”Амьд эргэн ирнэ гэдэгтээ бид хэзээ ч итгэлтэй байдаггүй”

Хуучирсан мэдээ: 2016.12.27-нд нийтлэгдсэн

”Амьд эргэн ирнэ гэдэгтээ бид хэзээ ч итгэлтэй байдаггүй”

Сочийн ойролцоо Ту-154 онгоц осолдох үеэр Елизавета Глинка – Доктор Лиза амь үрэгдлээ.

Елизавета Глинка

Елизавета Глинка (Доктор Лиза)

Елизавета Петровна Глинка бол Орост доктор Лиза нэрээр алдаршсан хүн билээ. Арванхоёрдугаар сарын эхээр ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин буяны болон хүний эрхийн төлөөх үнэтэй хувь нэмэр оруулсныг нь үнэлэн Доктор Лизаг төрийн шагналаар шагнаж байлаа.

"Хүний хамгийн гол эрх бол амьд явах эрх. Энэ адармаатай цаг үед тэр эрхийг хяхан хавчиж байна. Донбасст алагдаж, шархадсан хүүхдүүд, Сирид амиа алдсан, өвчтэй хүүхдүүдийг харахад надад маш хэцүү байдаг. Хүмүүс бие биенээ сонсохоо больсон. Үүнд бид өөрсдөө буруутай, “Та байх газраа байгаагүй болохоор үхэхдээ бэлэн бай” гэж хэлдэг харгис, хатуу нийгэмд бид амьдарч байна. Хүний эрхийн төлөө тэмцэгчид бид улс төрөөс ангид, хамгаалж буй хүмүүс шигээ жирийн л хүн. Бид бүх хүмүүстэй яриа хэлцэл хийж, хамтран ажиллахад бэлэн энхийн төлөө зогсогчид” хэмээн Глинка шагнал авахдаа хэлж байлаа.

Тэрээр ёслолын тайзнаа, ойрын үед Донбасст хүмүүнлэгийн аян хийж, дараа нь Сирид очно гэдгээ хэлсэн юм. “Бид амьд мэнд эргэн ирнэ гэдэгтээ хэзээ ч итгэдэггүй. Учир нь дайн бол газар дэлхийн там. Юу хэлж байгаагаа би мэднэ. Гэхдээ бид энэрэнгүй сайхан сэтгэл, нигүүлсэнгүй зүтгэл нь ямар ч зэвсгээс хүчтэй гэдэгт итгэдэг хүмүүс” гэсэн үгээр тэр үгээ дуусгаж байжээ. Ердөө л хэдхэн хоногийн өмнө тэр ийн хэлж байж. Гэвч тэр амьд мэнд эргэн ирсэнгүй.

Елизавета Глинка 1962 оны хоёрдугаар сарын 20-нд Москва хотноо төржээ. Пироговын нэрэмжит Анагаахын хоёрдугаар дээд сургуулийг 1986 онд "сэхээн амьдруулагч-анестезиологч» мэргэжлээр төгсөөд тэр жилдээ өөрийн нөхөр орос гаралтай Америкийн өмгөөлөгч Глеб Глинкын хамт Америкт цагаачилжээ. Нөхөр нь алдартай хөгжмийн зохиолч Михаил Глинкийн овгийн хүн гэнэ.

Елизавета Глинка Америкт хүмүүнлэгийн эмнэлэгт ажиллаж эхэлсэн бөгөөд найдваргүй өвчтөнүүдэд ханддаг хүмүүсийн харьцаа нь түүнийг бишрүүлсэн аж. Глинка 1991 онд АНУ-д Дартмутын анагаахын сургуулийг (Dartmouth Medical School) “паллиатив анагаах” буюу асрамжийн эмчийн мэргэжлээр дүүргэжээ. Нөхөр нь Киевт гэрээгээр ажиллаж байсан учир Киевын хорт хавдрын төвд анхны асрамжийн үйл ажиллагааг зохион байгуулжээ. Гэр бүл нь Америкт буцан очсон ч Елизавета Глинка Киевын хүмүүнлэгийн эмнэлэгт тусалсаар байв.

Елизаветагийн эх нь хүндээр өвчилсөн 2007 онд тэрээр Москвад амьдарч эхэлсэн бөгөөд “Шударга тусламж” сангаа байгуулжээ. Гэр оронгүй, ядуу, хорт хавдартай хүмүүст туслахыг тэр бүхнээс түрүүнд зорьж байлаа. 2010 оны наймдугаар сард Оросын олон районыг хамарсан ой хээрийн түймэрт өртсөн хүмүүст туслах ажлыг зохион байгуулсан нь тус санд төдийгүй Елизавета Глинкад алдар нэр авчирчээ. Тэрбээр мөн 2012 онд Крымскт үерт хэлмэгдэгсдэд тусламж зохион байгуулав. Түүний сангийн үйл ажиллагаа улам өргөжиж, Украины зүүн хэсэгт дайн эхэлсэн цагаас “Шударга тусламж” сан Донецк, Луганскийн хүн амыг дэмжлээ. Доктор Лиза Донбассын хүн амд хүмүүнлэгийн тусламж цуглуулж, дайнд нэрвэгдсэн районуудаас өвчтэй хүүхдүүдийг Орост эмчилгээнд авчирч байлаа. Хүнд өвчтэй хүүхдүүдийг эмчилгээнд авчирсаных нь төлөө Украины өнөөгийн эрх баригчид түүнийг “Донбассаас хүүхэд хулгайлагч” гэсэн хочоор шагнасан юм. Елизавета Глинка 2015 оноос эхлэн Сирид нэг биш удаа очин энгийн иргэдэд нь эмнэлэгийн тусламж үзүүлэн эм тариа хүргэж байлаа.

Донецк хотын эмнэлэгт хүнд өвчтэй хүүхдийг Орост эмчилгээнд илгээхийн өмнө. Фото: Игорь Маслов / РИА Новости

Доктор Лизагийн сүүлчийн пост олныг гайхшруулсан юм. Тэрээр өөрийн үхлээ мэдэрч, зөгнөсөн мэт. Елизавета Глинка өөрийн нүүр номондоо сүүлчийн постоо энэ сарын 21-нд бичиж үлдээжээ. Ингэхдээ Москвагийн анхны хосписийг үндэслэгч Вера Миллионщиковагийн нас барсны зургаан жилийн ойд зориулан бичсэн байлаа. “Дайн дуусч бид бүгд бие биендээ дэмий, хорлонт үг бичих, муу муухайг хийхээ болино гэдэгт би итгэж, хүлээж байна. Мөн хосписууд улам нэмэгдэнэ. Шархадсан, өлсгөлөн хүүхдүүд гэж байхгүй болно. Уулзатлаа баяртай, Вера !” гэж Доктор Лиза бичсэн байлаа.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж