NEWS АГЕНТЛАГ 2016 оны онцлох 5 үйл явдлыг нэрлэж байна

Хуучирсан мэдээ: 2016.12.27-нд нийтлэгдсэн

NEWS АГЕНТЛАГ 2016 оны онцлох 5 үйл явдлыг нэрлэж байна

Дэлхий дахинд 2016 он улс төр, эдийн засаг, гадаад харилцааны хувьд түүхэнд тэмдэглэгдэн үлдэх чухал он жил байлаа. News агентлаг ДЭЛХИЙ ДАХИНД ӨРНӨСӨН ОНЦЛОХ 5 ҮЙЛ ЯВДЛЫГ НЭРЛЭЖ БАЙНА.


BREXIT: ХӨГШИН ЕВРОПЫН ХУВЬСГАЛЫН ЭХЛЭЛ

Яг зургаан сарын өмнө британичууд Европын холбооноос гарахаар санал нэгдэв. Олон улсын валютын сангийн мэдээллээр “Их долоо”-гийн орнууд дундаас эдийн засаг нь хамгийн хурдацтай өсч буй улс нь Британи. Британийн үнэт цаас Европт хамгийн амжилттай яваа. Ажилгүйдлийн төвшин буурч байгаа. GSK, AstraZeneca, Lidl, McDonald’s, Google, Wells Fargo гээд томоохон компаниуд Британид их хэмжээний хөрөнгө оруулахаа зарласан… Энэ мэт эдийн засгийн үр өгөөж ихтэй чухал гишүүнээ алдах нь Европын холбоонд том цохилт, том гарз болох нь гарцаагүй. Дэлхийн эдийн засагт ч асар их хохирол учруулж мэдэх сөрөг үр дагавартай гэдгийг Brexit-ийн асуудал дөнгөж сөхөгдөж эхлэх үед G20-ын орнуудын Сангийн сайд нар чуулахдаа хүлээн зөвшөөрсөн юм. Их Британи Европын холбооноос гарснаар угаас хэврэг байсан Европын холбоо задрах эхлэл тавигдаж буйг ч тэд үгүйсгэсэнгүй.

Brexit гэдэг нь BRITAIN – Британи, EXIT – гарах гэсэн үгийн товчлол бөгөөд одоо олон нийтийн дунд ердийн нэг хэллэг болжээ. Өмнө нь Грек улс Европын холбооноос гарах тухай санал хураалт явагдаж байхад мөн л Grexit гэх “нэр томъёо” гарч байлаа.

Европын холбооны төсвийн 5,8 хувийг дангаар бүрдүүлэгч, энэ үзүүлэлтээрээ Германы дараа хоёрт ордог, бусад гишүүн орнуудаас хоёр сая ажиллах хүч авч ажиллуулдаг Британийн Нэгдсэн вант улс Европын холбоог орхих тухай асуудал тус улсын Тусгаар тогтнолын намаас эхтэй юм. Ерөнхий сайд асан Дэвид Камерон 2015 оны сонгуулийн өмнө амласан ёсоор Тусгаар тогтнолын нам болон Консерватив намын улс төрчдийн зүгээс гаргасан Европын холбооноос гарах тухай саналыг авч хэлэлцэх болов. Ингэхдээ ард иргэдээсээ асуух нь зүйтэй гэж үзэж, санал хураалт явуулахаар болсон билээ. Шийдвэр гаргах төвшинд энэ асуудлыг Тусгаар тогтнолын намаас гадна Консерватив намын тал хувь, Хөдөлмөрийн намын зарим гишүүд дэмжиж байжээ.

Зургадугаар сарын 23-нд Британи даяар явуулсан санал хураалтад оролцсон иргэдийн 52 хувь нь Европын холбооноос гарах, 48 хувь нь үлдэх санал өгсөн юм. Үүнд нийт иргэдийн 71,8 хувь буюу 30 сая гаруй хүн оролцсон нь 1992 оны сонгуулиас хойшхи хамгийн өндөр ирцтэй санал хураалт болжээ.

1975 онд британичууд Европын холбоонд үлдэх эсэх санал асуулгад “үлдэнэ” гэж хариулсан. Харин энэ удаад “үгүй” гэсэн нь хэд хэдэн шалтгаантай. Европын холбоо тэр үеийнхээс өөрчлөгдсөн, Британийг Европын холбоо удирдах болсон, бизнесийн салбарт чөдөр тушаа болсон хэтэрхий олон дүрэм журам мөрдүүлдэг, жил бүр олон тэрбумыг Европын холбоонд төлдөг ч эргээд ирэх өгөөж багатай /Британийн Эрдэнэсийн сангийн судалгаагаар тус улсын Европын холбоонд 8,8 тэрбум фунт төлсөн байна/ зэрэг шалтгаанаар тэд хөгшин Европын нэгдлээс гарч, өөрийн замаар явахыг хүсчээ. Түүнчлэн “өөрийн нутаг дэвсгэр дэх хэргийг өөрөө мэдэх”, хилийн хяналтыг бүрэн гартаа оруулах, чөлөөт шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах, товчхондоо бол “Европын Нэгдсэн улс”-аас туурга тусгаар байхыг тэд хүсч байгаа юм.

Brexit-ийн санал хураалтыг барууны олон хэвлэл эх орноо, уугуул иргэдээ дээдэлсэн, хамгаалсан шийдэл гэж зураглаж байгаа ч шинэ ерөнхий сайд Тереза Мей Британийг “чөлөөт худалдааны дэлхийн лидер” байлгах чиг зорилготой гэдгээ тод илэрхийлсэн билээ.

Санал хураалтын дараах өдөр ерөнхий сайдын албанаас огцорсон Дэвид Камероны адилаар Тереза Мэй ч мөн Европын холбооноос гарахын эсрэг байр суурьтай байсан. Гэхдээ тэр ард түмний хүсэл зоригийг хүндэтгэн дагана гээд, “Brexit бол Brexit л гэсэн үг” хэмээн мэдэгдсэн билээ. Brexit-ийн үйл явц бүрэн дууссан ч маргаантай асуудлууд байсаар л байх болно. Ялангуяа Британийн компаниуд Европын холбооны орнуудад хэрхэн бизнес явуулах, мөн Европын бусад гишүүн орны иргэд Британид ажиллах, амьдрах асуудлыг зохицуулах ярвигтай асуудалд тэр санаа чилээж байгаа гэнэ.

Brexit-ийн үйл явц наанадаж хоёр жил үргэлжилнэ. Лиссабоны гэрээ гэх Европын холбооны үндсэн баримтын 50-р зүйл ангийн дагуу Их Британи бүрэн тусгаарлах юм. Тэр хүртэл Британи Европын холбооноос гаргасан хууль, дүрэм журмыг даган мөрдөх боловч шийдвэр гаргах төвшинд оролцохгүй ажээ.

С.ШҮР


СОЛОНГОСЧУУД АНХНЫ ЭМЭГТЭЙ ЕРӨНХИЙЛӨГЧӨӨ ӨРШӨӨСӨНГҮЙ

Өмнөд солонгосчууд түүхэндээ анх удаа эмэгтэй Ерөнхийлөгчийг сонгон баярлаж хөөрцөглөж байсан нь дөрвөн жилийн өмнө. Харин одоо сонгосон хүнээ сэнтийгээс нь буулгахаар хэдэн мянгаараа гудамжинд жагсацгааж байна. 2012 оны арванхоёрдугаар сард солонгосчууд “Сенури” намын дарга Пак Гын Хэг улсынхаа 18 дахь Ерөнхийлөгчөөр сонгосон юм. 18 дахь Ерөнхийлөгч БНСУ-ыг 18 жил удирдсан Пак Чон Хэгийн охин. Пак Чон Хэ бол Өмнөд Солонгосын түүхэнд гайхамшигт удирдагч, бас дарангуйлагч гэсэн эсрэг тэсрэг тодорхойлолттой үлдсэн хүн.

Пак Гын Хе ааваасаа хойш 34 жилийн дараа аавынхаа эзэгнэж байсан Хөх ордны эзэгтэй болсон. Пак Гын Хэ Ерөнхийлөгчөөр сонгогдоход түүний эцэг, эхийн эмгэнэлт намтар багагүй нөлөөтэй гэж үздэг. Ядуу зүдүү улс орноо хөгжүүлэх чин хүсэлтэй ч, дэндүү хатуу гараар удирдаж, хүний наад захын эрхийг үл хүндэтгэж байсан аавынхаа өмнөөс Пак Гын Хэ Ерөнхийлөгчид нэр дэвшихийн өмнө 2012 онд албан ёсоор солонгосчуудаас уучлал гуйсан. 1961-ээс 1979 оны хооронд Өмнөд Солонгосыг удирдаж байсан Пак Чон Хэ 1979 оны аравдугаар сарын 26-нд өөрийн бие хамгаалагчийн гарт олны өмнө амь үрэгдсэн юм. Аав нь ийнхүү буудуулж амиа алдахаас таван жилийн өмнө ээж нь мэргэн буучийн суманд оногдон нас барсан. Ерөнхийлөгч Пак Чон Хэг онилсон сум эхнэрийнх нь амийг авч одсон юм. Тухайн үед Гын Хэ Францад сурч байсан бөгөөд сургуулиа орхин Сөүлд буцан ирж ээжийнхээ оронд тэргүүн хатагтайн үүрэг гүйцэтгэж аавынхаа үнэнч туслах нь болсон. Энэ нь түүний ирээдүйн улс төрийн карьерын эхлэл байлаа.

Ерөнхийлөгч болохдоо Пак Гын Хэ хоёр гол зүйлийг амалсан. Энэ нь улс үндэснийхээ аюулгүй байдлыг хангах болон эдийн засгаа өөрчлөн шинэчлэх юм. Хэдийгээр БНСУ түүний эцгийн үед суурь тавигдсан эрс шинэчлэлийн үр шимээр дэлхийд тэргүүлэх эдийн засагтай болж, 20 жилийн дотор тусламж авдаг орноос тусламж үзүүлдэг орон болж чадсан. Энэ хугацаанд нэг хүнд ногдох ДНБ-ий хэмжээ гурав дахин өссөн ч цалингийн бодит хэмжээ харин үүнээс хоёр дахин бага нэмэгджээ. Энэ нь олон мянган солонгосчуудын амьдралд нөлөөлж эхэллээ. Эдийн засгийнх нэг суурь болсон хувийн хэвшлийнхэн зарсанаасаа багыг олж байна. Нийгмийн халамжийн тэгш бус байдал геометрийн прогрессоор өсч байна. Гэр бүл салалт хоёр дахин нэмэгдэж, төрөлтийн үзүүлэлтээр хөгжиж буй орныхоо дунд хамгийн муу буюу дөрөвдүгээр байрт явна. Амьдралд итгэл алдран амиа егүүтгэх тохиолдол эрс ихсээд байна. Өмнөд Солонгост Hyundai, LG, Samsung зэрэг дэлхийд танигдаж, хүлээн зөвшөөрөгдсөн гигант компаниуд хэд хэд байгаа ч тэд өмнөх шигээ олон ажлын байр санал болгохоо больжээ. Ямар нэг шийдвэртэй алхам хийхгүй аваас тус улсын эдийн засаг уруудсаар байх юм. Тийм ч учраас шинэ Ерөнхийлөгч том компаниудын өргөжихийг хумих, жижиг дунд үйлдвэрлэгчдийг хөхиүлэн дэмжих бодлого барихаа амалсан. Нөгөө амлалт нь Солонгосын хойгийн хамгийн эмзэг асуудлын нэг болох хуваагдсан солонгосчуудын асуудал.

Ерөнхийлөгчийн албаа авсанаас дөрвөн жил өнгөрсөн ч энэ хоёр амлалт биелсэнгүй. Гэхдээ амлалт биелээгүй нь түүнийг огцруулах гол шалтгаан болоогүй, зөвхөн хачир болж байна. Пак Гын Хэгийн ойрын шадар Чой Сун Шилд төрийн эрх мэдлээсээ хуваалцаж, Ерөнхийлөгчийн зарим үүргээ энэ эмэгтэйгээр хийлгэж байсан нь, тухайлбал, хэлэх үгээ бэлдүүлдэг байсан, мөн Чой Сун Шилийн мэдэлд байдаг хэд хэдэн сан Өмнөд Солонгосын том компаниудаас хандив нэрээр их хэмжээний хөрөнгө авсан хэрэг зэрэг нь Пак Гын Хэг гарцаагүй ацан шалаанд оруулаад байна.

Пак Гын Хэд итгэл үзүүлэх эсэхээр БНСУ-ын парламент санал хурааж, түүнийг хамгаалахгүй гэдгээ илэрхийллээ. Парламентын шийдвэрийг тус улсын Үндсэн хуулийн Цэц эцсийн байдлаар дэмжвэл Пак Гын Хэ суудлаасаа огцорно.

Хэдийгээр Пак Гын Хэ албан ёсоор огцроогүй байгаа ч Ерөнхийлөгчийн ээлжит бус сонгуулийн чимээ аль хэдийнэ сонсогдоод эхэлсэн. Ерөнхийлөгчийн ээлжит бус сонгуульд нэр дэвших магадлалтай хүмүүсийн нэгээр энэ оны арванхоёрдугаар сарын 31-нээр бүрэн эрхийнх нь хугацаа дуусгавар болох НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Муны нэр дуулдаж байна.

Пак Гын Хэ эсэргүүцэх жагсаал цуглаан маш цэгцтэй, зохион байгуулалттай, тодорхой давтамжтайгаар болсоор байна. Өнгөрсөн Бямба гариг буюу арванхоёрдугаар сарын 24-нд Санта Клаусын хувцастай мянга мянган солонгосчууд жагслаа.

Ийнхүү Өмнөд Солонгосын анхны эмэгтэй Ерөнхийлөгч Пак Гын Хэ суудлаасаа буух нь цаг хугацааны асуудал боллоо.

Пак Гын Хэгийн товч намтар:

  • 1952 оны хоёрдугаар сарын 2-ны өдөр төрсөн

  • Согангийн Их сургуулийг инженер мэргэжлээр дүүргэсэн

  • 1998 онд Өмнөд Солонгосын Үндэсний Ассаблейд гишүүнээр сонгогдсон

  • 2012 онд Сенури намаас Ерөнхийлөгчид нэр дэвшин ялалт байгуулсан

Д.НАРАНТУЯА


ТРАМП ХЭМЭЭХ ҮЗЭГДЭЛ

АНУ-ын 45 дахь Ерөнхийлөгчөөр БНН-аас нэр дэвшигч Дональд Трамп сонгогдсон нь өнгөрч буй 2016 оны хамгийн гол үйл явдлын нэг байлаа. Хэдийгээр оны төгсгөл хавьд буюу арваннэгдүгээр сарын 8-нд сонгуулийн санал хураалт явагдаж, өнгөрсөн долоо хоногт энэ санал хураалтын дүнг Сонгогчдын төлөөлөгч нар баталгаажуулсан ч гэлээ энэ сар гаруйн хугацаанд Трамптай дэлхий ертөнц ямар байх бол гэсэн таамаг, болгоомжлол хаа сайгүй хөвөрсөөр байна. Анх нэр дэвшихэд нь сонгогдоно гэж бодсон хүн америкчуудын дунд ч, дэлхийн улсуудын дунд ч цөөхөн байсан учраас Трампын ялалт гэнэтийн байлаа.

Шинээр сонгогдсон Ерөнхийлөгч Дональд Трамп ирэх нэгдүгээр сарын 20-нд тангаргаа өргөж албан ёсоор үүрэгт ажилдаа орно. Нэгдүгээр сарын 20-ноос хойш дэлхийн дэглэм хэр өөрчлөгдөх бол? Сонгуулийн сурталчилгааны үеэр мэдэгдэж байсан цочир мэдэгдлүүдээ хэрэгжүүлнэ гэж үзвэл дэлхийн өнгө төрх, дэг журам, өнөөг хүртэл тогтоосон олон улсын болоод улс хоорондын харилцаанд ноцтой өөрчлөлт гарч магадгүй. Мөн Трампын ялалт нь нийгмийн сүлжээний олон нийтэд нөлөөлөх хүчин зүйлийг шинээр харах шаардлага байгааг харуулсан үйл явдал болсон гэдэгтээ олон хүн санал нийлэхэд хүргэж байна.

Трампын өөрчлөлт оруулахаар мэдэгдсэн сэдвүүдийг харахад л ийм болгоомжлол үндэслэлтэй болох нь ойлгогдоно. Юун түрүүнд тэрбээр, сүүлийн 60 жилийн турш АНУ-ын гадаад бодлогын гол талбар болсон НАТО-г өөрчилнө гэсэн. Тэрбээр НАТО-г үеэ өнгөрөөсөн байгууллага гэж үздэг бөгөөд НАТО-гийн зарим гишүүн орныг америкчуудын татварын мөнгөөр давгүй хөлжсөн хэмээн мэдэгдсэн. Мөн Крымийн хэрэг явдлаас хойш хоёр тийшээ харж суучихаад байгаа АНУ-ОХУ-ын харилцааг эргүүлнэ гэдгээ хэлсэн. Сонгуулийн сурталчилгааныхаа үеэр В.Путиныг хүчтэй удирдагч гэдгийг нэг биш удаа зарлаж, түүнтэй харилцаа холбоо тогтоохыг хүсч байна гэж хэлж байсан. Өөр нэг ноцтой үр дагавартай байж болох байр суурь нь АНУ-ын гадаад худалдааны бодлогыг өөрчилнө гэсэн мэдэгдэл. Тэрбээр хэд хэдэн чөлөөт худалдааны хэлэлцээрээс АНУ гарна гээд мэдэгдээд амжсан. Учир нь эдгээр хэлэлцээр нь АНУ дахь ажилгүйдлийн шалтгаан болсон гэж Трамп үзэж байгаа юм. Тэр бүү хэл Дэлхийн худалдааны байгууллагаас АНУ гарах магадлал байгаа хэмээн хэлсэн билээ. Бүүр ноцтой гэж хэлж болох нэг зүйл нь улам бүр хүчирхэгжин томорч байгаа Хятадтай арцалдаж эхэлсэн явдал. Сурталчилгааныхаа үеэр Хятадын импортын бараанд 45 хүртэл хувийг татвар ногдуулахыг дэмжиж байгаагаа илэрхийлсэн. Үүнд нь хариу өгөөгүй чимээгүй байсан хятадууд Трампыг Тайванийн Ерөнхийлөгчтэй утсаар ярьсаны дараа хариу барьж эхэлсэн.

АНУ-ын Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд уламжлал ёсоор өмнөх Ерөнхийлөгчдийг урьдаг бөгөөд Трампын ёслолд одоогийн байдлаар ганц л Ерөнхийлөгч очно гэдгээ илэрхийлээд байна. Энэ нь Жимми Картер юм.

Тэрбумтан, үл хөдлөх хөрөнгийн магнат, телевизийн шоуны од Дональд Трамп 1946 зургадугаар сарын 14-нд Фрэд Трампын гэр бүлд төржээ. Трампын бизнес ухаан эцгээсээ улбаатай. Эцэг Фрэд нь үл хөдлөх хөрөнгийн наймаачин байсан. Эцэг нь 1962 онд Трампыг оюутан байхад нь үл хөдлөх хөрөнгө заруулж эхэлсэн гэдэг. Түүний анхны ашиг нь нэг сая ам.доллар. Энэ тухайгаа хожим тэрбээр “5.7 сая ам.долларын үнэтэй Свифтон хотхоныг 1962 оноос 1972 оны хооронд 6.75 саяар зараад маш их урам орж билээ” хэмээн дурссан байдаг.

Трамп бол бизнесийн өндөр мэдрэмжтэй. Түүний оруулсан хөрөнгө үржээгүй тохиолдол бараг үгүй. Дэндүү пракматик энэ зан харин улс төрд хэр зохих эсэхийг хүмүүс хэлж мэдэхгүй байна. Гэсэн ч АНУ-ын засаглалын тогтолцоо нэг дураар дургих боломжийг олгохооргүй харилцан уялдаатай. Тиймээс Трампын сонгуулийн сурталчилгааны үеэрх цочир мэдэгдлүүд түүний хэлснээр амьдралд биелэх боломж бага. Гэхдээ л тэр 2016 оны сонин содон үзэгдэл мөн байлаа.

Д.НАРАНТУЯА


ӨМНӨД АМЕРИКТ ИРСЭН АНХНЫ ОЛИМП

Дөрвөн жилд тохиодог зуны олимпийн наадам 2016 оны наймдугаар сарын 5-21-нд Бразилийн Рио-Де-Жанейро хотноо боллоо. Хөлбөмбөгөөр дэлхий нийтэд танигдсан Бурхдын хот Өмнөд Америк тивээс анх удаа зуны олимпийг хүлээн авсан нь өөрөө онцлог байв. Орчин үеийн XXXI олимпийн наадамд 205 орны 11544 тамирчин оролцсон. Эдийн засгийн хүнд нөхцөл байдал, иргэдийнх нь эсэргүүцэл гээд Бразил улс олимпийн наадам эхлэн эхэлтэл багагүй асуудал дунд байв.

Зуны 31-р олимпийн наадмын нээлтийн ёслолыг Бразилын алдарт найруулагч Фернанду Мейреллиш удирдаж, 6000 мянган сайн дурынхны хамтаар эх орныхоо түүх, соёл, уламжлалыг дэлхий нийтэд харуулсан юм. Бразилийн олимпийн нээлт сүүлийн үеийн олимпийн нээлтүүд шиг техник технологийн хөгжлийг ашиглахаасаа илүү эх дэлхий, байгаль орчноо хамгаалахыг уриалж, эко орчин бүрдүүлэхийг хичээсэн нь онцлог байв. Тэд олимпиор дамжуулан дэлхийн дулаарлын эсрэг дуу хоолойгоо өргөсөн юм.

Олимпийн наадмын түүхэнд анх удаа дүрвэгч тамирчдын багийг ОУОХ-ны туган дор уг наадамд оролцуулсан нь түүхэн тохиолдол байв.

Хямрал, хардалт, улс орнуудын тогтвортой бус байдал, харилцааны таагүй уур амьсгалыг дэлхийн олон улс дайрч өнгөрч байна. Энэ бүхэнд зөвхөн олимп ганцхан хариулт өгдөг. Тэр нь үнэнч шударгаар өрсөлдөхийн сацуу эв найртай, элэгсэг дотно, аз жаргал, амжилтаа хуваалцах мэдрэмж юм. Олимпийн ертөнцөд бүгд эрх тэгш байдаг. Олимпийн тэнгэр дор бүгд бие биенээ хүндэлж, эвтэй байх үзэл санааг түгээн дэлгэрүүлдэг. Үүний бодит жишээ нь олипийн туган дор жагссан дүрвэгсдийн баг байсан юм. “Дүрвэгсдийн баг”-т Этиоп, Сири, Бүгд найрамдах Ардчилсан Конго улс, Өмнөд Суданы нийт 10 тамирчин нэгдсэн. Хэдийгээр тэд олимпийн медалийн төлөөх шалгарсан өрсөлдөөнд хүрч чадаагүй ч хүн бүрийн хувьд Риогийн олимпийн ялагч байсан гэхэд хилсдэхгүй.

Бразил улс зуны олимпийн наадмыг зохион байгуулахад 4.6 тэрбум ам.доллар зарцуулжээ. Олимпийн наадамд оролцогчид спортын 28 төрөлд 306 багц медалийн төлөө өрсөлдсөн юм. Нийт 2488 тамирчин медаль хүртсэн бөгөөд 812 алт, 812 мөнгө, 864 хүрэл медальтан тодорсон байна. Бразил улс өөрсдөө 19 медаль /7 алт, 6 мнгө, 6 хүрэл/ хүртэж, 13 дугаарт жагссан нь зохион байгуулагч орны үзүүлсэн тааруу амжилтуудын нэг болжээ. Олимпийн хөтөлбөрт гольф болон регбийг дахин оруулсан нь энэ олимпийн бас нэгэн онцлох шалтгаан байсан билээ.

Зуны 31-р олимпийн наадамд АНУ-ын баг тамирчид нийт 121 медаль хүртсэн амжилтаар тэргүүлж, БНХАУ 70, Их британи 67 медальтайгаар удаалсан юм.

Монгол Улсын баг тамирчид “РИО-2016” олимпийн наадамд 42 тамирчны бүрэлдэхүүнтэй оролцож, жүдоч Д.Сумъяа мөнгө, боксчин Д.Отгондалай хүрэл медаль хүртсэнээр 65 дугаарт жагссан. Өмнөх олимпод үзүүлсэн амжилтаа баталж, 5-6 медаль өвөртлөх зорилгодоо бат итгэж байсан Монголын баг, тамирчид, үзэгчдийн хувьд хоёр медаль чамлалттай санагдаж байсан байж магадүй. Цаг агаар, цагийн зөрүү, сэтгэл зүйн байдал гээд санасандаа хүрч чадаагүйн шалтгааныг янз бүрээр тайлбарлаж болох ч илүү өндөр амжилтыг хүсч хүлээдэг болсон нь өөрөө Монголын спортын хөгжиж байгаагийн, тэр дунд гарч ирсэн бага зэргийн алдааны сургамж гэж хүлээж авах нь зөв биз ээ.

Б.БАДАМГАРАВ


ЭЛЧИЙГ ХӨНӨӨВ

ОХУ-ын Элчин сайд Андрей Геннадьевич Карлов Туркт амиа алдав /2016.12.19/. Түүнийг 11 удаа бууджээ. Анкара хотын уран зургийн галерейд “Калининградаас Камчатк хүртэл аялагчийн нүдээр” нэртэй хоёр орны дипломат харилцааны хүрээнд зохион байгуулсан үзэсгэлэнгийн нээлтэд үг хэлж байхад нь түүнийг араас нь буудаж, хөнөөсөн юм. Гэмт этгээд “Бидний ахан дүүс Алеппод үхэж байна, харин чи энд үхэх ёстой”, “Алеппог бүү март!”, "Сирийг бүү март!” хэмээн хашгирч байсан нь Сирид цэргээ оруулсан Орост хонзогносон үйлдэл гэгдэж байгаа юм. Гэмт этгээд хар хослол өмсч, зангиа зүүсэн, энгэртээ таних тэмдэгтэй байсан тул түүнийг хамгаалалтын албаны ажилтантай андуурсан гэж гэрчүүд ярьжээ.

Гэмт этгээд нь Туркийн цагдаагийн офицер, 22 настай Мевлут Мерт Алтынтас гэгч байсан бөгөөд цагдаа нар тусгай ажиллагаа явуулах үеэр түүнийг буудаж, хороосон билээ. Аллагатай холбогдуулан Алтынтасын гэр бүлийнхэн, нийт зургаан хүнийг сэжигтнээр татан саатуулаад байгаа юм.

Туркийн ерөнхийлөгч Тайип Режеп Эрдоган, ОХУ-ын төрийн тэргүүн Владимир Путин аллагыг “террорист халдлага” гэж тодорхойлов. Дөнгөж сэргэж байсан ОХУ-Туркийн харилцааг зориуд сэвтээх зорилготой өдөөн хатгалга гэж талууд мэдэгдээд, үүнээс болж хоёр орны дипломат харилцаа сэвтэхгүй, харин ч терроризмийн эсрэг цаашид хамтарч ажиллана гэсэн юм. Путин “Терроризмийн эсрэг тэмцлийг улам бүр эрчимжүүлнэ. Зандалчид гэм уршгийнхаа үр дагаврыг амсах болно” гэж мэдэгджээ. АНУ, Европын холбоо тэргүүтэй дэлхийн олон орны лидерүүд мөн терроризмийн эсрэг тэмцэлд нэгдэхээ илэрхийлсэн юм.

Путин Элчин сайдын үхлийн цаад учир шалтгааныг тодруулахаар өөрийн томилсон багаа Туркт илгээв. Оросын цэрэг, цагдаа, тагнуулын алба хаагчдаас бүрдсэн 18 хүний бүрэлдэхүүнтэй баг Анкарад очиж, Туркийн албаныхантай хамтран ажиллаж байна. Путин аллагын захиалагчийг олж илрүүлэхийг даатгаж, Туркийн талаас гэмт этгээдүүдийг олж илрүүлж, гэсгээхээ амлав. Мөрдөн шалгах ажиллагаа дуусаагүй, тусгай багийнхан эцсийн дүгнэлтээ гаргаагүй байгаа ч Элчин сайдыг хөнөөсөн хэргийг Фетхуллах Гюлен удирдан зохион байгуулсан байж болзошгүй гэж сэрдэж буйгаа Туркийн тал мэдэгдсэн юм. Туркийн Гадаад хэргийн сайд Мевлут Кавусоглу төдийгүй тус улсын ерөнхийлөгч хүртэл Гюленийг хардаж буйгаа ил тодоор илэрхийлсэн билээ. Туркийн сөрөг хүчний лидер, лалын номлогч Фетхуллах Гюлен нь цагтаа Эрдоганы гол холбоотон, Туркийн нөлөө бүхий хоёр дахь хүн хэмээгдэж байсан ч хээл хахуулийн хэрэгт холбогдож, ерөнхийлөгчтэйгээ түнжин хагарснаар өдгөө АНУ-д цагаачлан амьдарч байгаа юм. Түүнийг Туркт өнгөрсөн долдугаар сард гарсан төрийн эрхийг булаах оролдлого, санаачилгыг гаргасан гол хүн гэж Туркийн эрх баригчид үздэг билээ.

С.ШҮР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж