ШҮҮХ ХУРАЛ: Сэжигтнүүдийг яллах эсэхийг шийднэ  

Хуучирсан мэдээ: 2016.12.27-нд нийтлэгдсэн

ШҮҮХ ХУРАЛ: Сэжигтнүүдийг яллах эсэхийг шийднэ  

УИХ-ын гишүүнээр сонгогдон, Дэд бүтцийн сайдаар ажиллаж байсан С.Зоригийг 18 жилийн өмнө буюу 1998 оны аравдугаар сарын 2-ны Баасан гаригийн орой гэрт нь онц хэрцгийгээр хөнөөсөн этгээд хэн байв гэдгийг тогтоох шүүх хурал тав дахь өдрөө өнөөдөр 10.00 цагт үргэлжилнэ. Хурлын эхний өдөр яллах дүгнэлтийг танилцуулж, шүүхийн хэлэлцүүлгийг эхлүүлсэн. Харин хоёр, гурав дахь өдөр шүүгдэгчдийн мэдүүлэг, гэрчийн мэдүүлгийг сонссон бол өчигдрийн хуралдаанаар шүүгдэгчийн эцсийн үгийг сонссон юм.

Тодруулбал, шүүх бүрэлдэхүүн өчигдөр 10 цаг хуралдаж, сэжигтнүүдийг буруутгасан нотлох баримтуудыг шинжилж, хоёр шатны шүүмжийг явуулсан. Эцэст нь шүүгдэгч Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарын үгийг сонсч, хурлыг өнөөдөр үргэлжлүүлэхээр завсарлуулсан юм.

Хуулийнхны 18 жилийн турш цуглуулсан нотлох баримтыг хоёр өдөр шинжиллээ

Харин хэргийн нотлох баримтуудыг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч М.Алдараар ахлуулсан шүүх бүрэлдэхүүн хоёр өдөр шинжилсэн билээ. Хэрэгт холбоотой улсын нууцад багтах нотлох баримтуудтай шүүгч, шинжээчид өнгөрсөн баасан гариг /2016.12.23/-аас эхлэн танилцсан. Тухайн өдөр шүүх хурал 15.00-15.30 цагийн хооронд 30 минут завсарлаж, 22.00 цаг хүртэл нийт 12 цагийн хугацаанд үргэлжилсэн ч нотлох баримтуудыг шинжилж дуусаагүй тул өчигдөр дөрөв дэх өдрөө үргэлжлэв.

10 гаруй хүн гэрчийн мэдүүлэг өгчээ

Шүүх хурлын эхний өдөр буюу өнгөрсөн  лхагва гаригт /2016.12.21/ улсын яллагч Б.Батжаргал, Ж.Сандагсүрэн нар ялын дүгнэлтийг дөрвөн цагийн турш уншиж танилцуулсан. Дараа нь шүүгдэгч Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа, Т.Чимгээ нар мэдүүлэг өгч, асуулт хариулт явуулснаар тухайн өдөр шүүх хурал завсарласан юм.  Харин маргааш нь /2016.12.22/ шүүх хуралд гэрч, шинжээчид оролцож, мэдүүлэг өгсөн билээ. Эх сурвалжийн мэдээлснээр шүүх бүрэлдэхүүн 10 гаруй хүнээс гэрчийн мэдүүлэг, онцгой, шүүхийн шинжээчдээс тусгайлан тайлбар авч, хуулийн дагуу 22.00 цагт шүүх хурал дахин завсарлажээ.

Цагдан хорих 461 дүгээр ангид тав дахь өдрөө үргэлжилж буй шүүх хурал цагдаа, тагнуул, шийдвэр гүйцэтгэх байгууллагын онцгой хамгаалалт дор болж байна. Шүүх хуралд хэн, хэн гэрчээр оролцож, ямар мэдүүлэг өгсөн болоод нотлох баримтуудаар юу дэлгэгдсэн, шүүгдэгчид шүүх бүрэлдэхүүнд ямар хариулт, тайлбар өгсөн зэрэг нь нууц хэвээр байна.

Шүүхийн шийдвэр өнөөдөр гарна

Үнэхээр 10 гаруйн жилийн өмнө талийгаачийн эхнэр Б.Булганы мэдүүлж байсанчлан  нэг нэгнийгээ Бат, Оюун нэрээр дуудсан эрэгтэй, эмэгтэй хоёр хүн нь шүүгдэгч Б.Содномдаржаа, Т.Чимгээ нар мөн эсвэл хэргийг нотлох баримт хангалтгүй шалтгаанаар мөрдөн байцаалтад буцаах эсэхийг шийдсэн шүүхийн тогтоол өнөөдөр уншигдана. Өөрөөр хэлбэл, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд шүүх хурал шүүхийн хэлэлцүүлэг, шүүгдэгчийн мэдүүлэг, хохирогчийн мэдүүлэг, гэрчийн мэдүүлэг, нотлох баримт шинжлэх, шүүхийн хэлэлцүүлэг, шүүх хуралдааны шүүмжлэл, шүүгдэгчийн эцсийн үг, шүүх бүрэлдэхүүн тогтоол гаргах гэсэн үе шаттай үргэлжилнэ хэмээн заасан байдаг. Тиймээс хурал үндсэндээ төгсгөлийн шатандаа орж байна гэсэн үг. Иймээс өнөөдөртөө багтаан шүүхийн тогтоол гарах нь даамжиггүй.

Д.УЛАМБАЯР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж