Зэвсгийн наймааны гол тоглогч нь Америк

Хуучирсан мэдээ: 2016.12.28-нд нийтлэгдсэн

Зэвсгийн наймааны гол тоглогч нь Америк

АНУ зэвсгийн наймааны үзүүлэлтээр Франц болон ОХУ-ыг хол давжээ. Арванхоёрдугаар сарын 19-нд нийтэлсэн Конгрессийн судалгааны тайланд 2015 оны дэлхийн зэвсгийн наймааны үзүүлэлтүүдийг дурдсан юм. 2015 онд АНУ дэлхийн бусад орнуудтай 40,2 тэрбум ам.долларын үнэ бүхий зэвсэг нийлүүлэх гэрээ байгуулсан нь дэлхийн зэвсгийн наймааны нийт үнийн дүнгийн тал хувь нь ажээ. АНУ-ын араас Франц /15,3 тэрбум ам.доллар/, ОХУ /11,1 тэрбум ам.доллар/ бичигдсэн байна.

Дэлхийн зах зээл дээрх газрын тосны бүтээгдэхүүний үнэ буурсны улмаас зарим улс орнууд зэвсэг худалдан авах төсвөө багасгажээ. Ингэснээр дэлхийн зэвсгийн наймаанд эргэлдэх мөнгөн дүн буурч, өмнөх жилийн 89 тэрбумаас 80 болж хасагдсан байна.

АНУ-ын зэвсгийн гол худалдан авагчид нь Катар, Саудын Араб, Ирак болон Өмнөд Солонгос гэнэ. Тэднээс зөвхөн Катар 17 тэрбум ам.долларыг зэр зэвсгээ нэмэгдүүлэхэд зарцуулсан байна.

Америк Саудын Арабт Patriot PAC-3 пуужин нийлүүлсэн бол Катар тэднээс PAC-3 болон Javelin пуужин, Apache нисдэг тэрэг нэлээдийг худалдан авсан байна. ОХУ-ын хувьд Хятад, Энэтхэг, Малайз, Вьетнам болон Мьянмар улсууд зэвсэг нийлүүлдэг гол түншүүд нь ажээ. Оросын үйлчлүүлэгчдийн хувьд пуужин болон нисэх онгоц түлхүү авдаг гэнэ.

С.ЦЭЛМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж