УИХ-ын гишүүн, Дэд бүтцийн сайд асан С.Зоригийг хөнөөсөн хэргийг шүүх өчигдөр эцэслэн шийдвэрлэж, сэжигтнээр татагдсан Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржааг, Т.Чимэгээ нарт ялын дээд хэмжээ оноолоо. Шүүх тэднийг онц хэрцгий харгис аргаар, бусдын захиалгаар, бусадтай бүлэглэн үгсэн тохиролцож, хүний аминд хүрсэн гэж буруутгажээ.
Ардчилсан намын даргын сонгуульд Н.Алтанхуяг, Л.Гантөмөр, Д.Эрдэнэбат, Ж.Батзандан, С.Эрдэнэ нар өрсөлдөж байгаа. Тэдний хэн намын дарга болох нь ирэх оны нэгдүгээр сарын 29-нд саналын эрхтэй бүх гишүүдийн саналаар шийдэгдэнэ. Тиймээс Ардчилсан нам гишүүдээ шинэчлэн бүртгэж байгаа бөгөөд бүртгэл ирэх сарын 7-ноор дуусгавар болно. Өөрөөр хэлбэл, Ардчилсан намын шинэчлэлд оролцож, шинэ даргын сонгох боломжийг тус нам дэмжигчдэдээ олгож байна.
Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өчигдөр ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яаманд очин эмгэнэлийн дэвтэрт гарын үсэг зурлаа. Мөн тус улсын Засгийн газрын дарга Дмитрий Анатольевич Медведевт 2016 оны 12 дугаар сарын 26-нд эмгэнэлийн захидал илгээжээ.
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэн өчигдөр мэдээлэл хийж, Халх гол үндэсний бүтээн байгуулалтын бүсийн захирагч Ж.Энхжаргалын шийдвэрээр 24 аж ахуй нэгжид 317 мянга 675 га талбайг хуваарилж, гэрчилгээ олгосон нь холбогдох заалтыг зөрчсөн гэж мэдээллээ. Улмаар газар олгосон зөвшөөрлийг хүчингүй болгож байгаа гэлээ.
Нэмэгдсэн өртгийн албан татварын /НӨАТ/ системээс азтан болсон иргэдэд өчигдөр /2016.12.27/ батламж гардууллаа. Энэ үеэр Татварын ерөнхий газрын Татварын орлогын газрын дарга Д.Цогтжаргал иргэдийн буцаан олголтыг хуулийн дагуу гуравдугаар сарын 31-ний дотор олгоно гэж мэдээллээ. Өнөөдрийн байдлаар НӨАТ-аас нийтдээ 163 мянган иргэн азтан болсон байна.
Монгол орны нийт нутгийн 70 орчим хувьд цасан бүрхүүл тогтож, 15 аймгийн 110 сум, нийслэлийн 1 дүүрэгт өвөлжилт хүндрэх төлөвтэй болсон тул Засгийн газраас өвөлжилт хүндэрч буй орон нутгаас тавьсан хүсэлт, тэнд тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор нөөц сангаас нийт 500 сая төгрөг хүртэлх хөрөнгө гаргаж, хуваарилахыг Сангийн сайд Б.Чойжилсүрэнд даалгасан байна.
Энэ оны мал тооллогын урьдчилсан дүнг өчигдөр /2016.12.27/ Үндэсний статистикийн хорооноос танилцууллаа. Мал тооллогын урьдчилсан дүнгээр 2016 оны жилийн эцэст манай улсын мал сүргийн нийт дүн 61 сая 542 мянган толгойд хүрчээ. Энэ нь өнгөрсөн оныхоос 9.9 хувь буюу 5 сая 562.3 мянгаар өссөн байна.
Өнгөрсөн долдугаар сарын 10-ны өдөр 19 настай, ганц хүүгээ автомашины ослоор алдсан эмэгтэй олон нийтэд ханджээ. Тэрбээр хүүгийнх нь амиа алдсан хэргийн талаар хуулийн байгууллага хууль бус шийдвэр гаргасан учраас хэвлэлийнхэнд хандаж буй нь энэ аж. Тэрбээр “Надад хэлэхгүйгээр хэргийг прокурорт шилжүүлсэн байсан. Уучлалт ч гуйгаагүй байхад хэргийг хэрэгсэхгүй болгосон гэсэн дүгнэлтүүд нь гарчихсан байгаад гомдолтой байна” гэлээ.
Улаанбаатар хотын цагдаагийн газрынхан 21 удаагийн үйлдэлтэй дээрмийн бүлгийг саатуулсан байна. 18-25 насны таван залуу байжээ. Тэд Баянзүрх, Сүхбаатар дүүргийн нутагт шөнөөр ганц нэгээрээ явж буй иргэдийг боож унаган бүлэглэн зодож, хүч хэрэглэн дээрэмддэг байсныг илрүүлсэн байна. Тэднийг Баянзүрх дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж эхэлжээ.
Хүн төрөлхтний оюуны гайхамшигт өв Ганжуур, Данжуур их хөлгөн судрыг Хууль сахиулахын их сургуулийн Номын сангийн “Эрдэм” уншлагын танхимд залжээ. Энэхүү их хөлгөн судар нь 108 боть юм. Дорнын их нэвтэрхий толь, их хөлгөн судар Ганжуур, Данжуурыг орчин цагийн крилл бичигт буулгах ажлыг “Цогт цагийн хүрдэн соёлын төв” амжилттай хэрэгжүүлж буй аж.
Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо буюу Амгалангийн дулааны станцын зүүн хойд хэсэгт /2016.12.24/ хөрсний гүний ус ундарчээ. Үүний улмаас тэр орчмын 35 айл өрхийн 22 хашаа усанд автсан байна. Баянзүрх дүүргийн онцгой байдлын газрынхан тус хорооны иргэдтэй хамтран мөсийг хагалж, цэвэрлэх арга хэмжээ авч, 24 цагийн цагдаагийн эргүүл гарч ажиллаж байгаа аж.