Александровын нэрэмжит дуу, бүжгийн чуулгын 65 жүжигчин онгоцны ослоор амь үрэгджээ.
Сочи орчим Хар далайд агаарын хөлөг арванхоёрдугаар сарын 25-нд сүйрэх үеэр Оросын армийн А.В.Александровын нэрэмжит дуу, бүжгийн чуулгын 65 жүжигчин амь үрэгдлээ. Гурван гоцлол дуучнаас бусад найрал дуучдын хамтлаг, уран сайхны удирдагч генерал Халиловын хамт амь үрэгджээ. Олон нийтийн зүтгэлтнүүд, сэтгүүлчид, яамны төлөөлөгчдийн хамт Сири дэх Оросын цэргийн Хмеймим баазад тоглолт хийхээр жүжигчид ниссэн юм. Зөвлөлт ба Оросын гол билэгдлийн нэг болсон энэ ер бусын хамт олны түүхээс танилцуулья.
Дуу, бүжгийн чуулга анхны тоглолтоо Москва дахь Улаан армийн Төв ордонд хийсэн 1928 оны аравдугаар сарын 12-ны өдрийг энэ чуулгын төрсөн өдрөөр тооцдог. Тэр үед энэ хамт олон Улаан армийн М.В.Фрунзийн нэрэмжит төв ордны улаан армийн дуу, бүжгийн чуулга нэртэй байжээ. Түүнийг Аврагч Христийн сүмийн хамбын үүрэг гүйцэтгэгч асан Москвагийн консерваторийн профессор Александр Васильевич Александров үүсгэн байгуулсан байна.
1938 он. Энэ үед ЗХУ-ын Улаан армийн дуу бүжгийн Улаан тугт ансамбль гэсэн нэртэй болсон байлаа. Бараг 300 орчим хүн хамт олныг нь бүрдүүлж байв. Зургийн төвд ЗХУ-ын Ардын жүжигчин Александр Александров. Зүүнээс баруун тийш: эхний эгнээнд: И. Кузнецов, Я. Павлинский, А.В. Александров, В. Лягин, Ю. Лаут. Хоёрдугаар эгнээнд: В. Никитин, В. Панков, А. Шилов.
Александр Александров 1943 онд Зөвлөлтийн сүлд дууны хөгжмийг бичсэн нь хожим ОХУ-ын сүлд дууны ая болжээ. Зураг дээр ансамбль сүлд дууг анхлан дуулахын өмнө сургуулилт хийж байгаа нь.
Александр Александров 1946 онд нас барсны дараа, дуу бүжгийн чуулгыг түүний хүү Борис Александров удирджээ. Тэр хамт олонтой үр бүтээлтэй ажилласан гээд 1950 оны Сталины нэгдүгээр зэргийн одонгоор шагнагджээ. Тэр дуу, бүжгийн чуулгыг 1987 он хүртэл удирдсан юм.
1949 онд Зөвлөлтийн армийн Хоёр удаагийн улаан тугийн ба Улаан од одонт А.В.Александровын нэрэмжит дуу, бүжгийн чуулга гэж нэрлэгдэх болжээ. Зурагт "По плашке» гэдэг орос ардын бүжиг бүжиглэж байгаа нь, 1961 он.
Александровын нэрэмжит дуу, бүжгийн чуулгад найрал дуу, бүжигчид, хөгжимчид багтдаг. Чуулгын бүжиг нь үргэлж сүрлэг, гоё сайхан байлаа. Зураг дээр: "Запорожчууд» бүжиг.
Борис Александровыг (зүүнээс хоёрт) удирдлагаас 1987 онд явсны дараа чуулгад найман удирдагч солигджээ. Сүүлчийн уран сайхны удирдагч Валерий Халилов өнгөрсөн тавдугаар сард ажлаа аваад арванхоёрдугаар сарын 25-ны онгоцны осолд амиа алджээ.
Александров чуулгынхан Ватиканд Ромын хамба II Иоанн Павелд зориулсан тоглолтоо 2004 онд хийжээ.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР