Рио-2016 олимп, паралимпийн наадамд амжилт гаргаж, медаль хүртсэн тамирчдад Монгол Улсын Ерөнхийлөгч төрийн одон, медаль гардууллаа.
Риогийн олимпийн хүрэл медальт, ОУХМ Д.Отгондалай, паралимпийн хүрэл медальт Э.Содномпилжээ, Б.Ууганхүү нар өнөөдөр Ерөнхийлөгчийн зарлигаар Монгол Улсын Гавьяат тамирчин цол хүртэв.
ОУХМ Д.Отгондалай нь “Рио 2016” олимпийн наадмаас боксын төрөлд эрэгтэйчүүдийн 60 кг-д хүрэл медаль хүртсэн. Харин Э.Содномпилжээ Зуны XV паралимпийн наадмын пауэрлифтингийн төрөлд хүрэл медаль, Б.Ууганхүү нь жүдо бөхийн эрэгтэйчүүдийн 60 кг-ийн жинд хүрэл медалийн эзэн болсон билээ.
Гавьяат тамирчин цолоор энгэрээ мялаасан Д.Отгондалайгийн сэтгэгдлийг сонслоо. Тэрбээр “Боксын спортоор хичээллэхээр спорт заалны хаалгаар орсон тэр өдрөөс хойш олимпийн медальтан болох хүртэлх бүх цаг хугацаанд намайг дэмжиж, тусалсан, зоригжуулсан, урам хайрласан, ирлэсэн бүх хүнд талархал илэрхийлье. Олимпийн рингэнд гаргасан амжилтыг төр засаг, ард түмэн маань үнэлж, өндөр дээд цол хүртээсэнд их баярлаж байна. Тамирчид бидний ялалт, ялагдалтай үргэлж хамт байдаг ард түмэндээ мэхийн ёсолъё“ гэв.
Б.ЭНХ