Сэргээн засалтын үндэсний төвд шинэ тоног төхөөрөмж гардууллаа

Хуучирсан мэдээ: 2011.07.26-нд нийтлэгдсэн

Сэргээн засалтын үндэсний төвд шинэ тоног төхөөрөмж гардууллаа

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Монгол дахь суурин төлөөлөгчийн газраас хэт улаан, ягаан болон инфра улаан туяа эмчилгээний, хэт авиа, электросимуляцийн, хувьсах гүйдлийн болон лазер эмчилгээний зэрэг долоон тоног төхөөрөмжийг Сэргээн засалтын үндэсний төв /СЗҮТ/-д өнөөдөр гардуулаа. Нийт 7.2 сая төгрөгийн өртөг бүхий долоон төрлийн эмчилгээний тоног төхөөрөмжийг ДЭМБ-ын Монгол дахь суурин төлөөлөгч ноён Виват Рожанапитаяакорн Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн сайд Т.Ганди болон СЗҮТ-ийн дарга Д.Мөнхбат нарт гардуулан өглөө. Сэргээн засалтын үндэсний төв нь улсын хэмжээнд сэргээн засалтын чиглэлээр зөвлөх, чиглүүлэх, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх, сэргээн засалтын эмчилгээ, сувилгаа хийх, протез, ортопедийн хэрэгсэл хийж үйлчлэх үүрэг бүхий нийгмийн хамгаалал,  эрүүл мэндийн үйлчилгээний мэргэжлийн төв байгууллага бөгөөд жилд 4500 гаруй хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үйлчилдэг юм. Орчин үеийн эмчилгээний эдгээр тоног төхөөрөмжийг нийлүүлснээр тус төвийн эмчилгээ, тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулахад чухал хувь нэмэр оруулна гэдгийг НХХ-ийн сайд онцолж байсан. Түүнчлэн энэ өдөр НХХЯ-аас Сингапур улсын Темасек сантай хамтран хэрэгжүүлж байгаа “НХХ-ийн салбарын сувилахуйн ухааны мэргэжил дээшлүүлэх төсөл”-ийн хүрээнд Сэргээн засалтын үндэсний төвийн эмч, сувилагч, ажилтнуудыг Сингапур улсад сувилахуйн ухааны сургалтанд хамруулах батламжийг гардууллаа. Сургалт ирэх сараас эхлэн дөрвөн  үе шаттайгаар зохион байгуулагдах юм байна.

Ш.ЧИМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж