Утаатай тэмцэхэд 92.9 тэрбумыг зарцуулжээ

Хуучирсан мэдээ: 2016.12.26-нд нийтлэгдсэн

Утаатай тэмцэхэд 92.9 тэрбумыг зарцуулжээ

УИХ-ын Өргөдлийн байнгын хорооноос санаачлан өнөөдөр/2016.12.25/ “Агаарын бохирдол, Улаанбаатарын утаа” сэдвээр хэлэлцүүлэг өрнүүллээ.

Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулахын тулд 2011-2015 онд төрөөс 92.9 тэрбум, олон улсын хандивлагч байгууллагуудаас 46.7 сая ам.долларыг тус бүр зарцуулжээ. Гэвч агаарын бохирдол буурсангүй, харин ч хоруу чанар нь улам нэмэгдэж, иргэдийн эрүүл мэндэд ноцтой аюул учруулах болсон. Иймээс Засгийн газраас 2017 оны нэгдүгээр сарын 1-нээс гэр хорооллын айл өрхүүдийн цахилгааны шөнийн тарифыг тэглэх шийдвэр гаргасан аж. Энэ боломжийг оновчтой ашиглахын тулд гэр хорооллын айлууд дулаанаа цахилгаанаар шийддэг болохоос эхлээд түүхий нүүрсний хэрэглээгээ бууруулж, хамтдаа тэмцэх шаардлага байна гэдгийг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол тодотголоо.

Өнгөрсөн жилүүдэд утаатай тэмцэхэд зориулж, гэр хорооллын цахилгааны хөнгөлөлтөд төр дэмжлэг үзүүлэх зорилгоор 30-35 тэрбум төгрөг зарцуулдаг байсан. Эдийн засаг хүндэрсэн гэх шалтгаанаар 2015 онд энэ санхүүжилт зогссон. Гэхдээ мэргэжлийн Засгийн газар байгаа боломж, бололцоондоо тулгуурлаад 5 тэрбум төгрөгийг зарцуулахаар шийджээ.

Цаашдаа утаатай яаж тэмцэх вэ, нэн тэргүүнд “Утаатай тэмцэх үндэсний хөтөлбөр” батлан гаргах шаардлага байна гэдгийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх О.Чулуунбилэг хэллээ.

Төрд утаатай тэмцэх бодлого байдаггүйгээс өөр, өөр зорилт дэвшүүлдэг, хоорондын уялдаа холбоо байдаггүй. Засгийн газарт тодорхой бодлогын баримт бичиг байхгүй байхад УИХ-ын гишүүд нь “Утааг бууруулсангүй, бодлого алга” гэж бухимддаг гээд тоочвол хаа, хаанаа асуудлаа ойлголцох шаардлага ч үүсэж буй аж.

Мөн өнгөрсөн хугацаанд утаа бага гаргадаг зуухыг иргэдэд хөнгөлөлттэй үнээр нийлүүлсэн ч нэлээд хэсэг нь жуулчны бааз, малчин айл өрхүүд рүү явсан. Иймд одоо зуух тараах бол буцааж авах гэрээтэйгээр нийлүүлэх.

Утаатай тэмцэх үндэсний хороог өргөтгөх.

Нийслэлээс улаанбаатар хотын иргэдээ уриалаад амралтын нэг өдрийг цэвэр агаарт өнгөрүүлэх манлайллын ажлыг зохион байгуулдаг болох зэрэг яаралтай арга хэмжээг авах шаардлага байгааг хэллээ.

Хэлэлцүүлэгт Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Эрчим хүчний яам, Эрүүл мэндийн яам, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Мэргэжлийн хяналтын газар зэрэг холбогдох газруудаас төлөөлөл оролцлоо.

Г.ДАРЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж