Инфинити брэндийн түүх

Хуучирсан мэдээ: 2011.07.26-нд нийтлэгдсэн

Инфинити брэндийн түүх


Хэтийн төлвийг тодорхойлох ажлын хэсэг

Инфинитигийн түүх 1985 онд Ниссаны чухал нууцын түлхүүр болсон “Хэтийн төлвийг тодорхойлох ажлын хэсэг”-ийг байгуулсан үеэс эхлэлтэй. Уг ажлын хэсгийн гол зорилт нь шинэ төрлийн тансаг зэрэглэлийн авто хөлгийг бүтээх явдал байв.

“Хэтийн төлвийг тодорхойлох ажлын хэсэг” цаашдын зорилгоо маш өргөн хүрээнд төлөвлөж, энгийн автомашины загвар бус автомашиныг худалдан авах болон ашиглах үеийн цогц үйлчилгээг багтаасан тансаг зэрэглэлийн автохөлгийг бүтээх ажлаа эхлүүлжээ.

АНУ-ын зах зээлд дотоодын болон Европын орнуудын тансаг брэндийн автомашинууд аль хэдийн нэвтэрч, байр сууриа бэхжүүлээд байсан тэр үед Ниссаны ажлын хэсгийн оролдлого зөвхөн хичээл зүтгэл шаардаад зогсолгүй басхүү аз сорьсон хэрэг байсан юм.

Ажлын эхлэл

Ажлын хэсэг эхлээд маш нарийн судалгаа явуулахын тулд салбартаа тэргүүлэх хэд хэдэн үйлчилгээний корпорациудыг сонгожээ. Автомотивын салбараас ангид Federal Express буухиа шуудангийн компани, Four Seasons зочид буудал, Nordstrom их дэлгүүр зэрэг үйлчлүүлэгчийг дээд зэргээр эрхэмлэдэг компаниуд худалдан авах, үйлчилгээ үзүүлэх Инфинитигийн хэтийн зарчимд нөлөөлж эхлэх болсон.

Тансаг зэрэглэлийн зочид буудлуудын өнгө төрх, үзэмж Инфинитигийн анхны үзүүлэнгийн танхимын дизайныг бүрдүүлж, цаашлаад компанийн нэрийн хуудасны дизайн, сав баглаа боодол гэх мэт олон зүйлд үлгэр өгсөн юм.
 
Хожим нь Инфинитигийн эзэмшигчийн иж бүрэн туршлага хэмээн нэрлэгдэх болсон үйлчлүүлэгчийг цөмөө болгосон философи нь үйлчилгээний бодлоготой уялдаж, зээлээр худалдаж авсан автомашинд үнэгүй үйлчилгээ үзүүлэхийг санал болгох гэх зэрэг үйлчлүүлэгчээ хүндэтгэсэн арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэх болжээ.

Инфинитигийн үүсэл

1987 оны долдугаар сард Инфинити хэмээх нэр мэндлэв. Дөрвөн ширхэг “i” үсэг болон голын хоёр зураас нь хэвтээ тэнхлэгт эцэс төгсгөлгүй үргэлжлэхийг билэгдэж, энэ утгаараа тансаг зэрэглэлийн брэндийн хүсэл тэмүүлэл нь хэзээ ч дуусахгүй үргэлжилсээр байх болно гэдгийг илэрхийлдэг аж.

Анхны нээлт

Инфинитигийн борлуулалтаа 1989 оны арваннэгдүгээр сарын 8-ний өдөр албан ёсоор эхлүүлж, АНУ-д анх удаа үзүүлэнгийн танхим бүхий эхний 51 худалдааны төлөөлөгчийн газрыг нээжээ.

Инфинити АНУ-д хоёр загварын автохөлгийг борлуулж эхэлсэн. Эдгээрт Q45 тансаг зэрэглэлийн дөрвөн хаалгатай суудлын автомашин, M30 тансаг зэрэглэлийн хоёр хаалгатай суудлын автомашин зэрэг орсон байна.

Дээрх хоёр загварын хурдан хөлөг нь хэрэглэгчдийн сэтгэлд бүрэн нийцэж, Инфинитиг үйлдвэрлэлийн салбарт тэргүүлэх эгнээнд шилжүүлж, олон тооны шагнал урамшил түүн дотроо “J.D. Power and Associates”-ийн нэрэмжит үйлчилгээний индексийг хамгийн сайн хангасан брэндийн шагналыг гурван удаа хүртэж, борлуулалт, үйлчилгээгээрээ гурван шилдэг брэндийн нэгээр шалгарчээ.

Ололт амжилтын эхлэл

Тэдгээр он жилүүдэд Инфинитигийн загварууд ар араасаа үйлдвэрлэгдэн гарч, худалдааны төлөөлөгчийн газрууд аажмаар олширч байлаа.
Тухайн үеийн хамгийн шилдэгт тооцогдож байсан Q45 загварын интерьер, экстерьерийн дизайнд Инфинити онцгой үзүүлэлт, инженерчлэлийн шийдлийг оруулалгүй үйлдвэрлэж байв.

Хэдий M30 загварын үйлдвэрлэл зогссон ч, удалгүй G20 загварын дөрвөн хаалгатай иж бүрэн спорт загварын суудлын автохөлгийн зэрэгцээ J30 тансаг зэрэглэлийн дөрвөн хаалгатай суудлын автомашин, I30/I35 загварын дөрвөн хаалгатай суудлын автомашины загварууд, QX4 тансаг зэрэглэлийн спорт хүлгийн үйлдвэрлэл ид хүчээ авчээ. Инфинитигийн борлуулалт үйлдвэрлэлийн эхний 10 жилийн байдлаар жил тутам тасралтгүй 75,000 ширхэг авто загвар борлогдсон байжээ.

Инфинитигийн хөгжил цэцэглэлт

Шинэ эринд шилжсэн үе Инфинитигийн хувьд санаанд оромгүй ололт амжилтыг дагуулав. Хэтийн төлвийг урьдчилан харж чадсан Карлос Госн тэргүүтэй компани автомашины арын хэсэг болон бусад бүх хэсгүүдийн дөрвөлжин ирмэгүүдийг багасгаж  цоо шинэ төрлийн автозагварыг бүтээх ажилд шаргуу анхаарч эхэлсэн.

Удалгүй Инфинити G35 загварын хоёр хаалгатай суудлын автомашиныг 2002 оны гуравдугаар сард танилцуулж, дараа нь арваннэгдүгээр сард G35 загварыг улмаар 2003 оны нэгдүгээр сард хувьслын бодит үр дүн болох Infiniti FX загварыг тус тус худалдаанд гарчээ. Ийнхүү автомашины дизайн, үзүүлэлтээр Инфинитигийн загварууд Европод манлайлж, Европын тэргүүлэх үйлдвэрлэгчдийн эгнээнд жагсах болсон байна.

Худалдан авагчдын эрэлт эрс нэмэгдэв. Инфинитигийн борлуулалт 2003 онд анх удаа 119,000-д хүрч, 2002 оны борлуулалтаас даруй 35 хувиар өсчээ.  

АНУ-ын зах зээлд хамгийн хурдацтай хүчээ авсан тансаг зэрэглэлийн брэнд 2004 онд нэг сая дахь автозагвараа борлуулжээ.

Шинэ Загварууд, Шинэ санаачлагууд

Инфинити I35, QX4, Q45 зэрэг авто загваруудын борлуулалт 2003-аас 2006 онд аажмаар буурч эхэлсэн ч, тус компани 2004 оны нэгдүгээр сард QX56 тансаг зэрэглэлийн спорт  хүлгийг мөн 2005 оны нэгдүгээр сард M загварын тансаг зэрэглэлийн суудлын хүлгийг тус тус авто ертөнцөд танилцуулжээ.

2007 оны арванхоёрдугаар сард Инфинитигийн гэр бүлд нэгэн шинэ гишүүн нэмэгдсэн нь Инфинити EX байлаа. EX загвар нь хүн бүрийн хорхой хүргэм дизайн, уран тансаг хийцтэйн зэрэгцээ ойр орчмоо хянах дэлгэц, шарвалтаас хамгаалах систем, зурагдахаас хамгаалсан давхар будаг гэх зэрэг өндөр технологийн дагуу бүтээгджээ.  

Хоёр дахь үеийн FX загварыг 2008 онд Женевийн авто экспо дээр танилцуулсан бөгөөд уг загварт 390 морины хүчтэй, 5,0 литрийн V8
хөдөлгүүрийг суурилуулсан нь Инфинитигийн хувьд анхны хамгийн хүчирхэг хөдөлгүүрт хөлөг байсан юм. Уг брэндийн хамгийн сүүлийн санаачлага нь 2009 оны дунд үед металаар хийгдсэн дээвэр нь нээгддэг G37 суудлын дөрөв болон хоёр хаалгатай автомашинуудыг үйлдвэрлэж эхэлсэн явдал юм.  

Олон улсын тавцанд

Инфинити брэнд 1996 онд Ойрх Дорнодод, 1997 онд Тайванийн авто зах зээлд нэвтэрсэн.

2005 оны дөрөвдүгээр сараас эхлэн Инфинити олон улсын зах зээлд нэвтрэх төлөвлөгөөгөө эрчимжүүлэн хэрэгжүүлж эхэлсэн. Улмаар Өмнөд Солонгос улсад 2005 онд, ОХУ-д 2006 онд, Украйн, Хятад улсуудад 2007 онд тус тус нэвтэрсэн байна. Харин Баруун Европын зах зээл Инфинитигийн хувьд хамгийн сүүлд үлдсэн цоо шинэ орон зай байсан бөгөөд 2008 оны сүүлээр уг зах зээлд хөл тавьжээ.

Өнөөдрийн байдлаар Инфинити дэлхийн 15 оронд 230 гаруй худалдааны төлөөлөгчийн газрыг нээгээд байна. 

Аялал үргэлжилсээр

Инфинитигийн анхдагч хэтийн төлвийг тодорхойлсон зорилт нь өнөөдрийн алдарт брэндийг бий болгосон. Инфинити бүгдийн хувьд шилдэг брэнд болохыг зорилгүй, зах зээлийн тодорхой хэсэгт чиглэж ажилладаг.

Карлос Госнын хэлснээс иш татвал “Инфинити бусдын хийдэг бүрийг хийхийг урьтал болгодоггүй. Бид тансаг гэж нэрлэгддэг уламжлал болсон хуучинсаг арга замыг давтан дууриадаггүй. Мөн бүх л хүмүүст байдаг тэр бүхнийг бий болгохын төлөө хичээлгүй, зарим нэг хүмүүст хэрэгтэй бүхнийг хийж бүтээх болно” гэжээ.

Дээрхээс үзвэл Инфинити брэнд “Тансаг байдал” хэмээх үзэлд автсан хүссэнээсээ илүүд тэмүүлдэг тэдгээр сонирхлын бүлэгт зориулсан автохүлгүүдийг үйлдвэрлэдэг гэсэн үг юм.

Ноён Госн “Инфинити тансаг зэрэглэлийн авто зах зээлд дутагдаж байгаа бүхнийг нөхөж өгсөн өөрсдийн загваруудыг бүтээхдээ эхлээд бүхий л эрсдлийг нарийн тооцож үздэг. Үүний дараа цоо шинэ худалдан авагчдын сэтгэлийг долгилуулж, зүрхийг эзэмдэх автохөлгүүдээ санал болгодог. Инфинитигийн автомашинууд тансаг, сэтгэл татам заримдаа эрч хүч, түрэмгий байдлыг илтгэх дизайн хийцтэйгээрээ бусдаас ялгарч, яг л байх ёстой байрандаа явж байгаа тийм л онцлогтой” гэжээ.  

Инфинитигийн мөрөөдөл

Инфинитигийн зарим мөрөөдөл ойрын хугацааных байдаг бол зарим нь алс хэтийнх байдаг. Гэхдээ маш цөөхөн нь амьдралд хэрэгжих болно.

Инфинитигийн мөрөөдөл амьдарсаар, амьсгалсаар байна. Хамгийн өндөр үзүүлэлтэй тансаг зэрэглэлийн үйлчлүүлэгчийн сэтгэл ханамжийг хангах нугарч хугаршгүй үүрэг даалгавар нь Инфинитигийн мөрөөдлийг амьдруулах цорын ганц хүчин зүйл мөн. Хэрэглэгч таны сэтгэлийг хөдөлгөөд өнгөрөх бус хөдөлгөсөөр байх автохөлгийг бүтээх нь Инфинитигийн чин үүрэг билээ.

Б.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж