Их зохиолч Д.Нацагдоржийн тухай өгүүлэх “Үйлийн гурван чулуу” эмгэнэлт драмын жүжгийг маргааш /2016.12.29/ Улсын драмын эрдмийн театрын тайзнаа тоглох гэж байна. Уг жүжгийг зохиолч П.Батхуяг бичсэн бөгөөд жүжгийн ерөнхий найруулагчаар Ц.Батнайрамдал ажилласан байна. Ийн энэ жүжиг нь их зохиолч Д.Нацагдоржийн 110 жилийн ойд зориулсан гурав дахь тайзны бүтээл болж байна.
Их зохиолч Д.Нацагдоржийн 110 жилийн ойд зориулан Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид Ш.Гүрбазар зохиол, Ч.Түвшин найруулагчийн найруулсан “Жаргаагүй нар” жүжгийг олны хүртээл болгосон. Мөн Монголын хүүхэлдэйн театрын уран бүтээлчид яруу найрагч Ц.Хулангийн “Монгол ардын суут” хэмээх жүжгийг тайзнаа тавьсан билээ.
Зохиолч П.Батхуяг жүжгийнхээ тухай хэлэхдээ “Хүний амьдралд хамгийн хүчтэй нөлөөлдөг нь нийгэм, цаг үе. Хүн бол байгалаас гарвалтай ч угтаа бол тухайн нийгэм, цаг үеийн л амьтан шүү дээ. Тухайн нийгэм цаг үе бол хүний амьдралд хүчтэй нөлөө үзүүлдэг. Ялангуяа XX зуун бол тухайн цаг үед амьдарч байсан сэхээтнүүдэд хатуу хандсан юм болов уу гэсэн бодол надад төрж байсан. Цаг үеийнхээ араанд нухлагдсан тэр хүмүүс эргээд оюун санаагаараа бурангуй цаг үеийнхээ эсрэг хүчтэй тэмцэл хийсэн” хэмээн ярилцлагадаа дурджээ.
А.СҮРЭН