэснийг, 4.2 дахь заалтын “Шүүх гэм буруутайг нь нотлоогүй бол хэнийг ч гэм буруутай гэж үзэхгүй” гэснийг, 5 дахь заалтын “Мэдээллийг мушгин гуйвуулах, бусдыг гүтгэх, доромжлох, мэргэжлийн давуу байдлаа урвуулан мэдээллийг хувийн зорилгод ашиглахгүй” гэснийг тус тус зөрчсөн байна гэж дүгнэлээ.

Энэ дүгнэлтийг үндэслэн Хэвлэл мэдээллийн зөвлөлийн Гомдол хүлээн авах, барагдуулах журмын 6.2.4 дахь заалтад зааснаар МҮОНТВ-ийн “Монголын Мэдээ” сувгийн нэрийг нь дурьдаж гаргасан зөрчлийн талаар олон нийтэд мэдээлэн, редакцид шийдвэрийг хүргүүлэх шийдвэрийг гаргасан байна.

Шийдвэр гаргахдаа “Цагийн хүрд” нь үндэсний хэмжээнд нэвтрүүлгээ түгээдэг, өргөн хүрээний үзэгчидтэй, олон нийтийн өмнө онцгой хариуцлага хүлээсэн олон нийтийн телевизийн мэдээллийн суваг гэдгийг харгалзан үзжээ.

Монголын Хэвлэл мэдээллийн зөвлөл 2016 онд нийт 39 хэвлэл мэдээллийн байгууллагад хаягласан 11 гомдлыг иргэд, байгууллагуудаас хүлээн авч хэлэлцсэнээс ёс зүйн зарчмыг зөрчөөгүй гэж үзсэн нэг, зөрчсөн гэж үзэн олон нийтэд тухайн хэвлэл мэдээллийн нэрийг нь дурьдаж зарласан нэг, нэрийг нь зарлахгүйгээр тухайн редацид нь сануулсан … шийдвэрийг гаргасан ба нэг гомдлыг үндэслэлгүй хэмээн үзсэн байна.

Эх сурвалж: Монголын Хэвлэл мэдээллийн зөвлөлийн Ажлын алба

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж