Цөмийн зэвсэггүй статусаа баталгаажуулна

Хуучирсан мэдээ: 2011.07.26-нд нийтлэгдсэн

Цөмийн зэвсэггүй статусаа баталгаажуулна

Өнөөдөр Засгийн газар хөл хөдөлгөөн ихтэй байна. ОХУ-аас НҮБ-д суугаа байнгын төлөөлөгч В.И.Чуркин Ерөнхий сайд С.Батболдтой уулзлаа.

Монгол Улс цөмийн зэвсэггүй статусаа баталгаажуулах гэрээ байгуулахаар хоёр хөрш оронтой яриа, хэлцэл хийж байгаа юм байна. Энэ талаар болон 2022 онд НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн байнгын бус гишүүнд Монгол Улсын нэрийг дэвшүүлэхэд дэмжлэг үзүүлэхийг  Ерөнхий сайд С.Батболд ОХУ-аас НҮБ-д суугаа Байнгын төлөөлөгч В.И.Чуркинаас энэ үеэр хүсэв.

Монгол Улс, ОХУ нь НҮБ-ын хүрээнд ихэнх асуудлаар ойр байр суурьтай байдагт сэтгэл хангалуун байдгаа Ерөнхий сайд С.Батболд илэрхийлээд энэ жил манай улс НҮБ-д элссэний түүхт 50 жилийн ой тохиож байгааг тэмдэглэлээ. Монгол Улс шилжилтийн үеэ давж, одоо эдийн засгаа тогтвортой хөгжүүлэхийг чармайж байна. Эдийн засаг тэлэхийн хэрээр ажлын байр ч нэмэгдэж байна гэж Ерөнхий сайд хэлээд цаашид Зүүн хойд Азийн бүс нутагт эдийн засгийн идэвхтэй харилцаанд оролцохыг зорьж байна. Үүнд хоёр хөрш төдийгүй бусад улс орны оролцоо, харилцаа, хамтын ажиллагаа ч чухал гэж байлаа.  

ОХУ, Оросын ард түмэн шилжилтийн үе хүнд байдгийг биеэрээ мэдэрч, туулж гарсан. Монголчууд ч гэсэн энэ үеийг давж, хэдийнэ эрчимтэй хөгжлийнхөө замд орсоныг энд ирээд мэдлээ гэж ОХУ-аас НҮБ-д суугаа Байнгын төлөөлөгч В.И.Чуркин Ерөнхий сайдад хэлээд баяр хүргэлээ. “Монгол Улс НҮБ-д элссэнээс хойшхи 50 жилийн хугацаанд нэр хүндтэй гишүүн орон болсон. Монгол Улсаас НҮБ-д суугаа байнгын төлөөлөгч Ерөнхий ассамблейн хоёрдугаар хороог ахалж байгаа нь үүний нэг илрэл төдийгүй нэр төрийн хэрэг” гээд хоёр улс олон асуудлаар ижил байр суурьтай байдаг, цаашид ч энэ харилцаа, хамтын ажиллагаагаа хадгалахын чухлыг ноён В.Чуркин тэмдэглэв.  

В.И.Чуркин 40 жилийн өмнө Москвагийн олон улсын харилцааны дээд сургуульд суралцаж байхдаа монгол хэл үзэж байжээ. Тэрбээр өөрийгөө Монголд элэгтэй, монгол хүн гэж өөрийгөө бодож явдгаа Ерөнхий сайдад дуулгалаа. Тэрбээр Монгол Улсад зочилж Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн даргатай уулзан харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцсон байна. Мөн Стратегийн судалгааны төвийн судлаачид, их, дээд сургуулийн багш, оюутан, Гадаад харилцааны яамны ажилтнуудад “НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн шинэчлэлийн асуудлаарх Засгийн газар хоорондын хэлэлцээний төлөв” сэдвээр лекц уншжээ.

                            Д.ОЮУН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж