Тэртээх 1998 онд төр нийгмийн зүтгэлтэн, дэд бүтцийн сайд асан С.Зоригийн амь насыг бүрэлгэсэн хэргийн буруутанг тогтоож, шүүх таван өдрийн турш хаалттай хэлэлцэж, өчигдөр /2016.12.27/ шийдвэрээ гаргасан.
Шүүхээс уг хэрэгт холбогдуулан Орхон аймгийн харъяат малчин Б.Содномдаржаа, тогооч Т.Чимгээ, Ц.Амгаланбаатар нарыг хүн амины онц ноцтой гэмт хэрэгтэн мөн гэж үзэн 24-25 жилийн хорих ял оноосон юм. Т.Чимгээд 24 жилийн ялыг чанга дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн бол шүүгдэгч Б.Содномдаржаа, Ц.Амгаланбаатар нарт 25 жилийн хорих ял оноосон юм. Ингэхдээ тэд 23 жилийг нь гянданд, үлдсэн хоёр жилийг нь онцгой дэглэмтэй хорих ангид эдлэхээр заасан.
Шүүхийнэ энэхүү шийдвэрт талийгаач С.Зоригийн ар гэрийнхэн, хохирогчид сэтгэл дундуур байгаагаа илэрхийлж, дүү С.Оюун нь мэдэгдэл гаргажээ. Мэдэгдэлд "Хохирогч бид шүүхийн шийдвэр үндэслэлтэй гарсан гэдэг эргэлзэж байна. Хэргийг төрийн маш нууцын зэрэглэлд хамруулж шүүх ажиллагааг ч хаалттай явууллаа. Хэрэгт холбогдох гүйцэтгэх ажлын болон төрийн нууцын зэрэглэлд хамаарахаас бусад мэдээллийг Эрүүгийн ба Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн ердийн хэм хэмжээнд мөрдөх тухай хүсэлтийг хохирогч бидний зүгээс Нийслэлийн Хяналтын прокурорт хандан гаргаж мөн шүүх хуралдааныг ч нээлттэй явуулахыг хүссэн боловч прокурор, шүүхийн аль аль нь хүлээж аваагүй юм.
Шүүх хуралдаанд хохирогч бидний өмнөөс өмгөөлөгч оролцож байр суурийг маань хууль зүйн үндэслэлтэйгээр тайлбарласан. С.Зоригийн амь насыг бүрэлгэсэн гэмт хэргийн захиалагч, зохион байгуулагч, гүйцэтгэгч нарт холбогдох хэрэг энэ шүүх хуралдаанаар дуусгавар болоогүй, эцэслэн шийдэгдээгүй гэж үзэж байна.
Хохирогч С.Оюун” гэжээ.
М.СУРА