-30 мянган өрх тоолуураа солиулна-
Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах ажлын нэг хэсэг болох гэр хорооллын өрхийн цахилгааны тарифыг шөнөөр тэглэх шийдвэр хэрэгжиж эхэлжээ. Энэ шийдвэр нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн байна. Үүнтэй холбоотойгоор “Шөнийн тарифыг тэглэх албан ёсны тогтоол нь “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” компанид Эрчим хүчний зохицуулах хорооноос ирээгүй тул энэ шийдвэр хэрэгжиж эхлээгүй” гэх мэдээлэл гарсан юм. Энэ талаар “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” компаниас тодруулбал, “Одоогоор тогтоол нь албан ёсоор ирээгүй. Хэдий тийм ч шөнийн тарифт шилжих ажил цаг хугацаандаа эхэлсэн” хэмээн албаны хүн мэдээллээ.
Эрчим хүчний сайд П.Ганхүүгийн мэдээлж буйгаар энэ хөнгөлөлтөнд гэр хорооллын нийтдээ 146 мянган хэрэглэгч хамрагдах боломжтой. Өөрөөр хэлбэл, өдөр шөнийн тарифт тоолууртай 112 мянган хэрэглэгч шууд шилжих юм байна. Харин 30 гаруй мянган хэрэглэгч энгийн тоолуураа тарифт тоолуураар солиулах шаардлагатай гэлээ.
Иргэд энгийн тоолууртай бол Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ компанийн 70047004 утсаар холбогдож заавар зөвлөгөө авч, солиулж болох юм байна.
Шөнийн тарифт шилжсэнээр 21.00-06.00 цагийн хооронд хэрэглэгчдийн хэрэглэсэн цахилгааны төлбөрийг тэглэнэ гэсэн үг. Мөн шөнийн тарифыг тэглэснээр ачааллаа хэтрүүлж, цахилгааны утасны даацыг хэтрүүлбэл галын аюултай гэдгийг мэргэжлийн байгууллагынхан анхааруулж байна. Ингээд гэр хорооллын иргэдэд дараах хэдэн анхааруулгыг хүргэлээ.
Айл өрхийн цахилгаан хэрэглээ нь автоматын даах чадлаар хязгаарлагддаг. Тиймээс автомат дахин дахин унах тохиолдолд мэргэжлийн байгууллагад даруй хандах
Үйлдвэрийн баталгаа, гэрчилгээтэй халаагуур сонгох
Гар хийцийн халаагуур, бойлуураас татгалзах
Цахилгаан тоноглол, хэрэгслээр хүүхэд тоглох, оролдох нөхцөлийг бүрдүүлэхгүй байх
Галын аюулаас урьдчилан сэргийлээрэй
Эвдрэл, гэмтэлтэй залгуур, унтраалга, олон залгаастай оруулгын утас зэргийг шинэчлэх
Цахилгаан хэрэгслээ залгуураар нь салгаж хэвших, олноор нь зэрэг залгахгүй байх
Тоолуурын хайрцагнаас гэр, байр руу орсон утас халах, шалбарах, богино холбоо үүсэх, шатах, гал гарахаас сэргийлэн шалгаж байх
Эрүүл мэнд, эд хөрөнгөө хамгаалаарай
Ачаалал даахгүй утас сонгохгүй байх (зэс утас 2*4, хөнгөн цагаан утас 2*6-аас дээш голчтой бол тохиромжтой),
Бүдүүн нарийн голчтой, хөнгөн цагаан, зэс утсыг хооронд нь холбож болохгүй
Холхинодог, гэмтэлтэй залгуур, унтраалгыг даруй шинэчлэх
Цахилгааны утсыг унь, тооно, ор, ханын толгойд ороож болохгүй
Дамранд ороолттой урт залгуурыг ашиглах тохиолдолд утсыг бүрэн хөвж, эрчлээг нь гаргасны дараа залгах
Гэр, байрны цахилгааны дотоод монтажийг заавал мэргэжлийн хүнээр хийлгэх эсвэл хянуулах нь болзошгүй эрсдлээс хамгаална.
Иргэд цахилгааны шөнийн тариф, цахилгааны ачаалал, бусад асуудал үүсвэл “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” компанийн Хэрэглэгчдэд үйлчлэх төвд биеэр болон 70047004 утсаар авах боломжтой гэдгийг санууллаа.
Б.ЗАЯА