NEWS АГЕНТЛАГ 2016 оны онцлох 5 үйл явдлыг нэрлэж байна

Хуучирсан мэдээ: 2016.12.31-нд нийтлэгдсэн

NEWS АГЕНТЛАГ 2016 оны онцлох 5 үйл явдлыг нэрлэж байна

Монголын хувьд 2016 он улс төр, эдийн засаг, гадаад харилцааны хувьд түүхэнд тэмдэглэгдэн үлдэх чухал он жил байлаа. News  агентлаг МОНГОЛ УЛСАД ӨРНӨСӨН ОНЦЛОХ 5 ҮЙЛ ЯВДЛЫГ НЭРЛЭЖ БАЙНА.


СОНГУУЛЬ-2016: ЯЛАГДЛААС ШИНЭЧЛЭЛ РҮҮ

Сонгуулийн өдөр. 2016.06.29

Үнэндээ бол 2016 оны зургадугаар сарын 29-нд болсон УИХ-ын сонгуульд Ардчилсан нам дөнгөн данган бүлэг байгуулах хэмжээний суудал авна чинээ хэний ч санаанд буугаагүй юм. Гэвч 16 жилийн өмнөх түүх давтагдаж, МАН 65 суудал авснаар Засгийн газрыг тэргүүлж, есхөн суудалтай хоцорсон ардчилагчид намаа шинэчлэх аянд гарснаар шинэ оныг угтах боллоо.

2016 оны УИХ-ын сонгуульд 12 нам, гурван эвсэл, бие даагч нийлсэн 636 нэр дэвшигч, 2012 оны УИХ-ын сонгуульд 11 нам, хоёр эвсэл, 600 орчим нэр дэвшигч өрсөлдсөн нь оролцооных нь байдлаар харьцуулахад нэг их зөрүүгүй ч парламент дахь төлөөллийн харьцаа нь газар, тэнгэр шиг хол тусна. Тодруулбал, 2012 оны УИХ-ын сонгуульд Ардчилсан нам нийт сонгогчдын 40 гаруй хувийн санал авснаар парламентад 33 суудалтай болсон бол МАН 30 гаруй хувийн итгэл хүлээснээр 26 суудал авч байв. Үлдсэн суудлыг УИХ дахь МАХН, МҮАН-ын Шударга ёс эвслийн бүлгийн 11, ИЗНН-ын нэр бүхий хоёр гишүүн, бие даагч гурван гишүүн тус бүр бүрдүүлсэн.

Харин өнөөдөр УИХ-д хоёрхон намын бүлэг, нэг бие даагч, МАХН-ыг төлөөлсөн ганц гишүүн ажиллаж байна. Нийт сонгогчдын 30 гаруй хувь нь Ардчилсан намд итгэл хүлээлгэсэн байтал УИХ-д ердөө есөн гишүүн төлөөлж, 50 гаруй хувийн санал авсан МАН 65 суудалтай суугаа нь холимог тогтолцоог “устгасан”-ы үр дүн юм.

Мажоритар тогтолцоо савладаг, сонгогчдын саналыг бүрэн төлөөлдөггүйг мэдсээр байж, Сонгуулийн хуульд өөрчлөлт оруулан, тойргийг өөрсөддөө зориулж зуран, мандатынх нь тоог өөрчилсөн зэрэг нь Ардчилсан намыг ялагдалд хүргэсэн гол шалтгаанууд юм.

2016 оны УИХ-ын сонгуульд 12 нам, гурван эвсэл, бие даагч нийлсэн 636 нэр дэвшигч, 2012 оны УИХ-ын сонгуульд 11 нам, хоёр эвсэл, 600 орчим нэр дэвшигч өрсөлдөв. 2016.06.29.

40000-60000 гаруй сонгогчтой Говь-Алтай, Булган зэрэг аймагт нэг мандат ногдуулчихаад Хэнтий аймгийг зөвхөн эзэн Чингис хааны нутаг гэсэн үндэслэлээр мандатыг нь гурав болгосон тухай тайлбар нь Ардчилсан намынхныг шившиг л болгож харагдуулснаас үндэслэлтэй гаргалгаа болоогүй. Багануур дүүргийг дөрвөн хэсэг тасалж хаячихаад “УИХ-д дөрвөн гишүүн танай дүүргийг төлөөлнө” гэж домог ярих нь үнэн хэрэгтээ мулгуй үйлдэл байлаа. Хүн амын тоо, нутаг дэвсгэрийн хэмжээ, газар зүйн байршил зэрэг олон зүйлийг харгалзан үзэж, мандатын тоог тогтоож ирсэн жишиг УИХ-ын сонгууль болохоос нэг сарын өмнө эрх баригч хүчний бяраар эвдэгдэж, зурагдсан.

Харин төлөөс нь зөвхөн УИХ-ын сонгуулийн ялагдлаар цэг тавьсангүй, аймаг, нийслэлийн Иргэдийн хурлын төлөөлөгчийн сонгуульд давхар бут цохиулав. Нийслэлийн Иргэдийн хурлын төлөөлөгчөөр 45 хүн сонгогдсоны 11 нь Ардчилсан намаас нэр дэвшигчид бол 34 нь зөвхөн МАН-аас өрсөлдсөн нэр дэвшигчид байлаа. Улс төрийн гуравдагч хүчнүүдээс хэн нь ч нэг суудал авч чадаагүй. Аймгуудын тухайд мөн л МАН хавтгай ялалт байгуулсан.

Сонгуулийн энэхүү үр дүнг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч асан Э.Бат-Үүл “Улс төрийн цунами боллоо” гэж тодорхойлсон нь бий.

Аравдугаар сард болж өнгөрсөн Сум, дүүргийн Иргэдийн хурлын төлөөлөгчийн сонгууль Ардчилсан намынхны хувьд ялагдлын “шок”-ноосоо гарч амжаагүй үед болсон хамгийн хүнд тулаан байсан ч 100 гаруй сум, нийслэлийн гурван дүүрэгт ялснаар намынхаа шинэчлэлийг эхлүүлэх хүч тамиртай болж авсан гэж хэлж болно.

Сөрөг хүчний үүрэг гүйцэтгэх үедээ ч орон нутагт хөлөө алдаж үзээгүй МАН энэ сонгуульд дахин ялалт байгуулснаар хууль тогтоох байгууллагаасаа эхлээд нутгийн өөрөө удирдах байгууллага нэг намын гарт төвлөрөөд байна. Гэхдээ хоёр намын тулаан дуусаагүй, хэдхэн сарын дараа болох Ерөнхийлөгчийн сонгууль хүлээж байна.

Г.ДАРЬ


АСЕМ: УЛААНБААТАРААС МЭДЭЭЛСЭН ХОЁР ХОНОГ

Дэлхийн удирдагчид монгол гэрт чууллаа.

Дэнж хотойтол нааддаг долдугаар сард Монгол гадныхны анхаарлыг татаж чаддаг. Монголыг сонирхон ирдэг жуулчдын тал хувь нь наадам үзэх гэж ирдэг. Харин энэ 2016 оны хувьд наадмаас гадна АСЕМ гэдэг зүйл гадныхны анхаарлыг Монгол руу татаж чадсан юм.

Дэлхийн 50 гаруй орны өндөр дээд хэмжээний 4000 орчим төлөөлөгчийг АСЕМ буюу Ази-Европын дээд түвшний уулзалтад монголчууд эх нутагтаа хүлээн авч, өндөр сэтгэгдэлтэй үдэж чадсан. Хоёр жилийн өмнө буюу 2014 онд Италийн Милан хотноо болсон АСЕМ-ын дээд түвшний X уулзалтаас дараагийн уулзалтаа Монголын нийслэл Улаанбаатарт хийхээр шийдсэн юм.

Долдугаар сарын 15-16-нд болсон дэлхийн хэмжээний энэ том уулзалтыг эдийн засаг хямарсан үед нутагтаа хүлээн авах нь буруу байсан хэмээн шүүмжлэх хүн олон байсан. Туурга тусгаар Монгол улс дэлхийн тоглогч байж чадна гэдгээ харуулсан нь хамгийн гол ач холбогдол. Орос, Хятад гэсэн хоёр том гүрний дунд хавчуулагдан оршдог Монгол улс эх дэлхийгээ амар амгалан байлгах их хэрэгт дуу хоолойгоо нэмэрлээд зогсохгүй, хуруугаа хөдөлгөж чадна гэдгээ харууллаа. Хэдийгээр өөр хоорондоо толхилцдог ч, өөрсдийн буруугаас эдийн засгаа элгээрээ мөлхүүлсэн ч, хаа нэгтээ очоод дур зоргоороо бурж орхидог ч эцсийн эцэст эх орноо гэсэн эрх ашигт зангилагдаж чаддагаа нотолсон.

АСЕМ-ын бидэнд үлдээж байгаа өвийг мөнгөн дүнгээр илэрхийлэх нь өрөөсгөл. АСЕМ-ын бэлтгэл ажлын хүрээнд бид өөрсдөдөө маш том хөрөнгө оруулалт хийлээ.

Энэ хоёр өдөр “Монголын нийслэл Улаанбаатараас мэдээлэв” гэсэн тодотголтой мэдээ, сурвалжлага дэлхийн мэдээллийн агентлагуудын туузаар хөвөрсөн.

АСЕМ11-д Ази, Европын 51 орон, Европын холбоо болон АСЕАН-ы 4000 гаруй төлөөлөгч, мөн энэ үйл ажиллагааг сурвалжлахаар 600 гаруй сэтгүүлч Монголд зочлов. Төрийн ордон, 2016.07.15

Ази, Европын 51 орон, Европын холбоо болон АСЕАН-ы 4000 гаруй төлөөлөгч, мөн энэ үйл ажиллагааг сурвалжлахаар 600 гаруй сэтгүүлч, бас зарим орноос бизнесийн өргөн төлөөлөл ирсэн гээд бодохоор энэ өдрүүдэд Улаанбаатарт 5000 орчим гадаадынхан зочилсон. Эрт эдүгээгээс Монголын газар шороон дээр ийм олон гадаад орны гийчид нэгэн дор хөл тавьж, түмэн хэлээр шулганалдаж байсангүй. Түүхийн сурвалж бичигт Гүег хааныг хаан ширээндээ өргөмжлөгдөх ёслолд уригдан ирсэн зочин гийчдийн тоог 4000 хэмээн бичсэн байдаг ажээ.

Монгол Улс жилдээ дунджаар 4-5 өндөр дээд хэмжээний айлчлалыг хүлээж авдаг байсан бол энэ долдугаар сарын хоёр өдөр нэгэн зэрэг таван дээд хэмжээний айлчлал хүлээн авсан. Тухайлбал, БНСУ-ын Ерөнхийлөгч, БНХАУ, Япон, Сингапур, Вьетнамын Ерөнхий сайд нарын айлчлалыг хүлээн авсан. Энэ бол Монголын гадаад харилцааны түүхэнд анх удаа юм.

Улаанбаатарын уулзалт онцлогтой байсан. Юу гэвэл АСЕМ хэмээх энэ байгууллага энэ жил байгуулагдсаныхаа 20 жилийн ойг тэмдэглэж байгаа юм. 20 жилийн өмнө Ази, Европын 26 орныг нэгтгэн байгуулагдаж байсан АСЕМ эдүгээ дэлхийн 53 орныг эгнээндээ нэгтгэсэн нөлөө бүхий байгууллага болон өргөжжээ.

АСЕМ-ЫН 11 БАРИМТ

  1. Ази-Европын дээд түвшний 11 дүгээр уулзалтад АСЕМ-ын гишүүн 51 орон, хоёр олон улсын байгууллагын 4000 гаруй төлөөлөгч оролцов.
  2. Найман орны Ерөнхийлөгч, тухайлбал, Болгар, Кипр, Латви, Мьянмар, Өмнөд Солонгос, Хорват, Чех, Швейцарь, хоёр орны Дэд Ерөнхийлөгч, үүнд, Индонези, Энэтхэг багтжээ.
  3. 23 орны Ерөнхий сайд, Шадар сайд, 17 орны Гадаад хэргийн сайд болон бусад сайд, Тусгай элч, Элчин сайд оролцов. Эдгээрээс Япон улсын Ерөнхий сайд Шинзо Абе Монголд гурав дахь удаагаа айлчилсан.
  4. Энэ удаагийн дээд түвшний уулзалтын сэдэв нь “АСЕМ-ын 20 жил: Уялдаа холбоогоор өртөөлөн ирээдүйн түншлэлийн төлөө”.
  5. Олон улсын хоёр байгууллага, үүнд, Европын холбоо болон АСЕАН-ын төлөөлөл оролцсон. Европын холбоог Европын Зөвлөлийн Ерөнхийлөгч Дональд Туск төлөөлсөн бол АСЕАН-ыг Ерөнхий нарийн бичгийн дарга Лэ Лоунг Минь төлөөлжээ.
  6. 20 жилийн өмнө буюу 1996 онд 26 гишүүнтэй байгуулагдаж байсан Ази-Европын яриа хэлэлцээний чуулган эдүгээ 51 орон, хоёр олон улсын байгууллагыг эгнээндээ нэгтгэдэг.
  7. Монгол Улс БНХАУ-ын нийслэл Бээжин хотноо 2008 онд чуулсан долоо дахь удаагийн чуулга уулзалтаар АСЕМ-ын гишүүнээр элссэн юм.
  8. Гадаадын 612, дотоодын 124 сэтгүүлч уулзалтыг сурвалжилжээ. Хурлын үйл ажиллагаа болон бусад дагалдах арга хэмжээг Европын өргөн нэвтрүүлгийн холбоо, Монголын 14 телевиз хамтран шууд дамжуулсан.
  9. ASEM-11-д оролцож буй хамгийн залуу төлөөлөгч нь Эстони улсын Ерөнхий сайд,  36 настай Таави Роойс байв.
  10. АСЕМ-д зориулан гаргасан маркийг 20.000 хувь хэвлэжээ.
  11. АСЕМ-ын түүхэнд оролцогчид анх удаа нүүдэлчдийн эсгийн гэрт чуулав.

Д.НАРАНТУЯА


“ЭРДЭНЭТ” ЗУУН ХУВЬ МОНГОЛДОО ИРЭВ

Шийдлийн Засгийн газрын тэргүүн Ч.Сайханбилэг Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг оросуудаас худалдаж авсан гэх шинэ мэдээ дуулгав. Төрийн ордон, 2016.06.28

УИХ-ын сонгуулийн өмнөх өдөр Шийдлийн Засгийн газрын тэргүүн Ч.Сайханбилэг Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг оросуудаас худалдаж авсан гэх шинэ мэдээ дуулгасан нь 2016 оны эдийн засаг, улс төрийн хүрээнд шуугиан тарьсан халуун сэдвээр нэрлэгдэж байна. Энэ бол яах аргагүй Монголын  эдийн засгийн түүхэнд тэмдэглэгдэн үлдэх чухал бөгөөд том наймаа болсон билээ.

Одоогоос З8 жилийн өмнө Эрдэнэтийн овоог түшиглэн “Эрдэнэт” үйлдвэрийг байгуулсан бөгөөд өнөөдөр ийнхүү Монголын үндэсний компани болон хаягаа өөрчлөөд байгаа юм.

Хоёр улсын хамтарсан өмч болох “Эрдэнэт”-ийн  49 хувийг эзэмшдэг Оросын “Ростех” өөрийн хувиа “Монгол зэс” компанид зарснаар “Саалийн үнээ” гэж тодорхойлогддог тус үйлдвэр 38 жилийн дараа ийнхүү Монголын 100 хувийн өмч болж байна. Илүү тодоохойгоор хэлбэл, ОХУ-ын төрийн өмчит “Ростех” компани “Эрдэнэт”-д эзэмшиж байсан 49 хувиа монгголчуудад 400 гаруй сая ам.доллараар зарсан байдаг. Тус үйлдвэрийн 51 хувийг Монголын Засгийн газар, 49 хувь нь “Монгол зэс” компанид ирснээр хувь нийлүүлэгчид үйлдвэрийн Төлөөлөн удирдах зөвлөл болон удирдлагуудыг шинэчлэн өөрчилсөн билээ.

Төр, хувийн өмч хосолсон үндэсний том үйлдвэрийн ТУЗ-ийн даргаар У.Бямбасүрэнг, ерөнхий захирлаар нь  Х.Бадамсүрэнг томилсон. Шинэ ТУЗ-ийн гишүүдийн дөрөв нь Засгийн газрын, гурав нь “Монгол зэс” компанийнх.

Эрдэнэт үйлдвэр

“Эрдэнэт” үйлдвэр нь өнгөрсөн жилүүдэд олсон ногдол ашгаа 51:49 хувиар нь хувааж авдаг байсан бөгөөд жилдээ “Ростех” компанид 40 сая орчим ам.доллар өгдөг байсан гэх мэдээлэл бий. Тэгвэл энэ 40 орчим сая ам.доллар Монголдоо шингэх нөхцөл бүрдлээ гэсэн үг.

Хувь нийлүүлсэн үйлдвэрээс үндэсний компани болсноор энэ сэдэв Монголын улстөрчдийн дундах хэрүүлийн “алим” болж хувирсан. Тэр тусмаа УИХ дахь МАН-ын бүлгийнхэн дунд “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг монголчууд худалдан авсныг илтэд эсэргүүцэх хүмүүс цөөнгүй байсан юм. Монголын өмч Монголдоо ирлээ гэж дүгнэх нэгэн байхад оросуудаас хууль бусаар худалдаж авлаа гэж улстөржих хүмүүс ч цөөнгүй байв.  Гэвч, аль талаас нь харсан Монголын баялаг Монголдоо ирсэн нь чухамдаа буруутгах аргагүй “худалдан авалт” болсон гэж хэлж болно.

“Эрдэнэт” бол Монголын том татвар төлөгчдийн нэг. Өнгөрсөн 2015 онд тус үйлдвэр 284 тэрбум төгрөгийн татвар төлжээ. Гэсэн хэдий ч хувь нийлүүлсэн гэдэг шалтгаанаар  тус үйлдвэрээс зарладаг тендерүүд, олсон зарсан орлого, зарлага нь олон нийтэд хаалттай  байв. Харин үйлдвэр үндэсний өмч болсноор хамгийн түрүүнд өөрчлөгдсөн зүйл бол “Эрдэнэт” үйлдвэрийн бүх орлого, зарлага, тендер олон нийтэд “шилэн” болсон явдал. Энэ оны эхний 10 сарын байдлаар 498 мянган тонн зэсийн баяжмал үйлдвэрлэжээ. Тус үйлдвэрт өнөөдөр зургаан мянга гаруй хүн ажиллаж байгаагийн 95 хувь нь монголчууд юм байна.

Монгол Улсын стратегийн үйлдвэрт тооцогддог “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг оросоос монголчуд худалдан авсан нь оны онцлох үйл явдалд тооцохоос аргагүй билээ.

 Ж.ЭРХЭС


С.ЗОРИГИЙГ ХӨНӨӨСӨН ХЭРЭГ 18 ЖИЛИЙН ДАРАА ШҮҮХЭД ШИЛЖСЭН НЬ 

Хэргийн шүүгдэгчид. Хорих 461-р анги. 2016.12.21

Ардчилсан хувьсгалын нэрт зүтгэлтэн С.Зоригийг гэрт нь зэрлэгээр хөнөөснөөс хойш 18 жилийн дараа буюу 6642 хоногийн дараа хэргийн шүүх хурал эхлэв. Илрээсэй гэсэн олон нийтийн сэтэхүйг далимдуулж, сонгууль болгоноор шахуу “С.Зоригийн хэргийг илрүүлнэ” гэсэн мөрийн хөтөлбөрөөр намууд шоуддаг байсан. Сайн хүний нэрийг гурав худалдана гэгчээр тэрхүү шоу нь ч итгэмтгий монголчуудын санал өгөх хандлагад шууд биш юмаа гэхэд тодорхой хэмжээгээр нөлөөлж ирсэн. Ингэхдээ холбогдолгүй хүнийг харийн нутгаас хулгайлж авчирч, хүчээр ял тулгах гээд бүтэлгүйтэж байлаа.

Харин 18 жилийн дараа анх удаагаа шүүхэд шилжсэн хэргийн ялын дүгнэлтийг улсын яллагч Б.Батжаргал, Ж.Сандагсүрэн дөрвөн цаг танилцуулсан нь энэ хэрэгт холбогдуулан ямар их материал цугласан бэ гэдгийг харж болно. Аллагын цорын ганц гэрч, С.Зориг агсны гэргий Б.Булган “Гэмт этгээдүүд эрэгтэй, эмэгтэй 2 байсан ба бие биенийгээ Батаа, Оюунаа хэмээн дуудсан. Эрдэнэтээр битгий оролдоод байгаарай, дараачийнх нь Бат-Үүл, Элбэгдорж шүү! гэж  сүрдүүлээд гарч зугтаасан” хэмээн мэдүүлсэн байдаг. Харин 17 жилийн дараа түүнийг баривчлан хорьсон ч хууль, хяналтынхан хамгаалалтандаа авч байна гэж мэдэгдсэн. Хэрэгтнүүд биенээ Батаа, Оюунаа гэж дуудаж байсан талаар мэдүүлсэн байдаг ч шүүх хуралд шүүгдэгчээр Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг татав.

Шүүгдэгч Б.Содномдаржаа бусадтай бүлэглэн, давтан үйлдлээр өөр гэмт хэргийг нуун дарагдуулах зорилгоор хохирогчийг биеэ хамгаалах чадваргүйг нь мэдсээр байж, хоёр ба түүнээс дээш хүнийг онц хэрцгий, харгисаар буюу нийгэмд аюултай аргаар санаатай хөнөөсөн хэрэгт буруутгаж 25 жил хорих ялаар шийтгэлээ. Мөн түүнийг гэмт хэрэгтээ насанд хүрээгүй хүүхэд уруу татаж, оролцуулсан гэж шүүх буруутгалаа. Яллагдагч Ц.Амгаланбаатарт бусдын захиалгаар, бусадтай бүлэглэж, урьдчилан тохиролцон, шунахайн сэдлээр, давтан үйлдлээр хоёр ба түүнээс дээш хүнийг онц хэрцгий, харгисаар буюу нийгэмд аюултай аргаар санаатай хөнөөсөн хэрэгт буруутгаж 25 жил оноосон юм. Харин шүүгдэгч Т.Чимэгээд шүүх 24 жилийн ял оноож, чанга дэглэмтэй хорих ангид ялыг нь эдлүүлэхээр шийдвэрлэлээ. Түүнийг онц хэрцгий харгис аргаар, бусдын захиалгаар, бусадтай бүлэглэн үгсэн тохиролцож, хүний аминд хүрсэн, гэмт хэрэгтээ насанд хүрээгүй хүүхэд уруу татаж, оролцуулсан гэм буруутайд тооцлоо.

С.Зоригийг хөнөөсөн хэргийг шүүх бүрэлдэхүүн. Хорих 461-р анги. 2016.12.21

18 жилийн дараа сэжигтэнг тогтоосон уг хэрэг улс төртэй холбогдоогүй ч улсын нууцтай холбоотой “Маш нууц” зэрэгт багтах баримтууд агуулсан учир шүүх хурлыг хаалттай горимоор явуулах нь зүйтэй гэж  шүүх бүрэлдэхүүн үзсэн юм.

Энэ хэргийн шүүх хурлыг тал бүрээс өөр өөрсдийнхөөрөө тайлбарлаж буй ч эцсийн эцэст хэргийг шийдвэрлэж, гэмт буруутай эсэхийг нь тогтоох эрх зөвхөн шүүхэд буй.

Шүүх хурлыг өмнө нь томоохон авлигын хэргийг шүүж байсан М.Алдар даргалж, шүүгчээр Б.Мөнх-Эрдэнэ, С.Оюунчимэг, өмгөөлөгчөөр Л.Мөнхтөр, С.Оюунцэцэг, Д.Дашдорж, Л.Энхсайхан, улсын яллагчаар Б.Батжаргал, Ж.Сандагсүрэн нар оролцож байна.

Хэдийгээр хэвлэл мэдээллийн хэрэгслээр хэргийн газраас олдсон үс ДНК-гийн шинжилгээгээр Т.Чимгээгийнхтэй таарсан гэж буй ч яаран дүгнэхэд эрт байна. Энэ мэдээлэл үнэн болоод батлагдсан эсэхийг шүүх тогтооно. Тиймээс бид шүүх засаглалын бие даасан хараат бус байдлыг хүндэтгээд харах л үлдэж байна.

Мэдээж хорь орчим жил энэ хэргийн араас хөөцөлдсөн хууль хяналтынхан ус үзэлгүй өмд шуув гэгчээр хангалттай нотлох баримт цуглуулаагүй бол шүүхэд шилжүүлэхгүй байсан нь тодорхой. Ямартай ч 18 жилийн дараа шинэ оны зааг дээр дуулиан хэргийн шүүх хурал болж байна. Энэ хэрэг улс төрийн захиалгат байсан уу, ахуйн сэдэлтэй байв уу гэдэг нэг асуудал. Харин үнэн мөнийг нь олно гэдэг түүнээс чухал билээ.

Л.НАРАНТӨГС


ӨВЛИЙН ЭХЭН САРЫН ГЭНЭТИЙН АЙЛЧЛАЛ

Гандантэгчэлин хийдэд /11.19/, гэрэл зургийг Н.БАТМӨНХ

Дээрхийн гэгээнтэн XIV Далай лам арваннэгдүгээр сарын 18-23-ны өдрүүдэд Монгол Улсад  айлчилсан нь 2016 оны онцлох үйл явдлын нэг байлаа. Энэ удаагийн айлчлал ес дэх удаагийнх бөгөөд өвлийн улиралд тохиосон анхны айлчлал гэдгээрээ онцлог.

Сүсэгтэн олны хүсэлтээр Дээрхийн гэгээнтнийг урин залсан Гандантэгчинлэн хийдээс энэ удаагийн айлчлалын талаар олон нийтэд урьдчилан мэдээлээгүй нь гэнэтийн явдал болсон төдийгүй бяцхан хардлага, шүүмж  дагуулаад амжсан. Их хүрээ хийдийн тэргүүн З.Санждорж тэргүүтэй лам хуврагууд Далай ламтныг Монголд айлчлахын өмнөх өдөр хэвлэлийн хурал зарлаж, X Богдыг тодруулахаар ирж байгааг дуулгаад, энэ нь Монголын бурхан шашны хэрэгт дураар оролцож буй хэрэг хэмээн мэдэгдсэн юм.

Сүсэгтэн олон монголчуудад түүний мэдэгдэл сүйдтэй нөлөөлсөнгүй. Олон жилийн дунджаас давж хүйтэрсэн цочрол хүйтний үеэр айлчилж буй Далай багшийг даарч тух алдуузай гэдэгт илүүтэй зовинож байлаа. Дээрхийн гэгэээнтнийг айлчилсан тав хоногт Улаанбаатар хотноо өдөртөө 21-25 хэм, шөнөдөө 28-37 хэм хүрч хүйтэрч байсан ч Бурханы шашны тэргүүн Дээрхийн гэгээнтэн огтхон ч ажралгүй орхимжоо нөмрөн, сүсэгтэн олонтой уулзаж, лекцээ уншиж явсан юм. Түүнийг цаг агаарын хүйтрэлтээс илүүтэй  хүмүүсийн зүрх сэтгэлийн цэвдэгшил санааг нь зовоодгийг өмнө нь өгүүлж байснаа  эрхэм багштан баталсан. Дээрхийн гэгээнтэн XIV Далай лам Гандантэгчэнлин хийдийн Жанрайсиг дацангийн өмнөх талбайд Монголын нийт ард түмэн, сүсэгтэн олонд мэндчилгээ дэвшүүлсний дээр  “UВ palace”-ийн танхимд Монголын нийт лам хувраг, сүсэгтэн олонд нэн ховордсон Богдын ламын ван, Жигжидийн цэван айлдсан юм. Мөн “Шинжлэх ухаан ба Бурханы сургаал” сэдэвт хэлэлцүүлэгт оролцож, оюутан сурагчдад ном айлтгал өргөсөн. Таван жилийн дараа айлчлан ирж буй Далай багшийгаа монголчууд  баяртайгаар угтан авсан билээ.

Буянт ухаа спорт цогцолборт /11.20/, гэрэл зургийг Н.БАТМӨНХ

Дээрхийн гэгээнтэн XIV Далай лам Монгол Улсад хийсэн өвлийн эхэн сарын айлчлалын эрхэм дээд зорилго X Богдыг тодруулах байсан гэдэг нь айлчлалын сүүлийн өдөр (2016.11.23) тодорхой болсон юм. Монголооос буцахынхаа өмнөхөн сэтгүүлчидтэй уулзаж, ес дэх удаагийн айлчлалынхаа талаар  танилцуулсан юм. Хэвлэлийн хурал дээр Дээрхийн гэгээнтэн “IX Богд Жавзундамбын дараагийн дүр Монголд мэндэлсэн шинж, тэмдэг илэрсэн. Гэхдээ хүүхэд балчир байгаа учраас одоохондоо нийтэд зарлах шаардлагагүй болов уу гэж бодож байна. Гурав, дөрөв, таван нас хүрэхэд нь бодолцох хэрэгтэй. Жаахан хүүхдийг сэнтийд залах хэцүү. Том болоод ном эрдэмд гэгээрч, олонд тусыг хүргэх учиртай” хэмээн мэдэгдсэн нь олны дундах цуу яриа, эргэлзээ тээнэгэлзэл, талцал хуваагдалд цэг тавьж чадсан.

Хэвлэлийн бага хуралд гадаадын хэвлэл мэдээллийнхэн ч бас оролцсон. Сэтгүүлчдийн сонирхон сонжсон асуултын нэг нь БНХАУ-ын Гадаад харилцааны яамны мэдэгдлийн тухай байсан. Асуултад Дээрхийн гэгээнтэн дараах хариултыг өгсөн юм.

-"Намайг хаана ч очсон Хятадын зүгээс ийм асуудал байнга тавьдаг. Би энэ дэлхийн бурхны шашинтай улсуудаас Монгол, Японд л чөлөөтэй зорчиж чаддаг. Бусдад нь очиж чаддаггүй. Уг нь би бурхны шашинтай хүн ч бурхны шашинтай улсад очиж чадахгүй байна гэдгийг тоглоом, шоглоом болгон хэлдэг. Хятадыг аваад үзье. Энэ улсад бурхны шашинтай 400 гаруй сая хүн бий. Тэдний зүгээс намайг айлчлаач гэж байн байн урьдаг. Бодит байдлыг хэлэхэд, би 1974 оноос хойш Түвдийн тусгаар тогтнолын асуудлыг дэвшүүлэхгүй байгаа. Хятадын засгийн бодлого бол намайг салан тусгаарлагч гэж үздэг. Би Түвдийг тусгаар тогтносон улс болгоно гэж тэмцэхгүй байгааг дэлхий нийт мэдэж буй. Зарим хүн “Түвдийг тусгаар улс болгохын төлөө явахгүй байна” гэж намайг буруутгадаг. Би анхнаасаа “Бид ялна, тэд ялагдана” гэсэн санаагаар бус хоёр улсад харилцан тустай байх юмсан гэсэн бодлоор хандаж ирсэн" хэмээн өгүүлсэн.

Дээрхийн гэгээнтэн энэ удаагийн айлчлалынхаа үеэр “Та бүхэн хэрэв намайг хайрладаг, намайг хүндэлдэг бол бурхны шашныг шинжлэх ухаанчаар судлаарай” гэж захисан нь ухаж ойлговол ихийг өгүүлсэн сургаал байлаа.  Энэрэл, нигүүлсэл, шашин шүтлэгийн алинд ч үнэн сэтгэлээсээ ханддаггүй, аливааг мухар сохроор даган дуурайдаг, асуудлын цаад учрыг нягтлахын өмнө уулгалан цуурдаг гэхчилэн монголчууд бидний сул талыг тун чиг гярхай ажиглан, ганцхан өгүүлбэрт багтаан айлдсан нь өдгөө 81 насыг зооглож буй  Дээрхийн гэгээнтний билиг оюун юутай соргог, сэргэгийг илэрхийлнэ.  Далай ламын Монгол Улс дахь ес дэх удаагийн айлчлалын талаарх сайн саар мэдээ, эерэг сөрөг хандлага шинэ оны босгон дээр үргэлжилсэн хэвээр байгаа ч сүсэгтэн олны сэтгэлийн гал бөхөөгүй билээ.

 ДЭЭРХИЙН ГЭГЭЭНТЭН XIV ДАЛАЙ ЛАМЫН МОНГОЛ УЛСАД ХИЙСЭН АЙЛЧЛАЛУУД 

  • Анхдугаар айлчлал: 1979 оны YI сарын 15 буюу билгийн тооллын XYI жарны шороон хонин жилийн зуны эхэн сарын 20-ны билигт сайн өдөр Монгол оронд Азийн буддистуудын энх тайвны V бага хурлын хүндэт зочноор уригдан анх заларчээ. Тэрбээр сүсэгтэн олонд "Гандан лхавжаа", "Есөн мөрт мэгзэм", "Дөрвөн мөрт мэгзэм" айлдан сүсэгтэн олны хамтаар маани уншиж "Язгуурын гурван бурханы тарни"-ийн лүн хайрласан юм.

  • Удаах айлчлал: 1982 оны VIII сарын дундуур, билгийн тооллын XYI жарны усан нохой жилийн намрын эхэн сард тохиов. Энэ айлчлалаар III Далай ламын зохиосон "Бодь Мөрийн Зэрэг-ийн тунгаамал алт"-ыг дэлгэрэнгүй айлдав. Мөн "Жигжид бурхны авшиг","Жамсран бурхны жэнан" зэрэг ном айлдаж Азийн буддистуудын энх тайвны бага хурлын ерөнхий чуулганд хүндэт зочноор уригдан оролцов.
  • Гуравдугаар айлчлал: 1991 оны IX сар буюу билгийн тооллын XYII жарны төмөр хонь жил бол Монгол орон ардчилал шинэчлэлийн замаар замнаж эхэлсэн түүхэн цаг үе байлаа. Дээрхийн Гэгээнтэн Төв цэнгэлдэх хүрээлэнд "Бодь Мөрийн Гурван Эрхэм" номын дэлгэрэнгүй тайлбар, "Цагаан Дарь Эхийн насны авшиг", "Язгуурын гурван бурхны тарни"-ийг сүсэгтэн олонд айлдав.
  • Дөрөвдүгээр айлчлал: 1994 оны IX сар буюу билгийн тооллын XYII жарны модон нохой жил. Энэ айлчлалаар "Бодь Мөрийн Зэрэг-ийн Тунгаамал Алт" номыг тайлбарлан нийт сүсэгтэн олонд "Бурхан багшийн зүрхэн тарни", "Язгуурын гурван бурхны зүрхэн тарни", "Ловон Бадамсамбааваа бурханы зүрхэн тарни"-ийн лүн хайрлав.

  • Тавдугаар айлчлал: 1995 оны VIII сар буюу билгийн тооллын XYII жарны модон гахай жилийн намрын эхэн сар. Далай лам Монголд анх удаа Гандантэгчэнлин хийдэд Дүйнхорын ван их авшигийг Монголын сүсэгтэн олонд хүртээв. Мөн төв цэнгэлдэх хүрээлэнд Богд Зонховын туурвисан "Бодь Мөрийн Зэрэг-ийн Хураангуй Утга" болоод "Шүтэн Барилдахуйн Магтаал" зэрэг бурхны шашны гүн ухааны номыг дэлгэрэнгүй айлдаж "увш" болон "бодийн санваар" хайрлав.

  • Зургадугаар айлчлал: 2002 оны XI сарын 06-09-ний өдрүүдэд айлчлав. "Бодь Мөрийн Зэрэг-ийн Гурван Эрхэм", "Шүтэн Барилдахуйн Магтаал", "Бурхан багшийн зүрхэн тарни", "Дарь Эхийн жэнан" зэргийг нийт сүсэгтэн олонд айлдаж, оюутан залууст сургаал номоо хайрлав.

  • Долдугаар айлчлал: 2006 оны VIII сарын 21-27.  Дээрхийн гэгээнтэн лам хуврагийн жаяг бичгийг зохион Монголын бурханы шашны сүм хийдүүдийн тэргүүн болон хамба лам нарт гардуулж Монголчуудад анх удаа гэлэн сахилыг 52 ламд хүртээсэн юм. Далай ламын энэ удаагийн айлчлалын үеэр өөрийн мутраар суулгасан мөнхийн ногоон гацуур мод Гүнчав Жамбаалин төвийн үүдэнд буй.

  • Наймдугаар айлчлал: 2011 оны XI сарын 7-11. Дээрхийн гэгээнтэн оюутан залуучуудад "Шинэ мянганы ёс зүй" сэдэвт лекц айлдсан ба нийт сүсэгтэн олонд "Бодь Мөрийн Зэрэг-ийн Тунгаамал Алт", "Шүтэн Барилдлагын Магтаал", Жанрайсиг бурханы авшиг, Цагаан Дарь Эх-ийн насны авшигийг тус тус айлдсан юм.

  • Есдүгээр айлчлал: 2016  оны арваннэгдүгээр сарын 18-23. XIV Далай лам Гандантэгчэнлин хийдийн Жанрайсиг дацангийн өмнөх талбайд Монголын нийт ард түмэн, сүсэгтэн олонд мэндчилгээ дэвшүүлсний дээр  “UВ palace”-ийн танхимд Монголын нийт лам хувраг, сүсэгтэн олонд нэн ховордсон Богдын ламын ван, Жигжидийн цэван айлдсан юм. Мөн “Шинжлэх ухаан ба Бурханы сургаал” сэдэвт хэлэлцүүлэгт оролцож, оюутан сурагчдад ном айлтгал өргөсөн.

Д.ЦЭЭПИЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж