Хойд Солонгосын удирдагч Ким Чен Ун 2011 онд төрийн эрхийг авснаас хойш өдийг хүртэлх хугацаанд 340 хүнийг цаазаар авсан тухай мэдээлэл цацагдлаа. Өмнөд Солонгосын Үндэсний аюулгүй байдлын стратегийн судалгааны хүрээлэнгээс танилцуулсан тайланд ингэж дурджээ. Өөрийн эрх мэдлээ хүчирхэгжүүлэхийн тулд тэр Хойд Солонгосыг удирдсан өнгөрсөн таван жилийн 340 хүний амийг таслах тушаал өгсний 140 нь тус улсын засгийн газрын, армийн болон эрх баригч Хөдөлмөрийн намын дээд албан тушаалтнууд байсан гэнэ.
“Ким 2011 оноос хойш харгис хэрцгий, хайр найргүй үйлдэл маш их хийсэн. Жишээ нь гэхэд л, Хойд Солонгосыг удирдсан таван жилийн хугацаанд тэр Батлан хамгаалах таван сайдыг цаазалсан. Гэтэл түүний эцэг Ким Чен Ир 17 жил төрийн эрх барихдаа Батлан хамгаалах сайдыг гурван удаа сольсон байдаг. Тэдний хоёр нь насны эрхээр хөгшрөөд нас барсан” гэж RAND Corporation судалгааны хүрээлэнгийн батлан хамгаалах салбарын судлаач Брюс Беннет ярьжээ. RAND нь дэлхийн улс орнуудын улс төрийн бодлого, засаг захиргааны талаар судалдаг ашгийн бус байгууллага юм.
Хойд Солонгос хэдийгээр дэлхийн хамгийн хаалттай орнуудын нэг, тус улсын хатуу харгис дэглэмийн талаар мэдээлэл төдийлөн цацагдаад байдаггүй ч Ким Чен Уны харгис хэрцгий шийдвэр, цаазын ял гүйцэтгэсэн тухай мэдээлэл мэр сэр илчлэгдсэн байдаг. 2016 оны эхээр Хойд Солонгосын Боловсролын сайд Ким Юн Жин Ард түмний их хурлын үеэр зохисгүй авир гаргасан гээд буудуулж байв. Мөн 2015 оны тавдугаар сард Ким Чен Ун Батлан хамгаалах сайд Хён Юн Чёлыг Пхеньян дахь цэргийн баазад олны өмнө онгоц эсэргүүцэгч буугаар буудаж хороожээ. “Түүний бие хэдэн хэсэг болж тасарсан нь тодорхой. Харин Ким Чен Ун мэдээж Батлан хамгаалах сайдын гэр бүлийнхнийг цаазын ял гүйцэтгэх үед биеэр байлгасан” гэж Беннет ярьсан байна.
Дээрх явдлаас хоёр жилийн өмнө буюу 2013 онд Ким Чен Ун авга ахыгаа цаазалж байв. Төрийн эрхийг булаахыг оролдсон хэмээн авга ахдаа цаазын ял оноогоод, түүний гэр бүл, удам угсааг хэдэн үеэр нь урвагч хэмээн цолложээ.
С.ЦЭЛМЭГ