Залуу тамирчдын тэсрэлтийн жил

Хуучирсан мэдээ: 2016.12.29-нд нийтлэгдсэн

Залуу тамирчдын тэсрэлтийн жил

2016 он спортын томоохон үйл явдлаар дүүрэн өнгөрч байна. Тэр дундаа залуу тамирчдын тэсрэлтийн жил байсан гэхэд хэн ч маргахгүй бизээ. Үнэхээр 19, 20 настай залуучууд онцгой амжилтыг үзүүлсэн. Тэдний амжилт оны эхнээс эхэлсэн.

Энэ оны хоёрдугаар сард Норвегийн Лиллехаммер хотноо болсон залуучуудын өвлийн II олимпийн наадамд гүйлтийн тэшүүрийн төрөлд ОУХМ Б.Сумъяа оролцсон билээ. Тэрбээр анх удаа болсон холимог багийн төрөлд Итали, БНСУ, БНХАУ-ын тамирчидтай нэг болж, аваргын алтан медаль хүртсэн юм. Хэдийгээр бэлгэдлийн алтан медаль ч гэлээ монголчуудын хувьд өвлийн олимпиос анх медаль хүртсэн түүхэн амжилт болсон.

Тэгвэл удаах тамирчин нь дугуйн залуучуудын аварга Б.Тэгшбаяр. Тэр Монголын дугуйчдаас анх удаа дэлхийн аварга болсон түүхийг бичсэн. Б.Тэгшбаяр өнгөрөгч долдугаар сард Швейцарьт болсон тойрог замын залуучуудын Дэлхийн аваргад оролцож, энэ амжилтыг үзүүлсэн. Тэрбээр эрэгтэйчүүдийн TRACK-ийн бөөн гараат 10 км-т уралдахдаа 20 орны тамирчдыг ардаа орхиж, Монгол гэдэг нэрийг цуурайтуулсан.

Б.Тэгшбаяр энэхүү амжилтаараа оны шилдэг залуу тамирчдад олгодог “Бөртэ чоно”-ын эзэн болсон юм. Сүхбаатар аймгийн “Шилийн богд” клубээс тамирчнаа гараагаа эхэлсэн тэрбээр Монголынхоо нэрийг тив, дэлхийд гаргахаа амалсан юм.

Таэквондогийн төрөл Монголд хөгжиж байгааг Риогийн наадам харуулсан. Сүүлийн жилүүдэд тус холбоо БНСУ-аас багш урьж, ажиллуулсан нь үр дүнгээ өгсөн. Анх удаа таэквондогийн төрлөөр олимпийн эрхийг авч улмаар анхны ялалтыг авсан эзэн бол П.Тэмүүжин билээ. Анх удаа олимпийн наадамд өрсөлдсөн тэрбээр шилдэг наймд үлдэж, олимп, дэлхийн аварга Испанийн Г.Бониллатай тулалдсан гээд бахдам амжилтыг гаргасан.

Монголын спортын төрлүүдэд чөлөөт, жүдо, бокс, буудлагын төрлүүдийг онцолдог байсан. Тэгвэл хүндийн өргөлтийн амжилт дэлхийн түвшинд гарч ирсэнийг энэ жил залуу тамирчид тод харууллаа. Учир нь, сүүлийн хэдэн жил эмэгтэйчүүдийн амжилт эрс сайжирсныг залуу тамирчин М.Анхцэцэгийн амжилт гэрчилнэ. Энэ жил 19 настай түүний хувьд Риогийн наадамд шилдгүүдтэй өрсөлдөж, шагналт VIII байрыг эзэлсэн. Өмнө нь манай туйванчдаас Гавьяат тамирчин Н.Баярмаа олимпийн наадамд X байрт орж байсан түүхтэй. Тэгвэл оролцсон тэмцээн бүрээсээ алт, мөнгөн медаль хүртсэн М.Анхцэцэг монголын туйванчид дэлхийд хүчтэй өрсөлдөх цаг болсныг бэлхэн харуулсан. Тэрбээр энэ онд дөрвөн тэмцээнээс 12 медаль авснаас 10 нь алт, хоёр нь мөнгө билээ. Долоо хоногийн дотор хоёр тэмцээнд оролцож, Азийн залуучууд болон оюутны Дэлхийн аварга цолыг хүртсэн түүний бахдам амжилтаар бахархлаа. Тэрбээр энэхүү амжилтаараа шилдэг эмэгтэй тамирчдад олгогддог “Бөртэ чоно”-ын эзэн болсон юм. Өнгөрсөн жил шилдэг залуу тамирчин болж байсан М.Анхцэцэг улирч буй оны онцгой амжилтаар үдэж байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж