“News” агентлаг Д.Сумъяаг “Оны хүн”-ээр нэрлэлээ

Хуучирсан мэдээ: 2016.12.28-нд нийтлэгдсэн

“News” агентлаг Д.Сумъяаг “Оны хүн”-ээр нэрлэлээ

Жил жилийн энэ өдрүүдэд мэргэжлийн сэтгүүл зүйн байгууллагууд тухайн оныхоо онцлох үйл явдлыг нэрлэж, онцлох хүнийг тодруулдаг.

Монгол Улсын Гавьяат тамирчин, олимпийн наадмаас медаль хүртсэн Монголын анхны жүдоч бүсгүй Доржсүрэнгийн Сумъяаг “News” агентлаг “ОНЫ ХҮН”-ээр өргөмжилж байна.

Д.Сумъяа Монголын эмэгтэй тамирчдаас олимпийн медальтан болсон дөрөв дэх тохиолдлын эзэн. Түүний өмнө “Барселон-1992“ олимпиос Гавьяат тамирчин Д.Мөнхбаяр /буудлага/ хүрэл, “Бээжин-2008” олимпиос О.Гүндэгмаа /буудлага/ мөнгө, “Лондон-2012” олимпийн наадмаас С.Батцэцэг хүрэл медаль хүртэж байсан. Монгол Улс түүхэндээ өвөл, зуны 26 олимпийн наадамд оролцохдоо зуны наадмаас 26 медаль хүртсэний 25 дахь нь “Рио-2016” олимпийн баатар болсон түүний медаль.

Дөрвөн жилийн өмнөх Лондонгийн олимпод цагаан хуудсаар оролцож байсан охин Риод ирэхдээ 57 кг-ын жингийн дэлхийн чансааг тэргүүлдэг болсон байв. Олимпийн чансааны нэгд бичигдэж, тэр жингийн бөхчүүдийг тэргүүлж барилдана гэдэг нэг үгээр бол медалийн найдлага тавих хэмжээний шууд үнэлэмж. Тэр Монголын багийн найдлага байсан төдийгүй дэлхий нийтийн дэвшүүлсэн медальтнуудын таамагт зүй ёсоор бичигдэж байсан юм.

2016.08.09. “Carioca arena” цогцолбор. Олимпийн наадмын жүдо бөхийн тэмцээн…

Эхний тойрогтоо хийлж, дараагийн өрсөлдөгч Голланд, Португалийн шилдэг жүдочдыг ялсан Д.Сумъяа мөнгөн медалийн төлөөх барилдаанд Лондонгийн олимпийн аварга, дэлхийн хошой аварга, Японы алдарт бөх, “чоно” хочит Каори Мацүмог 22 секундэд цэвэр ялсан нь олимпийн тэр өдрийн дуулиант ялалтын нэг байлаа. Жүдогийн эх орон япончууд уйлах ч багадсан байх. Түүний дараагийн өрсөлдөгч эзэн орон Бразилийн алдарт жүдоч Рафаэла Силва.

Аваргын төлөөх барилдаан. Гол өрсөлдөгчөө хэдхэн хоромд ялсан Д.Сумъяа дэвжээн дээр Силва болон түүний ард түмэнтэй барилдахаар гарлаа. Уур амьсгал хэзээний Силва ялсан мэт… Заал дүүрэн түүнийг дэмжигчид. Гэхдээ Д.Сумъяа ер бусын тайван. Ямар ч үед сандардаггүй өөрийн үндсэн онцлогоо хадгалсаар байв. Бие биенийхээ барилдааныг сайн мэдэх хоёр бөх барьц булаалдсаар. Өмнө нь Д.Сумъяатай тав барилдахдаа дөрөвт нь ялагдсан бразили бүсгүй барьц өгвөл ялах боломжгүй гэдгээ мэдэж байлаа. Хоёр минутын дараа барилдаанд маргаан үүсэв. Үзэгчид Силваг манай бөхийг унагаахдаа тахимдсан гэж харсан ч шүүгчид түүнийг босоо барилдаанаас хөл авах, хүрэх хориотой хөдөлгөөн хийгээгүй хэмээн үзсэн. Шүүгчид маргаантай мэхний дараа Силвад базари өгсөн нь ялалтын үнэлгээ болж таарсан юм.

Д.Сумъяа олимпийн мөнгөн медальтан болсон, түүнийг “Оны хүн”-ээр нэрлэх гол шалгуур болсон олимпийн өдрийг дурсахад ийм байна.

Д.Сумъяа “News” агентлагийн тодруулдаг “Оны хүн”-ээр нэрлэгдэж буй хоёр дахь бүсгүй юм. Анхдагч нь мөн л спортын салбарын хүн, шатрын Их мастер Б.Мөнгөнтуул байсан. Спортын гайхамшигтай хэдий ч хүнд бэрх замыг сонгох нь эмэгтэй хүнд амаргүй ачаа. Түүнийг дэлхийн хэмжээний нэр төр, алдар хүнд болгох нь тэвчээр, хөдөлмөр, төрөлхийн авьяас байх нь гарцаагүй.

Олимпийн мөнгөн медальт, Дэлхийн аваргын хүрэл медальт Доржсүрэнгийн Сумъяаг амжилтаа ахиулан гялалзах маш сайхан ирээдүй хүлээж байгаа гэдэгт Монголын ард түмэн итгэж байгаа. Тэр итгэл, мөрөөдөл, түүнд өгч буй урам бүхэн биеллээ олох болтугай.

Доржсүрэнгийн СУМЪЯА

  • 1991 онд төрсөн.
  • Увсын Баруунтуруун сумын харьяат.
  •  Ам бүл найм. Аав, ээж, таван дүүгийн хамт амьдардаг.
  • 15 настайдаа жүдо бөхөөр анх хичээллэж, 2006 онд “Монгол охид”-ын тамирчин болсон.
  • “Хилчин” спорт хорооны тамирчин, хошууч цолтой.
  • ААШТ-ий хошой хүрэл медальт (2012, 2013 он).
  • ААШТ-ий алтан медальт (2016 он).
  • 2015 оны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт.
  • Рио-2016 олимпийн мөнгөн медальт.

 “NEWS” АГЕНТЛАГИЙН “ОНЫ ХҮН”-ЭЭР НЭРЛЭГДЭЖ БАЙСАН ЭРХМҮҮД:

  • 2004 он: Долгорсүрэнгийн ДАГВАДОРЖ
  • 2005 он: Цахиагийн ЭЛБЭГДОРЖ
  • 2006 он: Миеэгомбын ЭНХБОЛД
  • 2007 он: Мөнхбатын ДАВААЖАРГАЛ
  • 2008 он: Эрдэнийн БАТ-ҮҮЛ
  • 2009 он: Цахиагийн ЭЛБЭГДОРЖ
  • 2010 он: Сүхбаатарын БАТБОЛД
  • 2011 он: Доржсүрэнгийн БОЛД
  • 2012 он: Эрдэнийн БАТ-ҮҮЛ
  • 2013 он: Ренчиннямын АМАРЖАРГАЛ
  • 2014 он: Батхуягийн МӨНГӨНТУУЛ
  • 2015 он: Зандаахүүгийн ЭНХБОЛД
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж