Шинзо Абэ Сувдан эрэгт очлоо

Хуучирсан мэдээ: 2016.12.28-нд нийтлэгдсэн

Шинзо Абэ Сувдан эрэгт очлоо

Японы ерөнхий сайд Шинзо Абэ өчигдөр /2016.02.27/ Сувдан эрэгт очжээ. Японы арми 1941 онд Сувдан эрэг дэх Америкийн цэргийн баазад агаарын цохилт өгч, олон мянган цэрэг эрс амь үрэгдсэнээс хойш 75 жилийн дараа Шинзо Абэ тус бүс нутагт очиж байна. Тэрбээр АНУ-ын ерөнхийлөгч Барак Обамагийн хамт дайнд үрэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэж, цэцэг өргөжээ. “Бид дайны эмгэнэлийг дахин давтах ёсгүй. Энэ бол Японы ард түмний ариун тангараг юм” хэмээсэн түүний үгийг хэвлэлүүд онцолж байна.

Барак Обама, Шинзо Абэ нар Аризонагийн дурсгалын цогцолборт очиж, дайны хөлд амь эрсэдсэн цэрэг эрсийн дурсгалыг хүндэтгэжээ. Абэгийн хувьд тус цогцолборт очсон Японы анхны төрийн тэргүүн юм.

Дараа нь хоёр орны төрийн тэргүүн дээд хэмжээний уулзалт хийж, аюулгүй байдал, эдийн засаг, өөрчлөгдөн буй дэлхий нийтийн асуудлаар санал солилцсон гэж Цагаан ордноос мэдээлэв.

Сувдан эрэг дэх цэргийн бааз руу довтолсон Японы нисэх хүчний дайралтаар АНУ-ын усан флотын найман онгоц бүгд сүйдэж, дөрөв нь далайн усанд живжээ. 2300 гаруй цэрэг эрсийн амийг авч одсон энэ довтолгооны дараа АНУ Дэлхийн II дайнд татагдан орсон билээ. Абэ Японы талын энэ дайралтын төлөө АНУ-аас уучлал гуйгаагүй боловч “энэ айлчлал дайны золиос болсон олон мянган хүний сэтгэлийг тайтгаруулах сайн тохиол боллоо” гэсэн байна.

Шинзо Абэгийн АНУ-д хийж буй түүхэн айлчлал даваа гаригт /2016.12.26/ эхэлсэн бөгөөд айлчлалын эхний өдөр тэрбээр Хавай арал дахь Номхон далайн үндэсний оршуулгын газарт очиж, амиа алдагсдын дурсгалыг хүндэтгэн цэцэг өргөсөн билээ.

С.ЦЭЛМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж