Шинэ жилээр тайван баярлажээ

Хуучирсан мэдээ: 2017.01.02-нд нийтлэгдсэн

Шинэ жилээр тайван баярлажээ

Бидний алтан амь, эд хөрөнгө, аюулгүй байдлын манаанд үргэлж зогсдог тэдэнд юун түрүүнд баярлалаа гэдгээ хэлье. Энэ шинэ жилээр ч тэд өндөржүүлсэн бэлэн байдалд, иргэдийнхээ аюулгүй байдлын төлөө амжилттай зогсч чаджээ. Энэ ч үүднээс шинэ жилийн баяраар харьцангуй тайван, амгалан баярласан байна.

Цагдаагийнхан өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллалаа

Тухайлбал, баярын өдрүүдэд цагдаагийн байгууллагад 2171 дуудлага иржээ. Үүний дийлэнх нь зөрчлийн шинжтэй. Гэмт хэргийн 68, зөрчлийн 1278, согтуугийн 524, зам тээврийн ослын 301 мэдээлэл ирсэн байна. Үүнээс гэмт хэргийн шинжтэй 51 үйлдлийг цагдаагийн байгууллага шалгаж байгаа аж. Харин онц хүнд гэмт хэрэг зөрчилгүй шинэ оныг тайван угтсан гэдгийг цагдаагийн байгууллагынхан дурьдлаа.

Цагдаагийн байгууллагынхан баяраар өндөржүүлсэн бэлэн байдалд, иргэд, олон нийтийн амгалан тайван байдлыг хангах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлж ажилласан байна. Мөн цагдаагийн байгууллагын алба хаагчид хүүхдийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, салют, пиротехникийн хэрэгсэлд хяналт шалгалт тавьж, болзошгүй аюул, осол, эрсдэлээс урьдчилан сэргийлжээ.

Согтуу жолооч буурчээ

Энэ жилийн хувьд согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ машин жолоодсон хүний тоо буурчээ. Өнгөрсөн жилийн шинэ жилийн өдөр согтуу жолооч 82 бүртгэсэн бол энэ жил 77 болсон байна. Арванхоёрдугаар сарын 31, нэгдүгээр сарын 1-ний өдрүүдэд зам тээврийн осолд 19 хүн өртжээ. Харин энэ өдрүүдэд зам тээврийн осолд 10 хүүхэд өртсөн харамсалтай мэдээг Замын цагдаагийн газраас өглөө.

Тэгвэл баярын өдрүүдэд хот хоорондын замд ч иргэд тайван зорчсон талаар Автотээврийн үндэсний төвөөс мэдээллээ. Энэ өдрүүдэд цаг агаарын хүндрэл, цас орсноос хаагдсан зам, даваа байгаагүй гэлээ. Хот хооронд 365 чиглэлд 1424 тээврийн хэрэгслээр 28665 зорчигчийг тээвэрлэжээ.

Онцгой байдлын 2200 алба хаагч ажиллажээ

Баярын өдрүүдэд онцгой байдлын 2200 алба хаагч иргэдийн аюулгүй байдлыг хангаж ажиллажээ. Энэ хугацаанд 26 гал түймрийн дуудлага ирснийг шуурхай ажиллан унтраасан байна. Мөн Онцгой байдлын анги, байгууллагууд бичил уурхайд агааргүйдсэн, ногооны зооринд угаартсан, цасанд болон мөсөнд цөмөрсөн, ахуйн осолд орсон 15 иргэнийг авран эмнэлгийн анхны тусламж үзүүлжээ. Мөн осолдсон дөрвөн хүний цогцсыг гарган эмнэлэг, цагдаагийн байгууллага болон ар гэрт нь хүлээлгэн өгсөн байна.

Нийслэлийн хувьд баяр, амралтын өдрүүдэд Онцгой байдлын ерөнхий газар, нийслэлийн Онцгой байдлын газрын алба хаагчид “Улаанбаатарын мөнгөн үдэш-2017” шинэ жилийн цэнгүүн болсон Сүхбаатарын талбай, Үндэсний соёл амралтын хүрээлэн, Сонгинохайрхан дүүргийн Баянхошуун дахь Зүрх-Уул, Сүхбаатар дүүргийн Дамбын гүүр, Баянзүрх дүүргийн Маахуур толгой зэрэг газруудад хуваарилагдан үүрэг гүйцэтгэжээ.

Б.ЗАЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж