Сэлэнгэ мөрөн Монголынх уу, Оросынх уу?

Хуучирсан мэдээ: 2016.12.29-нд нийтлэгдсэн

Сэлэнгэ мөрөн Монголынх уу, Оросынх уу?

УИХ-ын Эдийн засгийн Байнгын хорооны 2016 оны арваннэгдүгээр сарын 29-ны хуралдаан дээр Эрчим хүчний сайд П.Ганхүү Эгийн голын УЦС-ыг нэн даруй барьж эхлэх боломжтой тухай мэдэгдсэн юм.

Энэ оны арванхоёрдугаар сарын 11-13-нд Улаанбаатар хотод хуралдсан Монгол-ОХУ-ын Засгийн газар хоорондын Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, технокийн хамтын ажиллагааны комиссийн хуралдааны өмнөхөн сайд П.Ганхүү ингэж мэдэгдсэн нь шийдэмгий байдлаараа хүндэтгэл хүлээж байгаагийн зэрэгцээ нөхцөл байдлыг өөрөөр үнэлэн цэгнэж буйг анхааран судалвал зохилтой.

П.Ганхүүгийн хэлснээр, Эгийн голын УЦС-ыг Улаанбаатар хотоос 450 километрт Булган аймгийн Хутаг-Өндөр сумын нутагт барих бөгөөд жилд 606 сая кВт/цаг цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх хүчин чадалтай бөгөөд уг УЦС-ын усан сан болон бассейн нь 5,7 тэрбум шоо метр цэнгэг усны багтаамжтай байх ажээ. Төслийн нийт өртөг нь 827 сая ам.доллар. Монгол улсын үндэсний эрчим хүчний бие даасан байдал хийгээд аюулгүй байдлын хувьд стратегийн чухал энэ төслийг хэрэгжүүлснээр Монгол улс цахилгаан эрчим хүчээр өөрийгөө 100 хувь хангах боломжтой болох юм.

Гэтэл энэ УЦС барих ажлыг ОХУ давын өмнө экологийн гэх шалтгаанаар тун ширүүн эсэргүүцэж, өөрийн гэсэн шалтаг шалтгааныг дэвшүүлж байгаа юм. Энэ асуудлын жинхэнэ үнэн мөнийг олж, хамгийн гол нь сүүлд засч залруулахад хэцүү, Орос, Монголын аль аль талд хүндээр тусч болзошгүй алдаа гаргахгүйн тулд асуудлын үүх түүхийг авч үзвэл зохилтой.

Хуучин ЗХУ-ын тусламжтайгаар Монгол улсын эрчим хүчний үйлдвэрлэл бий болж, хөгжиж ирсэн билээ. Монгол улсад усны цахилгаан эрчим хүчний үйлдвэрлэлийг хөгжүүлэх төлөвлөгөөг ЗСБНХУ-д /Зөвлөлт социалист Бүгд найрамдах холбоот улс/ бүр 1950-иад онд боловсруулжээ. Цаашид Зөвлөлтийн “Гидроэнергопроект”, “Ленгидропроект” хүрээлэн 1965-аас 1974 онд судалгааны ажил явуулж, ингэснээр Монголын усны эрчим хүчний чадамжийн нөөц 3800 МВт гэдгийг тогтоосон байна. Усны барилга байгууламж, түүний дотор усан цахилгаан станц барьж болох Монгол улсын гол, мөрний 27 газрыг тодорхойлжээ. Тэгэхэд Зөвлөлтийн мэргэжилтнүүд ойрын хэдэн жилдээ наанадаж 3-4 ийм байгууламж барихыг зөвлөж байсан байна. Тэр үед экологийн асуудалд анхаарал бага тавьж байсныг шударгаар тэмдэглэвэл зохино. Тэгээд МАХН-ын Төв хорооны Улс төрийн товчоо энэ сэдвийг хэлэлцээд, Сэлэнгэ мөрөн, Орхон, Эгийн гол дээр барилгын ажлыг эхлүүлэх бодолтой байжээ. Гэвч санхүүгийн болон бусад хүндрэлээс болоод төсөл хэрэгжүүлэх ажил 1990 он хүртэл зогссон байна.

Эрчим хүчний яам 1991 онд Эгийн голд усан цахилгаан станц барьж эхлэхийг зөвлөмж болгожээ. Азийн хөгжлийн банк техник-эдийн засгийн үндэслэл боловсруулах ажлыг санхүүжүүлэхийг зөвшөөрсөн байна. Боловсруулсан баримт бичгийг үндэслэн тухайн үеийн Ерөнхий сайд М.Энхсайхан хэлэлцээ хийж эхэлсэн бөгөөд УЦС барих олон улсын нээлттэй тендерийг 1996 оны эцсээр зарлажээ. Хэлэлцээ хийсний эцэст асуудлыг Малайзийн талд ашигтайгаар шийдвэрлэсэн бөгөөд тус улс энэ УЦС-ыг барихад бэлэн байснаас гадна шаардлагатай баримт бичигт гарын үсэг зурахаар тэр үеийн Малайзын Ерөнхий сайдыг айлчлуулах товыг ч тогтоосон байна. Түүнийг ирэхээс хэдхэн өдрийн өмнө Ерөнхий сайд М.Энхсайхан илүү ашигтай болзлыг санал болгосон Чехийн “Техно-арт” компанийн талд ашигтай байхаар өөрийн байр суурийг өөрчилжээ. Улс төрийн ийм тоглоомын улмаас бүх ажил талаар болж, төслийг хойшлуулсан юм.

2006-2007 онд хоёр дахь оролдлого хийж, тухайн үеийн Ерөнхий сайд М.Энхболд болон Эрчим хүчний сайд Д.Эрдэнэбат нар Эгийн гол дээр УЦС барих санаачилга дахин гаргажээ. Энэ УЦС барихад зориулан Хятадаас 300 сая ам.долларын хөнгөлттэй зээл авах УИХ-ын тогтоол ч гаргасан байна. Тийнхүү төслийг тохиролцож, баталжээ. Гэвч энд дахиад л улс төр хөндлөнгөөс орж ирсэн юм. Ерөнхий сайд М.Энхболдын оронд С.Баяр энэ албан тушаалд орж, удалгүй уг төслийг зогсоожээ. Тэгээд уг төслийг эдийн засгийн хувьд ашиггүй хэмээн үзэж, үүнээс гадна 260 түүхэн объект, байгалийн дархан цаазат газар усанд автана гэж ярих болжээ.

УЦС барих төсөл хэрэгжүүлэх гэсэн гурав дахь оролдлого гурав, дөрвөн жилийн өмнөөс эхэлж, Ерөнхий сайд Н.Алтанхуяг, сайд М.Сономпил нар уул, уурхайн аж үйлдвэрийг хөгжүүлэх, эрчим хүчний хомсдлыг арилгах, эрчим хүчний талаар ОХУ-аас хараат байдлыг арилгах зорилгоор энэ төслийг дахин сөхөж тавьсан байна.

Өнөөдөр хамгийн их хэлэлцэгдэж буй объект бол Байгал нуурт цутгадаг Сэлэнгэ мөрний Шүрэнгийн УЦС, Сэлэнгэ мөрөнд цутгадаг Орхоны УЦС, Эгийн голын УЦС юм. Орхон гол дээр барих УЦС-ын төслөөр бол усны нэг хэсгийг говь руу урсгахаар төлөвлөж байна. Энд Монголын эрчим хүчийг хөгжүүлэх эрх ашиг, Оросын Байгал нуурын экологийг хамгаалах эрх ашигтай зөрчилджээ. Энэхүү зөрчил нь нэгдүгээрт, Байгал нуурын гол цутгалан болох Сэлэнгэ мөрөн хил дамнан урсдаг явдал, хоёрт, ЮНЕСКО-гийн дэлхийн өвийн объект бөгөөд улмаар НҮБ-ын хамгаалалтад байгаа Байгал нуурын өөрийнх нь хосгүй өвөрмөц байгальтай холбоотой юм. Сэлэнгэ мөрөн болон түүний цутгалангууд дээр Монгол УЦС барих нь Байгал нуур, түүний шим мандал, амьтны аймагт ямар нэг хэмжээгээр нөлөөлнө гэж Монгол, Оросын шинжээчдийн аль аль нь үзэж байгаа ч, яаж нөлөөлөх нь тодорхойгүй байна. Монгол, Оросын олон нийтийн зүтгэлтнүүд, эрчим хүч, экологийн салбарынхан болон дипломатчдын хооронд гурван жил гаруй үргэлжилсэн мэтгэлцээн бүүр дээд шатанд хүрсэн юм. “Энэ төсөлд хандаж байгаа Орос болон олон улсын байгаль хамгаалах байгууллагуудын хандлага тодорхой бөгөөд уг төслийг хэрэгжүүлэх нь манай Эрхүү мужийн усан хангамж болон Байгал нуурын хосгүй экологийн хувьд тодорхой эрсдэл үүсгэж болох юм. Сэлэнгэ мөрөн бол Байгал нуурын гол цутгалан” гэж ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин 2016 оны зургадугаар сард Ташкентад Монгол, БНХАУ-ын төрийн тэргүүн Ц.Элбэгдорж, Си Жиньпин нартай хийсэн гурван талын уулзалт дээр хэлжээ. Ингэхдээ Монгол улсын эрчим хүчний хомсдлын асуудлыг шийдвэрлэх шаардлагатайг тэр тэмдэглэсэн байдаг. Ийм барилга байгууламж барих төлөвлөгөөтэй холбоо бүхий асуудлыг ОХУ монгол, хятадын түншүүдтэйгээ нягтлан боловсруулахыг хүсч байна гэж тэр хэлжээ. Үүнээс гадна Оросын цахилгаан станцууд хөрш орны эрчим хүчний хомсдлын асуудлыг шийдвэрлэх зорилгоор Монгол улсад эрчим хүч нийлүүлэх хэмжээгээ нэмэгдүүлэхэд бэлэн байна гэж ОХУ-ын төрийн тэргүүн мэдэгдсэн юм.

Орос, Монголын экологийн хэд хэдэн ТББ-ын үйл ажиллагаа, олон улсын байгууллагуудад тэдгээрийн өгсөн уриалгын улмаас эдгээр төслийг санхүүлэх ажлыг Дэлхийн банк болон Хятадын “Экспорт-импорт” банк 2016 онд зогсоосон байна. Монгол, Оросын талуудын маргаантай асуудлыг зөвшин тохирч, шийдвэрлэхийг чадамжтай хөрөнгө оруулагчдаас УЦС барих ажлын санхүүжилтийг сэргээх гол болзол болгон тавьжээ.

Монгол улсын цахилгаан эрчим хүчний жилийн нийт хэрэглээ нь 6865 сая кВт/цаг байдаг бөгөөд үүний 80 хувийг дотооддоо үйлдвэрлэж, харин үлдсэн 20 хувийг ОХУ, БНХАУ-аас импортоор авч байгаа юм. Монголын мэргэжилтнүүдийн хэлж байгаагаар, Монгол улсын эрчим хүчний хүчин чадал сүүлийн үед боломжийнхоо дээд хэмжээнд ажиллаж байгаа ажээ. Монгол улсын эрчим хүчний системийн хамгийн их болон хамгийн бага ачааллын ялгаа 120-220 МВт байгаа бөгөөд энэ ялгааг нөхөх хэрэгтэй юм.

Эгийн голын УЦС-ын төслийн удирдагч Д.Одхүү (одоо төслийн зөвлөх) 2016 оны дөрөвдүгээр сард Mongolnow.com сайтад ярилцлага өгөхдөө “бид нэг бол дутагдаж байгаа эрчим хүчээ Оросоос худалдан авч, үгүй бол илүүдэл эрчим хүчээ хямд үнээр Орост нийлүүлвэл, жил бүр 25 сая ам.долларын алдагдал хүлээж байна. Энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд хуримтлуулагч юмуу, шууд асаах маягаар ажилладаг ядаж нэг УЦС бидэнд хэрэгтэй юм. 2020 онд оргил ачаалал 1128 МВт-д хүрч, ингэснээр 500 МВт цахилгаан эрчим хүч импортлох хэрэгтэй болно” гэж хэлсэн юм.

Дулааны цахилгаан станцуудын техникийн онцлогоос болоод 2-3 хоногийн урьдчилсан бэлтгэл ажил хийлгүйгээр турбиныг зогсоох боломжгүй. Харин дахин ажиллуулахдаа турбиныг горимд нь оруулахын тулд наанадаж долоо хоног шаардлагатай. Зөвхөн атомын юмуу, усан цахилгаан станцыг л зохицуулж болно гэж Д.Одхүү өөрийн байр суурийн үндэслэлийг тухайн үедээ гаргаж тайлбарласан байна. Үүний зэрэгцээ ОХУ-аас ирж байгаа цахилгаан дамжуулах шугам нь хамгийн гол бэрхшээл мөн гэж тэр үзэж байна. Энэ шугам хамгийн ихдээ 200 МВт хүртэл цахилгаан өгч чадна. Гэтэл хэрэглэж буй эрчим хүчний хэмжээ жил бүр өснө, өөрөөр хэлвэл, ойрын 3-4 жилд Монголын эрчим хүчний хэрэглээний оргил үе болох өвлийн улиралд өсөлт ийм хурдацтай байх нөхцөлд хэрэглээнд хязгаар тогтоох хэрэгтэй болно. Тэгвэл хамгийн хүйтэн өвлийн улиралд Монгол улс хэсэгчлэн 20-30 минутаар цахилгааныг таслах ёстой болж байна, өөрөөр хэлвэл, энэ нь 1990-ээд оны эхэн үеийн байдалд буцаж орно гэсэн үг юм. Хэрвээ 20 гаруй жилийн өмнө 220 МВт нь оргил ачааллыг зохицуулахад монголчуудад бүрнээ хүрэлцэж байсан бол одоо 300 МВт ч хангалтгүй байх болно. Ингэхдээ Эгийн голд УЦС бариад ч, цаашид бас 100 гаруй МВт-ыг импортолно. Тиймээс Монголын эрчим хүчний систем тогтвортой ажиллаж, олон тэрбум төгрөг дэмий алдахгүйн тулд тус бүр 300 МВт-ын 2-3 УЦС шаардлагатай байна. Эрчим хүчний зохицуулалт байдгүйгээс өнгөрсөн жил Монгол улс 60 тэрбум төгрөг алджээ. Д.Одхүү экологийн хохирлын аюулгүй байдлын тухай ярихдаа “усан санг дүүргэх үед Байгал нуурт Эгийн голын УЦС-ын үзүүлэх нөлөө 0,0023 хувь байх бөгөөд харин дараа нь нууранд ерөөс огт нөлөө үзүүлэхгүй. Байгал нуурт цутгадаг усны 18 хувийг Сэлэнгэ мөрөн, 88 хувийг Оросын бусад гол өгдөг. Үүний дээр, Эгийн гол нь Байгал нуурын ай савд биш харин Хөвсгөл нуурын ай савд хамаардаг юм” гэж тайлбарласан байна.

Д.Одхүүгийн хэлснээр нарны гэрэл байнгын биш, салхины хурд таарамж муутай, хуй салхи ихтэй байдаг тул сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрүүд нь Монгол орны хувьд аж үйлдвэрийн бодит ирээдүйгүй ажээ.

ОХУ-ын Буриадын “Информ Полис” агентлагийн сэтгүүлчийн асуултад Д.Одхүү энэ оны арванхоёрдугаар сард хариулахдаа “Энэ нь Монгол улсын хувьд зүгээр нэг усны эрчим хүчний төсөл биш юм. Монгол бол цөлжилт аймшигтай хурдацтай явагдаж буй орны нэг. Манайх цөлжилтйн талаар толгой цохиж байна. 20-30 жилийн дараа бид огт усгүй үлдэж мэднэ. Тиймээс цэвэр усны нөөц бидэнд агаар мэт шаардлагатай. Энэ нь Монгол улсын хувьд тун даацтай шалтаг юм. Хоёр дахь шалтгаан гэвэл, энэ нь хачирхалтай сонсогдож байгаа мэт боловч чухамхүү Монголын гол, мөрөн дээр УЦС барих нь Байгал нуур, Сэлэнгэ мөрнийг аварна! Нуур, мөрөн хоёрыг байлгахын тулд дээд талд нь усны зохицуулагддаг нөөц хэрэгтэй” гэж онцлон тэмдэглэсэн юм.

Гэвч Сэлэнгэ мөрний сав газарт томхон УЦС барих гэсэн Засгийн газрын санаа бодлыг Монголд ч тэр бүр хүн дэмжихгүй байгаа юм. Тухайлбал, нийтлэлч Ч.Мөнхбаяр 2016 оны нэгдүгээр сард ARD интернэт-сэтгүүлд нийтлүүлсэн өгүүлэлдээ Орос-Монголын энэ хурц асуудлын талаар өөрийн санаа бодлыг хуваалцсан байна. “Манай Засгийн газар Кувейт улсын сангаас 20 сая ам. долларын зээл авч, энэ мөнгөөр 11 МВт-ын хүчин чадалтай Тайширын багахан УЦС-ыг 2008 онд барьсан. Барилгын ажлыг Хятадын компаниуд хийж гүйцэтгэсэн юм. Хүрээлэн буй орчинд үзүүлэх нөлөөний үнэлгээг баараггүй хийсэн ч, бодит амьдралд юу болсон бэ? 2011 оноос голын ус эрс татарч, одоо 300 км-т урсац байхгүй болж, энэ нь улмаар цаашид байнга цөлжих байдлыг нөхцөлдүүлж байна. Энэ гашуун сургамж манай эрх баригчдад сэрэмжлүүлэг төрүүлэхгүй байгаа бөгөөд бүр эсрэгээр байгаа бололтой. Тэгэхлээр Байгал нуур мөхөхөөс яагаад айхгүй байх билээ?” гэжээ.

УЦС-ын өөр хувилбар болгон далан барихгүйгээр ус татах схемийг ашиглан, Улаанбаатар хотын хавьд хуримтлуулагч УСЦ барихыг экологичид зөвлөж байгаа юм. Эрчим хүчний ачааллын графикийн хоногийн адил бус байдлыг жигдлэхийн тулд хуримтлуулагч усан цахилгаан станцыг ашигладаг байна. Нэлээд хэдэн мянган МВт-ийн хүчин чадалтай хуримтлуулагч УЦС ч байдаг.

Хэрвээ монголчууд Оростой муудалцвал наанадаж улс төр, эдийн засгийн хориг арга хэмжээнд орно. ОХУ-аас авч буй шатахуун, эричм хүч байхгүй бол УЦС барихад нэг их тус болохгүй. Харин өөрийн нефтийг экспортлохдоо үнэндээ бол бараг л бохирдсон ус маягийн л юм гаргаж байгаа. Саудын Арабаас далай тэнгисээр авчрах шатахууныг хэн ч худалдаж авах гэхгүй.

Одоо хилийн хоёр талд цөөнгүй хүн тэглэх хувилбарыг л баримтлан, хатуу хамгаалж байна. Манай бусад хүн усан эрчим хүчээс бусад бүгдийг нь няцааж, харин Орост болохоор бусад нь Монгол улс ерөөс УЦС барьж болохгүй гэцгээж байгаа юм. Заримдаа ийм эсрэг тэсрэг байр суурь бараг л эцсийн зорилго болж байх шиг. Гэвч хэрвээ сайн хөршийн харилцаатай байхыг хүсч байгаа бол Орос, Монголын аль аль талын санаанд нийцэх буулт хийсэн хувилбарыг олох ёстой.

Өнөөгийн дэлхий ертөнцөд Байгал нуурын хосгүй байдлын талаар нэмэлт тайлбар хийх шаардлагагүй. Байгал нуур бол манай гаригийн хамгийн том нуурын нэг, цэнгэг уст нууруудын дунд хамгийн төрөл бүрийн амьтан, ургамлын аймаг бүхий “хамгийн давуу зэргийн”, хамгийн гүн (1637 метр), хамгийн эртний (25 сая орчим жил) нуур юм.

1996 онд нуурыг ЮНЕСКО-гийн дэлхийн байгалийн өвийн жагсаалтад оруулсан билээ. Манай гаригийн ямар нэг үнэт зүйлсийн тухай төсөөлөлтэй болохын тулд дараахи харьцуулалтыг хийж болно. Хэрвээ Байгал нуурын уснаас хүн бүр өдөрт литр хагасыг уужээ гэж бодвол нуурын ус дөрвөн мянган жилд хүрэлцэнэ. Энэ нөөц санаанд багтамгүй, асар их юм.

Гэвч сүүлийн үед Сибирийн энэ нуур юм юмыг үзэж туулж байна. Нуурын усны түвшин Номхон далайн өндөрлөгийн түвшингийн системийн зөвшөөрөгдөх 456 метрийн түвшнээс доошилжээ. 2015, 2016 онд байдал давтагдсан юм. 2016 оны эхээр Байгал нуурын усны түвшин 11 см-ээр доошилж, 455,89 метр болсон байна. Эрдэмтэд үүний шалтгааныг хур тунадас бага унаж, улмаар Байгал нуурт бага ус цутгаж байгаатай холбон тайлбарлажээ.

Нуурын ус багасах асуудал ноцтой болохын хэрээр экологчид Байгал нуурын эрэг орчмын бүс хортой спирогир гэдэг замгаар дүүрлээ гэж дахин түгшүүр дэлдсэн юм. Үүнээс болоод ус шүүхэд идэвхитэй оролцдог Байгал нуурын хөвөн биетнүүд олноороо үхэх бөгөөд хортой бактериуд ч бий болжээ. Эрдэмтдийн ажигласнаар, ийм гамшиг 100 жилд анх удаа шинжлэх ухаанд ажиглагдсан байна. Спирогир ургадаг тэр газарт амьтад ус уудаггүй. Байгал нуурын эрэгт аялал жуулчлал хөгжиж байгаа нь хортой замаг тархах нэг шалтгаан гэж эрдэмтэд үзэж байгаа бөгөөд тодруулвал угаалгын нунтагт агуулагддаг фосфор нуурын усанд оржээ.

Байгал нуурын омуль загасны тоо цөөрсөн нь бас нэг асуудал болсон байна. ОХУ-ын төрийн байгууллагуудын мэдээгээр, байгалийн болон хүний үйл ажиллагааны хэд хэдэн хүчин зүйлээс болоод Байгал нуурын омуль загасны популяци багасчээ. ОХУ-ын төрийн байгууллагуудын мэдээгээр, байгалийн болон хүний үйл ажиллагааны хэд хэдэн хүчин зүйлийн улмаас омуль загасны нийт биомасс сүүлийн 15 жилд хоёр дахин буюу 10 мянган тонн болж буурсан байна. 2015 онд Байгал нуураас барьсан загасны хэмжээ 30 хувиар буюу 536 тонн болж багассан нь 2013 оныхоос бараг хоёр дахин буурчээ. Үүнтэй холбогдуулан ОХУ-ын Засгийн газар 2017-2019 онд Байгал нуур болон түүнд цутгадаг голуудын омуль загасыг хамгаалах хөтөлбөр боловсруулсан байна. 2017-2019 онд гурван жилийн хугацаагаар Байгалийн омуль загас олборлохыг бүрэн хориглож, үүний зэрэгцээ загас хамгаалах арга хэмжээг хүчтэй болгон, омуль загасны жам ёсны нөхөн үйлдвэрлэлийн хэмжээг нэмэгдүүлэхээр хөтөлбөрт заажээ.

2016 оны арваннэгдүгээр сарын 28-нд Тайга.Инфо сайтад дурдсан оросын мэргэжилтнүүдийн санаа бодлоос үзвэл, Монголд УЦС барих нь өвөрмөц эрсдэл дагуулж байгаа бөгөөд үүнийг эрчим хүчний болон экологийн эрсдэл хэмээн хувааж болох ажээ. Тухайлбал, 2016 онд ОХУ-ын Шинжлэх ухааны академийн Сибирийн салбарын Эрхүүгийн эрдэм шинжилгээний төв Сэлэнгэ мөрөнд Монгол улсын барихаар төлөвлөж буй усны эрчим хүчний объектуудын үзүүлэх нөлөөлөлд дүн шинжилгээ хийх эхний үе шатны ажлыг дуусгажээ. Шүрэнгийн УЦС болон Эгийн голын УЦС нь Сэлэнгэ мөрний урсацад чамгүй нөлөө үзүүлж мэднэ гэж ерөнхий дүгнэлтийг Эрхүүгийн эрдэмтэд хийсэн байна. Оросын ШУА-ийн Сибирийн салбарын Эрчим хүчний системийн хүрээлэнгийн усны эрчим хүч, усны аж ахуйн системийн лабораторийн эрхлэгч В.М.Никитиний хэлснээр, бусад станц нь юуны өмнө бага хэмжээтэй усан сан болон Оросын хилээс хол байгаа учир тэгтлээ их нөлөө үзүүлэхгүй ажээ. Сэлэнгэ мөрөн болон түүний цутгалангуудын ус татардаг үе нь барихаар төлөвлөж буй УЦС-уудын гол аюул юм гэж В.М.Никитин үзэж байна. Хэрвээ Шүрэнгийн УЦС-ын тухай ярих юм бол Сэлэнгэ мөрний сав газрын Монголын хэсгийн жилийн нийт урсацын 3/2 орчим нь уг цахилгаан станцын далангийн хаалтаар өнгөрнө. Уг станцын усан сан нь гурван шоо километр орчим харьцангуй бага хэмжээтэй байх юм. Хаврын шар усны үер болон зуны үерийн үед энд усны урсац хангалттай их байх бөгөөд усан санг дүүргэхэд ердөө хоёр сар хагасын хугацаа шаардагдана.

Харин Эгийн голын УЦС-ын нөлөө цаг хугацааны хувьд урт юм. Энд нэлээд том усан сан (түүний хэмжээ нь Шүрэнгийн УЦС-ынхаас 50 хувиар их, урсац нь 2,5 дахин бага) байх бөгөөд энэ усан сан нь үерийн усны гол хэсгийг авч, давын өмнө ус ихтэй жилүүдэд урсацыг илүү жигд хуваарилах юм. Тиймээс Эгийн голын үерийн усыг монголчууд усан санд тогтоож чадна. Энэ нь Орос улсын хувьд, түүний БН Буриад Улсын хувьд онцгой давуу тал байх болов уу.

Харин ус татарсан үе нь хамгийн аюултай байх болно. Ийм үед зуны улирлын туршид ОХУ-ын нутагт урсац нь Оросын нутагт урьд нь хэзээ ч ажиглагдаж байгаагүй одоогийн хамгийн доод түвшингээс хавьгүй бага байх болно. Энэ нь Шүрэнгийн УЦС болон Эгийн голын УЦС-ын аль алинд хамаатай юм. “… энэ нөхцөлд эргийн шугамд болон экосистемд юу болох нь одоогоор бидэнд тийм ч ойлгомжтой биш байгаа. Өмнө нь байгалийн нөхцөлд хэзээ ч ажиглагдаж байгаагүй тэр түвшин бий болно! Нийт экосистем хэрхэн өөрчлөгдөхийг урьдчилан тааж хэлэхэд хэцүү” гэж Оросын Шинжлэх ухааны академийн Сибирийн салбарын эрчим хүчний хүрээлэнгийн усан эрчим хүч, усны аж ахуйн системийн лабораторийн эрхлэгч, техникийн шинжлэх ухааны доктор В.Никитин ярьж байна.

Оросын эрдэмтдийн үзэж байгаагаар, Эгийн голын ус татарч болзошгүй байдлыг Хөвсгөл нуурын гидрологийн горимын тогтворгүй байдал улам лавшируулж байгаа ажээ. Хөвсгөл нуур сав газрын чийгшилтийн горимын өөрчлөлт туйлын эмзэг. Жилд унах тунадас 170-200 миллиметрийн хэмжээнд байх нь Хөвсгөл нуурын хувьд ноцтой юм. Тодруулвал, тунадас багасгах нь нуурыг урсацгүй болгоно. Улмаар Хөвсгөл нуураас эх авдаг Эгийн бол усгүй болно гэж Шинжлэх ухааны академийн Сибирийн салбарын нуур судлалын хүрээлэнгийн захирал, геологи-минералогийн шинжлэх ухааны доктор А.П. Федотовын хэлснийг “Российская газета” сонин 2016 оны нэгдүгээр сарын 12-ны дугаартаа эш татан дурдсан байна.

Ингэж сэтгэл зовинох бодит үндэслэл бий юү? Сүүлийн хэдэн арван жилд Хөвсгөл нуурын усны түвшин ноцтой хэмжээнд нэг бус удаа хүрч байсныг гидрологчдын, түүний дотор Нуур судлалын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний нийтлэлүүд харуулж байна хэмээн А.П.Федотов нотлож байна. Өөрөөр хэлвэл, Хөвсгөл нуур нь барихаар төлөвлөж буй Эгийн УЦС-ад ус өгөх найдвартай нийлүүлэгч биш юм. Үнэндээ яг бодит байдал ямар байна гэвэл, Сэлэнгэ мөрний ус хураах нийт сав газрын цутгалангуудын адил Эгийн голын ус, усны дүүрц 1990-ээд оны дундаас буурч байгаа ажээ. Олон жилийн ажиглалтаар, Эгийн гол жилд дунджаар 0,5-0,6 шоо километр ус өгч байна. Төсөл зохиогчдын төлөвлөж байгаагаар, ирээдүйн УЦС-ын 103 метр өндөр далангийн дээд талд 4,5 шоо километр эзэлхүүнтэй усан сан үүсгэнэ. Энэ усан санг дүүргэхэд 6-8 жил шаардагдана. Төсөл зохиогчид ингэж тооцоолсон юм. Харин тэд бүр өнгөрсөн зууны сүүлчээр төсөл дээр ажиллаж байсан билээ. Тэгэхэд гидрологийн байдал нэлээд өөр байсан юм. Одоо Монголын хэсэг дэх Сэлэнгэ мөрний сав газарт тунадасны хэмжээ буурах хандлага тогтвортой ажиглагдаж байна. Оросын зарим эрдэмтэн жилийн дундаж температур нэмэгдэж, томхон түймэр гарсан гандуу үеийн тоо ихэсч байгааг үндэс болгохдоо, усны түвшин доошлох хандлага давамгайлж байна гэсэн прогноз дэвшүүлж байна. Өөрөөр хэлвэл, УЦС барьсны дараа Сэлэнгэ мөрний сав газрын голуудын ус доошилсноос болоод усан сангууд усны хомсдолд орно. Энэ нь Монгол улсын хувьд ямар үр дагавартайг урьдчилан хэлэхэд хэцүү.

Оросууд Сэлэнгэ мөрнөөс Байгал нуурт очдог усны чанар өөрчлөгдөхийг эдгээр УЦС-ыг барьснаас үүдэн гарах бас нэг асуудал гэж үзэж байна. Байгал нуурт Монголын УЦС-уудын үзүүлэх нөлөөлөлд хийсэн урьдчилсан үнэлгээний тухайд гэвэл, станц болон усан сангууд нь наанадаж усан сан байгуулахаас болоод нуурын усны чанар ноцтой муудаж болох юм гэж Нуур судлалын хүрээлэнгийн захирал А.П.Федотов үзэж байна. “Манай экспедицийнхэн Сэлэнгэ мөрнийг нэг бус удаа шинжилсэн бөгөөд энэ мөрөн нэлээд цэвэрхэн, харин түүнд цутгадаг Орхон голын тухайд ингэж хэлэх аргагүй, энэ цутгалан бохирдоход Монголын уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэр нөлөөлж байгаа юм. Хоёр гол нийлсэн тэр газарт Орхоны ус эрүүл ахуйн үзүүлэлтээрээ Сэлэнгэ мөрнийхөөс хавьгүй муу, хэрвээ Эгийн голын урсац багасвал, Орхоноос Байгал нуурт хавьгүй их бохир ус цутгах болно” гэжээ. Орхон голын сав газарт Монгол улсын аж үйлдвэрийн гол объектууд, түүний дотор зэсийн томхон орд газар, алтны 200 орчим орд байрладаг. Орхоны ус цутгасны дараа Сэлэнгэ мөрний усны өнгө хэрхэн өөрчлөгдөж байгаа нь сансраас авсан зургуудаас тодорхой харагддаг байна.

УЦС барих нь биологийн өвөрмөц шүүлтүүр болдог Сэлэнгэ мөрний бэлчирт экологийн сүйрэлд хүргэнэ. Урсацын хэмжээ багасч, урсгалын хурд өөрчлөгдөж, усны урсгалын байгалийн мөчлөгийн динамик алдагдаж, байгалийн температурын динамик өөр болж, усны химийн найрлага өөрчлөгдөх нь гол сөрөг хүчин зүйл болно” гэж Оросын Шинжлэх ухааны академийн Сибирийн салбарын ерөнхий болон туршилтын биологийн хүрээлэнгийн шинхжээчдийн хэлснийг “gazeta.ru” сайтад иш татжээ.

Энэ нь загас, жигүүртний аймагт сөргөөр нөлөөлнө гэж шинжээчид үзэж байна. Сэлэнгэ мөрний бэлчирт 300 орчим төрлийн үүрлэдэг болон нүүдлийн шувуу нутагладаг бөгөөд эдгээрээс 70 нь Улаан номд оржээ. Ус татарснаар усны ойролцоо үүрээ засдаг шувуудын тоо 1,5-2 дахин цөөрнө гэдгийг эрдэмтэд тэмдэглэж байна. Загаснууд, түүний дотор Байгал нуурын алдарт омуль загас ч үүнд өртөнө. “Загасны цугларах дуртай газар болох татуургын усны урсац багасч, ус татарснаар усны дээд төрлийн ургамлуудын ургаж, хоол тэжээлээ олох, түрсээ шахах боломж бага болно” гэж шинжээчид таамаглаж байна. Хоёр нутагтан болон хөхтөн зэрэг усны ойролцоо амьдардаг амьтдын хувьд ч асуудал үүснэ.

Монгол улсын эрчим хүч, усны аж ахуйн төслүүд, эдгээрээс Сэлэнгэ мөрөн, Байгал нуурт үзүүлэх экологи, нийгмийн болон эдийн засгийн олон улсын бие даасан иж бүрэн үнэлгээ нь бий болсон байдлаас гарах арга зам хэмээн Оросын зарим эрдэмтэн үзэж байна. Эдгээр экспертиз, үнэлгээг үндэслэн Монгол улсын эрчим хүчний асуудлыг шийдвэрлэх өөр хувилбаруудыг хэлэлцэж болох юм. Ингэхдээ УЦС барих нь тийм ч хамгийн зохистой шийдэл биш байх тийм дүр зураг ч харагдаж болох юм гэдэгт шинжээчид итгэлтэй байна. “Жишээ нь Ангар мөрний УЦС-аас илүүдэл цахилгааныг Монгол улсад нийлүүлэх нь илүү ашигтай байж болох бөгөөд ингэх нь дэд станцуудыг шинэчлэх, одоо байгаа цахилгаан дамжуулах шугамыг өргөжүүлэх нэмэлт хөрөнгө оруулалт шаардах болно. Ингэхдээ ийм хувилбар нь бодитойгоор ашигтай байж болно, юу гэвэл одоо Монгол улс Галуут нуурын нүүрсээр ажилладаг цахилгаан станцаас цахилгаан эрчим хүч авч байгаа билээ. Харин нүүрс хэрэглэн дулааны эрчим хүч боловсруулах өртөг усан цахилгаан станцынхаас илүү өндөр юм” гэж “Буриадын Байгал нуурын бүс нутгийн салбар” гэдэг экологийн байгууллагын дарга С.Г.Шапхаев ярьж байна.

Дашрамд хэлэхэд, дээр дурдсан Засгийн газар хоорондын комиссын хуралдаан дээр оросын төлөөлөгчид чухамхүү ийм байр суурийг илэрхийлсэн юм. Цахилгаан эрчим хүчний салбарт хамтран ажиллах Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төсөл хэлэлцэхийг Монголын талд санал болгожээ. Монгол улсын цахилгаан үйлдвэрлэх, цахилгаан эрчим хүч экспортлох, импортлох, цахилгаан сүлжээний аж ахуй, түүний дотор гурав дахь оронд цахилгаан дамжуулахад ашигладаг аж ахуйг хөгжүүлэх салбарт хамтарсан төслүүд хэрэгжүүлэхээр баримт бичигт заасан байна. Үүнээс гадна, Оросын тал шинэ төслүүд хэрэгжүүлэх, эрчим хүчний байгууламжийг шинэчлэхийн тулд Монгол улстай эрчим хүчний хамтарсан компани байгуулахыг сонирхож байна.

Оросууд Монгол улсын үндэсний эрчим хүчээ хөгжүүлэх, ус ашиглах найдвартай систем бий болгох зүй ёсны эрхийг огтхон ч үгүйсгээгүй гэдгээ удаа дараа онцлон тэмдэглэж байсан юм. Оросын тал олон улсын экологийн хууль тогтоомжийг мөрдөх хүрээнд зохих горимд иж бүрэн нээлттэй экспертиз урьдчилан явуулахгүйгээр Монголын УЦС барих төслийг хэрэгжүүлэхгүй байхыг л уриалж байгаа юм. Энэ хандлага нь Монгол улсын эрх ашигт нийцэж байгаа бөгөөд ийм байдлаар л Монголын Засгийн газрын төлөвлөгөө олон улсын тавцанд хуулийн хүчинтэй болж, боломжтой хөрөнгө оруулагчдын талархал болон хамгийн гол нь ард түмний итгэлийг олж чадна гэж санагдаж байна..

Орчин үеийн бодит байдал нь сайтар цэгнэж, тунгаан бодсон шийдвэр гаргахыг шаардаж буй улам олон шинэ шинэ сорилтыг хүн төрөлхтөнд барих болно. Өргөн олон нийтийн оролцоотойгоор стратегийн төлөвлөлтийн экологийн сайтар шалгасан зохих үндэслэлийг эш үндэс болгосон тэр тохиолдолд л тогтвортой хөгжих боломжтой гэдгийг сүүлийн үед соёлт ертөнц тодорхой ойлгож байгаа билээ. Эдийн засгийн үр нөлөө, инновацын хөгжил, нийгмийн тэгш эрх болон экологийн аюулгүй байдлыг хослуулсан төслийг сонгож, боловсруулах найдвартай механизмын нөхцөлд л аливаа орны эдийн засагт оруулах хөрөнгө оруулалт жинхэнэ ёсоор ашигтай байх болно гэдэгт ямар ч эргэлзээ байхгүй.

Одоо энэ асуудлаархи Монгол, Оросын хоорондын мэтгэлцээнд зарим ахиц гарч байна. Бие биеийнхээ байр суурийг тодруулж, маргаантай асуудлуудыг ялган салгаж, байж болох боломжтой хэтийн төлвийг тодорхойлж байна.

Хоёр тал саяхан Улаанбаатарт ярилцсаныхаа адилаар оновчтой яриа хэлцээ хийхэд бэлэн байгаа эсэхийг 2017 оны нэгдүгээр сарын сүүлчээр Улаан-Үд хотод хийхээр товлосон олон нийтийн хэлэлцүүлэг харуулах болно.

И.Борхондой /сэтгүүлч/

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж