Шинэ хүнээ хүлээн авсан гоцлон дуулаач гэртээ үлджээ

Хуучирсан мэдээ: 2016.12.27-нд нийтлэгдсэн

Шинэ хүнээ хүлээн авсан гоцлон дуулаач гэртээ үлджээ

  • Нууц товчоо “дүүтэй” боллоо. Тодруулбал, “Монголын нууц товчоо”-ны анхны эхийг голлон эх сурвалжлаа болгосон, “Монголын түүхийн цахим дэлгэрэнгүй” толь бүтээл өчигдөр /2016.12.26/ Үндэсний төв номын санд нээлтээ хийлээ. Энэ толийг 250 орчим бүтээлийг багтаасан “Дэлхийд түгсэн Монголын нууц товчоо”, Монголын түүхийн тулгуур үйл явдал, түүхэн хүмүүс, түүхэн газар нутаг, засаг захиргааны хамааралтай нэр томъёог шинжлэх ухааны судалгаанд үндэслэн бүтээжээ.


  • Агаарын бохирдлыг бууруулах чиглэлд бодитой ажил хийхийг НЗДТГ, Засгийн газраас шаардсан иргэдийн жагсаал өчигдөр Сүхбаатарын талбайд боллоо. Жагсагчид Засгийн газарт арванхоёрдугаар сарын 28-ны өдрийн ээлжит хурлаа Баянхошуунд зохион байгуулах шаардлагыг хүргүүлжээ.


  • ОХУ-ын зэвсэгт хүчний А.В. Александровын нэрэмжит дуу бүжгийн чуулгын 64 уран бүтээлч ТУ-154 онгоцны ослоор амь үрэгдсэн. Харин чуулгын гоцлон дуулаач Вадим Ананиевын эхнэр нь амаржиж, тэдний гэр бүлд шинэ хүн мэндэлсэн байсан тул тэр аялан тоглолтын бүрэлдэхүүнд багтаагүй байжээ. Ананиев хэрэв хүүхдээ асрах гээд гэртээ үлдээгүй бол чуулгынхаа уран бүтээлчидтэй хамт Сирийг зорих байсан байна. Тэрбээр “Толгой руу хүчтэй дэлсээд авах шиг л болсон. Би огтхон ч итгээгүй, одоо ч итгэж чадахгүй байна. Байж боломгүй юм. Хүмүүс намайг азтай одонд төрсөн гэж байна. Магадгүй л юм, хэлж мэдэхгүй байна” хэмээн эмгэнэлт ослын талаар ярьжээ. 


  • Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинд өчигдөр золгүй осолтой холбоотойгоор эмгэнэл илэрхийлж, эмгэнэлийн цахилгаан утас илгээсэн байна.


  • Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил Далай ламын айлчлал, давхар иргэншилтэй холбоотой асуудалд өөрийн биеэр өчигдөр тайлбар хийжээ. Тэрбээр “Энэ бол шашны асуудал. Үүнд Монгол Улсын төр оролцохгүй”. Энэ байр сууриас өөрөөр ямар нэгэн мэдэгдэл хийгээгүй” гэлээ. Харин давхар иргэншлийн асуудлыг “Хоёрдмол харьяаллыг Засгийн газар албан ёсоор хэлэлцээгүй. Харин Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Баясгалангаар ахлуулсан ажлын хэсэг давхар иргэншлийн асуудлыг судалж байгаа. Засгийн газрын албан ёсоор гаргасан байр суурь байхгүй” хэмээн тайлбарлалаа.


  • Жүжигчин Г.Ундармаа өөрийн хөрөнгө, сайхан сэтгэлт хүмүүсийн дэмжлэгээр зургаа дахь эмнэлгээ тохижуулж, өчигдөр /2016.12.26/ хүлээлгэн өглөө. Тэрбээр энэ удаа 508 метр квадрат талбайтай Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасгийг засч, тохижуулахад 143 орчим сая төгрөг зарцуулжээ.


  • Санхүүгийн зохицуулах хорооноос өчигдөр банк бус санхүүгийн байгууллагын зээлийн хүүг бууруулахаар болсноо мэдэгдлээ. Тодруулбал, банк бус санхүүгийн байгууллагын одоогийн үйлчилж байгаа зээлийн хүү 4.3 хувийг үе шаттайгаар бууруулж 2.1 хувь болгохоор болов. 


  • “Агаарын бохирдол, Улаанбаатарын утаа” сэдэвт хэлэлцүүлэг өчигдөр төрийн ордноо болсон. Хэлэлцүүлгийн үеэр Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулахын тулд 2011-2015 онд төрөөс 92.9 тэрбум, олон улсын хандивлагч байгууллагуудаас 46.7 сая ам.долларыг тус бүр зарцуулсаныг онцлов.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж