Энэтхэг улс өчигдөр /2016.12.26/ алсын тусгалтай Agni-V баллистик пуужин хөөргөж, туршжээ. Дотооддоо үйлдвэрлэсэн, 5000 км-ийн тусгалтай энэ пуужин нь Энэтхэгийн хамгийн хүчирхэг зэвсэг бөгөөд цөмийн цэнэгт хошуу тээвэрлэх боломжтой гэнэ. Пуужинг Бенгалын буланд орших Одиша мужийн нэгэн арлаас хөөргөжээ. Пуужин хаана туссан талаар Энэтхэгийн Батлан хамгаалах яам мэдээлээгүй байна.
“Алсын тусгалтай баллистик пуужин туршсан явдал нь манай улсын стратегийн болон тогтоон барих хүчин чадлыг нэмэгдүүлсэн хэрэг боллоо” гэж Энэтхэгийн ерөнхийлөгч Пранаб Мухержи твиттертээ бичжээ.
Энэтхэг улс 2012 оноос хойш ийнхүү дөрөв дэх удаагаа Agni-V баллистик пуужинг туршаад байна. Хамгийн анх 2012 онд, дараа нь 2013, удаахь туршилт нь 2015 онд болжээ. Agni-V нь 17,5 метр өндөр, 50 тонн жинтэй, хоёр метрийн хөндлөн голчтой, гурван шатлалт, хатуу түлштэй юм. Agni гэдэг нь хинди, санскрит хэлээр “гал” гэсэн утгатай аж.
С.ЦЭЛМЭГ