“Цалин мөнгөн тэнгэртээ
Цасан угалз наадуулсан
Цагаан торгон өмсгөлдөө
Цацаг чимгээ сагсуулсан” хэмээн Б.Зангад гуайн дуулж, амьдруулсан “Сүлд модны дуу”-г сонсоогүй хүн ховор байх. Шинэ жилийн баярын энэ л аялгуу, шүлэг бидний зүрх сэтгэлд эгшиглэсээр 54 жилийг ардаа үджээ. Ингээд “Сүлд модны дуу”-г одоо ч эгшиглүүлж буй Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин Б.Зангадтай ярилцснаа хүргэж байна.
-Шинэ жилийн баярыг “Сүлд модны дуу”-гүйгээр төсөөлөхийн аргагүй. Та энэхүү дуугаа хэд дэх жилдээ дуулж байна вэ?
–Сүлд модны наадмын энэ дууны аяыг Төрийн шагналт, Ардын жүжигчин С.Гончигсумлаа гуай хийж, үгийг нь Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн Ж.Бадраа гуай хийсэн. Би энэ дуугаа дуулаад 54 дэх жилээ үдэж, 55 дахь жилээ угтан авах гэж байна. Энэ дуу маань хэдийнэ дууны урлагт өөрийн гэсэн байр суурийг эзэлж, монголын ард түмний зүрх сэтгэлд хүрч чаджээ. Хоёр он солигдох тэр мөчийг энэ дуугүйгээр төсөөлөхийн аргагүй юм. Үнэнхүү сайхан бүтээл хийсэн эрхэм хоёр уран бүтээлчийн ач буянаар анхлан дуулах хувь заяа надад оногдсонд би хязгааргүй их баярлаж, залбирч явдаг даа.
-Тэртээ 54 жилийн өмнөх дурсамжаасаа хуваалцана уу. “Сүлд модны дуу” хэрхэн бүтсэн талаар ярьж өгөөч?
-Хөгжмийн зохиолч С.Гончигсумлаа гуай над руу 1962 оны арванхоёрдугаар сарын 25-нд утасдаад “Би шинэ дуу хийсэн. Чи ирж аваарай. Арванхоёрдугаар сарын 29-нд Монголын радиод бичлэгт орно шүү” гэсэн. Над руу тийм том хүн утасдаж, хэлж байхад нэг муу жулдрай залуу дороо л гүйгээд очно биз дээ. Тэгээд очтол надад Монголын радиогийн хөгжмийн ерөнхий редактор дууны үг өгөөд “Үүнийг хурдан сураарай. Энэ дууг симфони оркестртой дуулахгүй. Эхлээд чи төгөлдөр хууртай дуулна.Тэгээд чиний араас Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын найрал дуучид хамтарч дуулна” гэж хэлсэн. Тухайн үед төгөлдөр хуурчаар манай нэртэй дуучин Д.Банди агсны гэргий Маргерита Григориева багш тоглосон. Тэр үед залуу байсан болоод ч тэр үү их айж, эмээнэ. Монголын радиод очиж, сургуулилт хийчихээд бичлэгийн том цонхоор харсан чинь С.Гончигсумлаа, Ж.Бадраа гуай хоёулаа ирчихсэн, дуугаа чагнах гээд зогсч байлаа. Тэгээд л ”Сүлд модны дуу”-гаа хоёр гурван удаа бичлэгт оруулаад л баталсан. Ийн Монголын радиогоор арванхоёрдугаар сарын 31-нд улс эх орон даяар цацагдаж, түгж байсан түүхтэй. Одоогоос 54 жилийн өмнө шүү дээ. Тэр үед зөвхөн Монгол радио л байлаа.
-Жил бүрийн шинэ жилээр “Цалин мөнгөн тэнгэртээ” гээд л “Сүлд модны дуу” эгшиглэдэг. Энэ дуу таны ямар дурсамж руу аваачдаг бол?
-Жил бүрийн арванхоёрдугаар сар гарч, шинэ жилийн баяр ойртох тусам энэ хөгжмийн аялгуу газар сайгүй эгшиглэж эхэлдэг. Тэр мөчид анхлан дуулсан уран бүтээлчийнхээ хувьд омогшиж, сайхан санагддаг. Миний залуу сайхан нас минь эргэн бодогдоно. Тийм сайхан цаг мөчийг надад хайрласан дуу даа.
Та сүүлд “Сүлд модны дуу”-гаа дуучин Д.Хишигбаяр, Р.Дэлгэрмаа нартай хамтран шинэчлэн дуулсан. Энэ дуугаа дахин шинэчлэн дуулахад сайхан байсан уу?
– Манай Д.Хишигбаяр, Р.Дэлгэрмаа хоёр шинийг санаачлагч, шинэ уран бүтээлийн төлөө тэмүүлж байдаг уран бүтээлчид. Тэд хүний сэтгэлийг яавал баярлуулж, хүмүүст сэтгэлийн баясал бэлэглэх вэ гэдэг үүднээс хамтарч дуулах санал тавьсан учраас дуртай хүлээн авсан. Энэ дуугаа С.Гончигсумлаа гуай 100 насны ойг угтаж, шинэчлэн найруулж, дуулсан нь сайхан санагдсан. Энэ 54 жилийн хугацаанд монголын үе үеийн хөгжмийн зохиолч, яруу найрагч, дуучид олон сайхан шинэ жилийн дууг хийж бүтээсэн. Тэгэхэд тэр залуу уран бүтээлчдийн дуунд дарагдахгүйгээр мөр зэрэгцэн 54 жил эгшиглэж явна. Энэ нь ахмад уран бүтээлчид юмыг хийхдээ ямар агуу сэтгэж, сэтгэлээсээ хийж чаддаг байсныг гэрчилж буй мэт санагддаг.
-Та энэ жил Улсын филармонийн “Snow melody” тоглолтод “Сүлд модны дуу”-гаа эгшиглүүллээ. Энэ дууг таны дуулснаар сонсох хүсэлтэй байдаг. Тэр утгаараа шинэ жилийн баяртаа урьж дуулуулах хүсэлт, урилга их ирж байна уу?
-Энэ жил Улсын филармонийн уран бүтээлчдийн урилгаар “Сүлд модны дуу”-гаа дууллаа. Газар сайгүй шинэ жилийн уур амьсгал орж буй энэ үед түмэн олон өвгөн хүн гэлтгүйгээр арга хэмжээндээ урьж, дууг минь сонсож, надад урам, зориг хайрлаж явдагт ахмад уран бүтээлчийн хувьд талархаж явдаг.
-Та хүүхэд насныхаа шинэ жилийн баярын дурсамжаасаа хуваалцахгүй юу?
-Бидний үеийн шинэ жил 1940-өөд оны буюу XX зууны дунд үе шүү дээ. Тэр үед шинэ жилийн гоёл чимэглэл ховор ч байсан. Би баруун монголын Ховд аймгийн хүн. Аймгийн ойролцоо шилмүүст мод, гацуур ховор учраас бургасан модоор гацуур хийж, хөвөн эмэрч, цас хийнэ. Тэгээд таван хошуу малаа цаасан дээр зурж, хайчилж чимэглээд л шинэ оноо угтдаг байсан. Мөн баавгай, туулай зэргийг өнгө өнгийн цаасаар гинжин хэлбэртэй хайчилж, модноосоо дүүжилнэ. Одоо орчин цагт өнгө өнгийн, янз бүрийн чимэглэл шинээр гарч, өнгө өнгийн гэрэл анивчдаг болж дээ.
-Тэгвэл одоо хэрхэн тэмдэглэж байна вэ?
-Одоо шинэ жилийг гэр бүлээрээ гэртээ угтдаг. Шинэ оноор хүүхдүүд маань, ач, зээ маань ирнэ. Ач, зээ нартаа бэлэг тараана. Гэр бүлээрээ л шинэ оноо угтаж байна.
-Манай уншигчдад хандан шинэ оны мэндчилгээ дэвшүүлнэ үү?
-Эх орны маань дөрвөн зүг, найман зовхистод амьдарч байгаа ард түмэндээ ирж буй 2017 ондоо эрүүл энх, аз жаргалаар дүүрэн байхыг хүсье. Мөн ажил үйлс нь үргэлж бүтэмжтэй байхыг ерөөж, юу хүсэж, санасан бүхэн нь сэтгэлчлэн бүтэж байхын өлзийтэй ерөөлийг өргөн барьж дэвшүүлье.
А.СҮРЭН
ГЭРЭЛ ЗУРГИЙГ Н.БАТМӨНХ