Шинэ он улс гүрэнд хөгжил, дэвшил дагуулж, хүн ардад боломж, ирээдүй бүхнийг даллах болтугай.
2017 он Монгол Улсын хувьд амаргүй хүнд байх хэдий ч эе эвийг хичээж, дор бүрнээ бүтээлчээр хандаж, хөдөлмөрлөж чадвал ихийг бүтээж чадна.
Хуучин он монголчуудад олон, олон сорилтыг бий болгосон ч түүнээс дутахгүй олон боломжийг дагуулсан юм. Сайн зуншлагын хүчинд малчид хадлан тэжээлээ сайтар бэлтгэж, тариаланчид тариа будаа арвин хурааж авсан. Мал сүргийн тоо түүхэндээ анх удаа 60 саяыг давав. Гурван сая дахь иргэн Монголжингоо түүний үе чацуутнууд 120 мянга гаруй дүү дагуулснаар хүн ам өнөөдрийн байдлаар 3.124.185 болжээ. Монголчууд олуулаа болох нь төрийн хамгийн чухал бодлогын нэг.
Монгол эрдэмтэн хорт хавдрыг эмчлэх эм бүтээж байна, туршилт нь удахгүй дуусаж, баталгаажсанаар монгол хүмүүст амьдрал бэлэглэнэ.
Олимпийн дэвжээнд гаргасан тамирчдын амжилт Монголын түүхийг мөн зузааллаа.
Эдийн засаг амаргүй байгаа ч баялаг бүтээгчид хийж бүтээх зорилгоосоо няцсангүй. Одоо төрийн зөв, тууштай бодлого л чухал. Тэр цагт хөрөнгө оруулагчид ч Монголыг зорин ирэх болно.
Оюутолгой, Тавантолгой хэзээд хөрөнгө оруулагчдыг дуудаж байдаг. Гол нь төслийн үр шим нь монгол айл бүрийн босгоор орж, монгол хүн бүрт хүрч байх нь чухал. Тиймээс ч улс төрийн намууд дуу хоолойгоо идэвхитэй илэрхийлсээр ирсэн байдаг.
Тавантолгойн нүүрсний ордоо зөв ашиглах шийдвэр гаргаж чадвал үнэ нь өсөх боломж бүрдэнэ. Төмөр зам барих ажил ч зэрэгцээд эхлэх ёстой. Төмөр зам бол Монгол Улсын хувьд уул уурхайн баялагаа дэлхийн зах зээлд үнэ хүргэх боломж, өрсөлдөх чадвартай болгох гүүр юм.
Зэс хайлуулах үйлдвэр, нефть боловсруулах үйлдвэртэй болох нь хараат байдлаас гарах том бодлого төдийгүй хөгжлийг хурдасгах тулгуур байх болно.
Аялал жуулчлалыг хөгжүүлж чадвал асар их валют олох боломж дүүрэн байгаа.
Малаа эрүүлжүүлж, ашиг шимийг нь сайжруулж чадвал энэ зах зээлд дэлхийд өрсөлдөх боломж өргөн бий. Мах импортоор авах хүсэлтийг хоёр хөршөөр хязгаарлахгүй Арабын орнуудаас ч тавьсан. Гол нь малаа эрүүлжүүлэх нь зөвхөн төрийн хийх ажил биш малчин бүрийн оролцоог шаардаж байгаа.
Мал эрүүл болж, түүхий эд бэлтгэлийн тогтолцоог хөгжүүлж чадсан цагт үйлдвэрлэгчид арьс шир, ноос ноолуурын салбараас валют олох боломжтой. Тэр цагт хөдөө аж ахуйн салбараас олох орлого өснө.
Өөрөөр хэлбэл, улс орон бүрт заяагаад байдаггүй, уул уурхайн асар их баялаг, нүүдлийн мал аж ахуй, аялал жуулчлалын өргөн боломж монголчуудад л зэрэгцэн оршиж буйг зөв зохистой ашиглаж чадах эсэх нь биднээс л хамаарна.
Г.ХОРОЛ