Эрх баригч намын хагарал

Хуучирсан мэдээ: 2016.12.28-нд нийтлэгдсэн

Эрх баригч намын хагарал

БНСУ-ын Ерөнхийлөгч Пак Кын Хе насаараа нөхөрлөсөн найзаасаа болж албан тушаалаа алдаж, муу нэр зүүхэд хүрсэн билээ. Ерөнхийлөгчийн найз Чой Сун Шил гэгч олон сая ам.долларын авлигын хэргээр прокурорт байцаагдаж байна. Өмнөд Солонгосын парламент өнгөрсөн арванхоёрдугаар сарын 9-нд ерөнхийлөгч Пак Кын Хед итгэл үзүүлэх эсэх санал хураалт явуулж огцруулах шийдвэр гаргасан билээ. Одоо Пак Кын Хегийн суудалдаа тэсч үлдэх ганц найдвар нь Өмнөд Солонгосын Үндсэн хуулийн шүүх аж. Үндсэн хуулийн шүүхээс парламентын шийдвэрийг авч хэлэлцэх хүртэл Пак Кын Хе албан тушаалаасаа түр түтгэлзсэн байгаа юм.

Сэнури намын зарим гишүүд намаасаа гарч шинэ нам байгуулахаа зарлав

Пак Кын Хег огцруулах шийдвэр гаргаснаас хойш Өмнөд Солонгосын эрх барих Сэнури намын дотор хагарал улам нэмэгджээ. Эрх барих намаас Пак Кын Хег эсэргүүцсэн 29 консерватив гишүүн гарсан байна. Тэд  шинэ нам байгуулж, Хөх ордны суудлын төлөө дараагийн хүнийг сойх бэлтгэлээ базааж эхэлжээ. Консервантууд НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мунд найдлага тавьж, ерөнхийлөгчийн суудалд нэр дэвшүүлэхээр зэхэж байгаа аж. Түүнчлэн Бан Ги Мун ч Өмнөд Солонгосын ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх санаагаа далд хэлбэрээр удаа дараа илэрхийлсэн юм.

НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мун

Сэнури нам 2012 оны сонгуулийн өмнө Аугаа Үндэсний нам гэж байсан нэрээ өөрчилсөн байна. Тус нам сонгуульд 300 суудалтай парламентанд 152 суудал авснаар олонх болсон юм. Гэвч ерөнхийлөгч Пак Кын Хег тойрсон дуулиан дэгдсэний дараа намын нэр хүнд унаж, дэмжигчдийн тоо эрс буурчээ. Энэ нь нам доторх хагарлыг улам нэмэгдүүлсэн байна. Германд оршин суудаг Чой Сун Шил гэгч эмэгтэй ерөнхийлөгч Пак Кын Хетэй найз нөхдийн холбоогоо ашиглан Самсунг тэргүүтэй тэргүүлэгч корпорациудаас олон сая ам.долларын авлига авч, төрийн хэрэгт оролцдог гэх хэрэг Өмнөд Солонгост төдийгүй олон улсад дуулиан тарьсан юм. Улмаар Өмнөд Солонгосын ард иргэд өнгөрсөн аравдугаар сараа хойш Пак Кын Хег огцрохыг шаардан удаа дараа жагсаал зохион байгуулах болжээ. Хамгийн олон буюу сая гаруй хүн оролцсон жагсаал энэ арванхоёрдугаар сарын дундуур болсон аж.

Ерөнхийлөгч Пак Кын Хе

Пак Кын Хе Өмнөд Солонгосын Үндсэн хуулинд өөрчлөлт оруулж, ерөнхийлөгчийн улиран сонгогдох эрхийг нээх санал гаргасны дараа дэлхий нийтийн анхаарлыг татаж байгаа энэ дуулиан эхэлсэн. Тэр тусмаа Хөх ордны тэргүүний суудлын төлөөх сонгуулийн сунгаа хэдийнэ эхэлсэн үетэй давхцсан нь хардлага төрүүлж байна. Ерөнхийлөгч Пак Кын Хе ирэх 2017 оны арванхоёрдугаар сард болох сонгуульд нэр дэвших магадлалтай хэмээн яригдаж байсан юм. Тэрбээр 1987 онд батлагдсан Өмнөд Солонгосын Үндсэн хуулийн зарим заалт үеэ өнгөрөөсөн гэдгийг дурьдаж, ерөнхийлөгчийг улиран сонгогдох эрхийг олгох хэрэгтэй хэмээн өнгөрсөн аравдугаар сарын сүүлээр мэдэгджээ.

Чой Сун Шил прокурорт байцаагдаж байна

Өмнөд Солонгост хэн төрийн эрхийг барьж буйгаас шалтгаалан бодлого өөрчлөгддөг. Хэдийгээр сөрөг хүчний зүгээс Үндсэн хуулинд өөрчлөлт оруулахыг нээлттэй эсэргүүцээгүй боловч Пак Кын Хег улиран сонгогдохын эсрэг байсан нь мэдээж. Учир нь Өмнөд Солонгосын иргэдийн дунд явуулсан санал асуулгад оролцогчдын 70 хувь нь Үндсэн хуулинд өөрчлөлт оруулахыг дэмжсэн байв. Өмнөд Солонгосын Үндсэн хуулинд өөрчлөлт оруулах санал Үндэсний ассамблейн гишүүдийн 2/3-ын дэмжлэгийг авснаар ард түмний дунд албан ёсоор санал асуулга явуулах ёстой болно. Үндэсний ассамблейд Пак Кын Хегийн эрх барих Сенури нам 300 суудлаас 122-ыг нь эзэлдэг. Өмнөд Солонгосын эрх барих Сенури нам ирэх сонгуульд Пак Кын Хег дахин сойхоор шийдсэн нь өөр олонд танигдсан чансаатай нэр дэвшигч байхгүйтэй холбоотой хэмээн ажиглагчид дүгнэжээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж