-Малаа өсгөн үржүүлэх, бойлж нядлах, ашиг шимийг нь зарж борлуулан орлого олох эсэхийг малчид өөрсдөө л шийддэг. Гэтэл хувь хүний өмч болсон малыг эрүүлжүүлэх, вакцинд хамруулах үүрэг төрийнх байж боломгүй-
Засгийн газар өчигдөр /2016.12.26/ ээлжит бусаар хуралдаж, Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн төсөл, түүнтэй нийцүүлэн холбогдох зарим хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцэн дэмжжээ. Ингэснээр бүх төрлийн халдварт өвчнөөс сэргийлэх вакцины үнийг улсын төсвөөс санхүүжүүлж байсныг өөрчилж, зарим халдварт өвчнөөс сэргийлэх вакцины үнэ, үйлчилгээний хөлсийг орон нутгийн төсвөөс болон мал, амьтны эзнээс гаргахаар болсон байх юм. Ёстой л “Загатнасан газар маажив” гэгч боллоо. Ард олноо алагчлан үзэж буй шийдвэрийг арилгах анхны алхам ч гэж нэрлэж болох юм. Энэ асуудлыг хэдийгээр эцэслэн шийдээгүй УИХ-д өргөн мэдүүлэх хэдий ч түшээд малчдад тал засах гээгүй л бол баталчих биз гэж найдна.
Мал өнөөдөр хэний өмч вэ. Мал малчны л өмч. Мал өсгөснийхээ үр шимийг малчид, тэдний үр хүүхэд, ахан дүүс л хүртдэг. Малаа өсгөн үржүүлэх, бойлж нядлах, ашиг шимийг нь зарж борлуулан орлого олох эсэхийг малчид өөрсдөө л шийддэг. Гэтэл хувь хүний өмч болсон малыг эрүүлжүүлэх, вакцинд хамруулах үүрэг төрийнх байж боломгүй. Мал аж ахуйн орон билээ гээд малчдын бүхий л асуудал, хүндрэлийг хамтдаа үүрч байгаа нь шударга биш. Хот газрынхан дагавар хүүхэд шиг шоовдорлогдон үлдэж, малчид олон төрлийн хөнгөлөлт, үйлчилгээ, туслалцаа дэмжлэг авч байгаа нь “хүн бүр эрх тэгш байна” гэсэн Үндсэн хуулийн зарчмыг хамгийн ихээр зөрчиж буй хэрэг билээ. Суурин газарт аж төрж буй иргэдийн хувьд ч амьдралын тулгамдсан асуудал цөөнгүй бий. Угтаа бол мал, машин хоёр ялгаагүй хувь хүний өмч хөрөнгө. Өөрсдөө сонгож авдаг, ашиг шимийг нь хүртдэг. Гэтэл нэг ямбатай нөхөр “Миний машин элэгдээд байна. Төрөөс дэмжлэг авъя” гэвэл ямар сонсогдох вэ. Яг үүнтэй адил малчид хувийн өмчөө нийтийн өмчөөр “мануулж” байгаа нь зохисгүй. Малдаа хийж буй вакцины үнэ ханшийг төрөөс өгөөд зогсохгүй, халдварт өвчнөөр хорогдсон малыг нөхөн олгодог. Ямар ч тохиолдолд хохиролгүй үлдэж, “уснаас хуурай гарах” нөхцөлийг бүрдүүлж байгаа болохоор малчдад хүлээх үүрэг хариуцлага үлдсэнгүй. Малын халдварт өвчнөөс сэргийлэх вакцин хийсэн бол 20-28 хоногт мал гаргахгүй байхаар заасан ч түүнийг дагаж мөрддөг нь цөөн.
Малчин болгон ядуу, ядруу огтоос биш. Малчин гэх нэр дор төрийн асар их дэмжлэг хүртэж байгаа ойгүй баячууд олон. Тэд орлого муутай хүмүүсийг онилон гэр бүлээр нь зарцалж, өчүүхэн бага хөлс мөнгө өгдгийг Монголын тал хээр, хангайн бүсийн хаанааас ч харж болно. Тэдний дотор бөх тэх, уяачид цөөнгүй. Мянга дөхсөн үхэр сүргээ маллуулчихаад 2-3 үнээ сааж, сүүг нь борлуулан хүүхдүүдийнхээ гэдсийг цайлгасны төлөө малчнаа хөөж туусан улсын заан ч бий. Унаж эдлэхгүй, адуулж маллахгүй гахай мэт бордсон үхэр сүрэгт нь хоногийн хоолоо залгуулж ядан буй эгэл иргэдийн татварын мөнгөөр вакцин тарьдаг гээд та бод доо. Хаанаас нь ч харсан шударга биш шийдвэрийг халж, малчид малаа мэддэг болж буй нь сайхан мэдээ. Энэ мэт ухаж төнхвөл тансаглалын он жилүүдэд тодорхой хэсэг бүлэг хүмүүсийн санал авах зорилгоор гаргасан шийдвэрүүд олон бий. Тансаглалаас татгалзах боломж олгодог хямралд баярлалаа.
Д.ЦЭЭНЭ