Нийслэлийн Засаг даргын тамгын газраас шинэ онд зориулсан “Улаанбаатарын мөнгөн үдэш” цэнгүүний талаар мэдээлэл хийлээ.
Жил бүрийн 12 дугаар сарын 31-ний үдэш нийслэлчүүд төв талбайдаа цуглаж, шинэ оноо хамтдаа угтдаг билээ. Энэ жил уламжлал ёсоор “Улаанбаатарын мөнгөн шөнө” цэнгүүнийг 12 дугаар сарын 31-ний оройн 18:00-01:00 цагийн хооронд зохион байгуулахаар болжээ.
Цэнгүүний тайз заслын ажил өнөөдрөөс эхэлсэн байна. Ажлын хэсгээс явуулсан судалгааны дүнд үндэслэн нийслэлийн залууст зориулсан тоглолт найруулж буйгаа “Улаанбаатар” чуулгын дарга Р.Мөнхсайхан хэллээ. Энэ жилийн шинэ жилийн цэнгүүн өмнөх жилүүдээс илүү сонирхолтой, онцлогтой болохоос гадна тоглолтод оролцох уран бүтээлчид, арын ажилчид бүгд сэтгэлээрээ нэгдэн ажиллаж буй гэнэ.
ТАЛБАЙН ХОЁР ТАЛЫН ЗАМЫГ ХААНА
Замын цагдаагийн албанаас талбайн баруун, зүүн хоёр талын замыг хааж, хөдөлгөөний зохицуулалтыг хийх аж. Гэхдээ ойр орчмын буюу Хангарьд ордон, Тусгаар тогтнолын ордон, Улаанбаатар зочид буудал, ДБЭТ, Драмын театр, Спортын төв ордон зэрэг зогсоолуудад иргэд өөрсдийн тээврийн хэрэгслээ үнэгүй байршуулж болно гэдгийг албаныхан тайлбарлав. Гэхдээ жолооч нар машинаа зогсоолуудад зөв байршуулж, цэнгүүндээ биенээ хүндэтгэж оролцохыг цагдаа нар зөвлөлөө. Харин нийтийн тээврийн тухайд 658 том автобус иргэдэд үйлчлэх юм байна.
Мөн шинэ оны анхны нарыг харж, ажил үйлсээ даатгахыг хүссэн иргэд Хийморийн овоо, Сонгинохайрхан овоо, Чингэлтэй хайрхан, Баянзүрх хайрхан, Багахангай дүүргийн нутгийг зорьдог билээ. Энэ үед замын цагдаа нар батлагдсан төлөвлөгөө, хуваарийн дагуу хөдөлгөөний зохицуулалт хийх аж.
500 ЦАГДАА ХАМГААЛАЛТАД ГАРНА
Харин нийслэлийн Онцгой байдлын газрын 74 алба хаагч галын аюулгүй байдлыг ханган ажиллах бол 500 цагдаа хамгаалалтад гарна.
Цэнгүүний үеэр Сүхбаатарын талбайд 20 асар байрлуулж, 50 гаруй аж ахуйн нэгж худалдаа үйлчилгээ үзүүлнэ гэлээ. Гар дээрээс худалдаа хийхийг хориглож, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын явуулын лаборатори төв талбайд ажиллахаар болжээ.
Д.УУДАМ