Порнографи, урлаг, цензуур

Хуучирсан мэдээ: 2017.01.02-нд нийтлэгдсэн

Порнографи, урлаг, цензуур

News агентлаг 2017 оны IX сард “Эрх зүйт ёс” сангаас монгол хэл дээр хэвлэн гаргах гэж буй Массачусэтсийн Их сургуулийн философийн профессор Робэрт Пол Вольфын “Философийн тухайд” номын 10 дахь удаагийн хэвлэлээс философи хийгээд философичидтой холбоотой нийтэд төдий танил бус баримтуудыг түүвэрлэн, таван цуврал өгүүллийг “Философийн булан”-даа нийтэлсэн. Энэ удаад “Философи гэж юу вэ?” хэмээх VII бүлгээс толилуулъя. Цуврал нийтлэлийг Философийн ухааны доктор Б.Батчулуун хөтөлж байна.


2400 жилийн тэртээ Платон сайн нийгэмд урлагийн гүйцэтгэх үүргийн талаар маргааныг үүсгэсэн нь өнөөг хүртэл үргэлжилсээр. Тэгвэл АНУ-д сүүлийн хэдэн арван жилийн турш тасралтгүй үргэлжилж буй маргааны үндсэн сэдэв нь порнографи, садар үг хэллэг болоод байна. Урлагийн сайн ба саар талуудыг хүлээн зөвшөөрөх, эс хүлээн зөвшөөрөх уламжлалт үзэл, үүнтэй зэрэгцээд үндсэн хуулиар олгогдсон иргэний эрхийн хууль зүйн асуудал зэрэг толгой эргэм маргаан-мэтгэлцээн өч төчнөөнөөрөө гарлаа. Секс, хүчирхийлэл зэргийг эрээ цээргүй үзүүлж харуулах нь өсвөр залуу үеийнхэнд хэрхэн нөлөөлөх вэ гэдэг бол зайлшгүй анхаарал хандуулах ёстой асуудал мөн. Телевиз, кино театр, сонин сэтгүүлээс үзэж харсан зүйл нь охид, хөвгүүдийг улам хэрцгий, эрээ цээргүй, садар болгож байна хэмээн баримт сөхөх сэтгэл зүйчдийн эсрэг хүчирхийлэл, сексийг хөндлөнгөөс харснаар залуусын өөртөө хөнөөлтэй зан араншин үгүй болж нийгмийн эсрэг үйлдэл хийх нь багасдаг гэж нотлох эрдэмтэд ч цөөнгүй. Энэ бүхэн Платон, Аристотель хоёрын маргааны орчин цагийн хувилбар шиг сонстож байгаа биз!

Мэтгэлцээнд психилоги ба хуулийн үндэслэл хэт давамгайлснаар анхны сэдэв урлагийн бүтээлийн зохист шинжийн тухай асуудал байсан нь мартагдах хүртэл тохиолдол гарч байна. Гэхдээ заримдаа, мэтгэлцээн бүхэлдээ философийн түвшинд өрнөх нь ч бий.

Энд эхлээд бид улс төр ба урлаг хоёрыг нэгтгэдэг асуудлыг авч үзэх болно: Конгресс Урлагийг Дэмжих Үндэсний Агентлагийг (УДҮА) санхүүжүүлсээр байх уу? УДҮА-ийг эсэргүүцдэг консерватив шүүмжлэгчид болохоор тус агентлаг нь урлагийг биш садар самууныг санхүүжүүлдэг гэж дайрдаг. Нэг талд, улсын сан зөвхөн олон нийт сайшаан хүлээн зөвшөөрсөн урлаг, уран сайхны үйл ажиллагааг дэмжих ёстой гэж үзэх хүмүүс байна. Тэд санхүүжилтийг татварын мөнгөөр бүрдүүлдэг болохоор олон нийтээс тогтоосон хэм хэмжээнд нийцсэн зүйлийг дэмжих ёстой гэдэг. Харин нөгөө талд, олон түмний хэм хэмжээ гэгч гоо зүйн хамгийн доод мэдрэмж бүхий зүйлээр аугаа урлагийг хааж боож болохгүй гэх хүмүүс бас бий. Эдгээр хүмүүс аугаа урлаг үргэлж эрх мэдэлтэн болоод олон нийтийн дургүйг хүргэсээр ирсэн гэдэг. Аугаа урлаг хүмүүсийн дургүйг хүргэдэг жамтай аж. Та бүхэн одоо явагдаж буй энэ бүх маргаантай танилцах явцдаа Платоныг Маркюзэгээс ялгаж өгдөг үндэслэлтэй ч танилцах болно.

Дорхи нийтлэлийн автор Жэф Жейкоби, Америкийн сэтгүүлч, нийтлэлч

УДҮА-т бүү бууж өг!

УДҮА-ийн (Урлагийг Дэмжих Үндэсний Агентлагийн) тухайд олон жил үймж бужигнасны эцэст Конгресс нэгэн чухал шинэчлэл хийлээ: агентлагаас хувь хүмүүст санхүүжилт олгох эрхийг хаав. Агентлаг олон жилийн турш урлаг нэртэй марзан багт наадам шиг болхи баараг зүйлсийг санхүүжүүлсээр ирсэн юм.

Хөгийн юманд мөнгө зарж байсны жишээ захаасаа олдоно. Гурвын зэрэг жишээ татъя:

Хэн ч харсан Ансел Адамсын (1902-1984 он. АНУ-ын фото-зурагчи, хүрээлэн буй орчныг хамгаалагч. Орч.) хаана нь ч хүрэхгүй хөгийн зураг авдаг Жоел-Питер Уиткин (1939 онд төрсөн. АНУ-ын фото-зурагчин. Орч.) гэгч гэрэл зурагчныг УДҮА олонтаа тэтгэжээ. Тэрбээр үзэсгэлэндээ тайрсан эр бэлэг эрхтэн дээр нь байрлуулсан хоёр гавлын ясны зургийг байрлуулсан байсан юм. “Төмсөг сунгах уу, тархи задлах уу” гэдэг нэртэй зураг хүртэл ч байх шиг. Энэ мэтчилэн сонин сэтгүүл дээр бичихийн аргагүй бөгс бөөр болсон баахан зураг дэлгэсэн байлаа.

УДҮА өмнө нь Жүди Чикаго (1939 онд төрсөн. Жинхэнэ нэр нь Жүди Кохэн. Хожим өөрийн төрсөн хотын нэрийг авсан уран бүтээлч эмэгтэй. Орч.) шиг уран бүтээлчдэд их таатай ханддаг байв. Тэд Жүдигийн “Зоог” хэмээх бүтээлийг (энэ нь уран баримал) өгөөмрөөр ивээн тэтгэж байлаа. 39 хүнд зориулсан гурвалжин ширээн дээрх таваг бүрд эмэгтэй эрхтэн тавьсан байх бөгөөд тус бүрнээ алдар цуутай эмэгтэйчүүдийг бэлгэдэх аж. Түүхэнд эмэгтэйчүүдийн гүйцэтгэсэн үүргийг алдаршуулж буй нь тэр юм байх.

Петер Орловский (1933-2010 он. АНУ-ын яруу найрагч, жүжигчин. Орч.) бичсэн шүлгийнхээ шанд энэ агентлагаас 10,000$-ын тэтгэмж авчихаж байгаа юм. Түүний зарим шүлгийн нэрийг бичихээс хүртэл зовмоор. …

УДҮА-аас хувь хүнийг ивээн тэтгэхийг нь болиулсан ч төрөөс урлан бүтээх ажиллагаанд хөндлөнгөөс оролцдог үндсэн дутагдал арилсангүй. Гэхдээ л дээрх арга хэмжээ нь урагш ахисан хэрэг мөн.

Гэтэл одоо энэ байгууллагын захирал Уиллъям Ивэйгийн хэлж буйгаар өмнөх практикаа сэргээх шаардлагатай гэнэ.

Тэрээр Чикагогийн Орчин үеийн Урлагийн Музейд цугласан олны өмнө үг хэлэхдээ “Хувь уран бүтээлч урлагийн төвд байдаг” гээд улмаар “Бид хувь уран бүтээлчдийг дэмжих ажлаа сэргээхийг хүсэж байна” гэв.

Бид гэж хэн юм бэ? Бүх хүнд тэгш хувааж өгдөг нийгмийн баялаг болох татвараар цугласан мөнгийг хувь уран бүтээлчдэд тараан өгөхөө ярьж байна уу? Өөрсдийгөө уран бүтээлч хэмээн нэрлэдэг хэдэн зуун мянган америкчууд байна; тэр олон хүнээс мөнгөний чекийг төрөөс авах хэдхэн арван хүнийг тэр түшмэл хэрхэн сонгож чадах юм бэ? Юм боддог татвар төлөгч энэ түшмэлийг сонголтоо зөв хийсэн гэдэгт хэрхэн итгэх вэ?

УДҮА-аас хувь хүмүүст тэтгэлэг олгож байсан практик танил тал, арын хаалга, барьцаагаар дүүрэн байв.

Сэтгүүлч Марк Лассвэлль 1990 онд бичихдээ “Зохиолч Жефри Вольф 1985, 1987 онд УДҮА-ийн 20,000$-ын тэтгэлгийг өөрийн дүү, зохиолч Тобиас Вольфд олгуулахын тулд бүтээл шалгаруулах зөвлөлд удаа дараа орж байсан. … Тэгвэл залуу уран бүтээлч Аманда Фарбэр уг зөвлөлд байдаг өөрийн хойд эх Патрициа Паттэрсоны тодорхойлолтоор 5,000$-ын тэтгэлэг авч байв. … Шалгаруулах зөвлөл Карэн Финлэй, Холли Хюжэс нарыг дэвшүүлэхдээ тэдэнтэй хамтран ажилладаг хөгжимчин Жэрри Хант болон нэгнийх нь ажлын газрын захирал Эллен Сэбастьяныг зөвлөлд багтаачихаж байх жишээтэй. Түүгээр үл барам, уг зөвлөл Хант болон Сэбастьяныг дараагийн тэтгэлэгт дахин тодорхойлсон гээч!” гэж байв.

Улсын мөнгийг танил тал, найз нөхдөдөө тараадаг энэ систем авилгын систем яах аргагүй мөн. Хэрэв Конгресс УДҮА-аас хувь хүмүүст мөнгө тараадаг энэ журмыг сэргээх аваас хуучны муу муухай практик дахин сэргэх болно.

Авьяаслаг, чадалтай уран бүтээлчдэд төрийн тэтгэлэг огт хэрэггүй. Уран бүтээлчийг ядуу зүдүү байдал болон өрсөлдөөнөөс хамгаалах гэсэн ойлголт тоо томшгүй олон шүлэгч, зураач, хөгжимчний ирийг мохоож байдаг. Энэ бол баримт.

Америкт онгоцонд суун, нууцаар дүрвэж ирсэн Уиллэм дэ Куунин хийсвэр экспрессионист зургаараа алдаршихаасаа өмнө олон жил зарлалын самбар зурдаг хүн байв. Хэрэв Жэймс Болдвин Харлэмд (Нью-Иоркийн хар арьст ядуусын хороолол. Орч.) төрж өсөөгүй бол Жэймс Болдвин болж чадахгүй байлаа. Эдгар Аллан По коллежоосоо хөөгдсөн, гэр бүлийнхэндээ ад үзэгдсэн, архинд орсон, өр ширэндээ баригдсан нэгэн байв. Ядуу айлын, ядуу хөвүүн болох Ирвинг Берлин ч (1888-1989 он. АНУ-ын хөгжмийн зохиолч. Орч.) Нью-Иоркийн ядуу хорооллоос өсөж өндийсэн билээ.

Уран бүтээлчдийг эрсдэл болон амьдралын бэрхшээл улам хурцалдаг. УДҮА-аас тараадаг 10,000$ жинхэнэ уран бүтээлчид нэг их нөлөөлдөггүй бөгөөд харин ядруухан уран бүтээлчдийн олон түмэнд огт таалагддаггүй, тэдний сэтгэл зүрхнээсээ дэмждэггүй “урлаг” хөөсрөхөд л нөлөөлдөг.

Тоо томшгүй олон залуус ямар ч шагнал урамшуулалгүй хэрнээ нэг л өдөр мэргэжлийн тамирчдын эгнээнд орно гэсэн найдвар тээж, асар олон цагаар сагсан бөмбөгийн талбайд хичээллэж байна. Нэр алдар нь түгээгүй хамтлагууд чадвараа сайжруулахын тулд жижиг бааранд хэдэн цагаар тоглож, хэзээ нэгэн цагт асар том гэрээ байгуулна гэсэн итгэл өвөрлөн, хөгжмөө дуртайяа тоглож байна. Эдний хэн нь ч рок урлаг, сагсан бөмбөгийг дэмжих үндэсний сан, агентлаг гэх мэт зүйлд найдвар тавьдаггүй.

“Уран бүтээлчид” болон жинхэнэ уран бүтээлчдийн хооронд ямар ч ялгаа байхгүй. Уран бүтээлч хүн төр-засгийн төлөө зурж, бичиж, бүжиглэдэггүй. Урлагийнхны хувьд төр-засаг биш, харин олон түмэн л хувьд гол зүйл. Бүтээлд нь татагдан мөнгө хандивлаж, үзэж, хүлээж авч буй тэр олон түмэн л чухал. Бид төр-засгийг урлаг, сагсан бөмбөгийн талаар шийдвэр гаргагч байгаасай гэж хүсэхгүй байна. Урлаг гэж тийм ариун бус зүйл юм гэж үү?

Эх сурвалж: 1999 оны гуравдугаар сарын 4-нд The Boston

Globe-д гарсан Jeff Jacoby-н “Don’t Cave in to the NEA”

нийтлэлээс эшлэв. © Copyright 1999 Globe Newspaper Company


Дорхи нийтлэлийн автор Охайёо Вэйслян Их сургуулийн Ассошэйт Профессор Афи-Оделиа Е.Скраггс

УДҮА-ийг дайрч довтлох нь увайгүйчүүдийн үйл хэрэг

Наашаа ойртоод, анхааралтай сонсоно уу! Та бүхэнд хэлэх зүйл байна.

Ойртоно уу, би чанга ярьж чадашгүй. Тэгээд ч баригдаж, баривчлагдахыг хүсэхгүй байна.

Би нууцлаг маягаар амьдарч буй хүн. Садар самуун урлагийг үйлдвэрлэн тархаагч.

Кливеландад над шиг нь олондоо олон. Бид Охайёогийн Оркестрын Нийгэмлэг, Кантонын Симфони Оркестрын Нийгэмлэг, Кливеландын Бүжигчдийн Нийгэмлэгт харьяалагддаг. Эдгээр хүмүүс өөрсдийн туурвин бүтээж буй хөгжим, бүжиг, уран баримал, ном зэргээр амьдралаа залгуулж байдаг чөлөөт уран бүтээлчид юм.

Ихээхэн эрсдэлтэй, хатуу хөтүү амьдрал даа. Уран бүтээлчид болон урлагийн байгууллагууд нь консерватив улс төрчдийн бууны хараан доор байж, улаан номд орох дөхөж буй нэгэн төрөл “зүйл”.

Юу болоод байгаа юм бэ гэж үү? Оркестр болон зохиолчид яахаараа энэ нийгмийн ёс суртахуунд заналхийлэгч болчихдог билээ?

Бид бүгд Урлагийг Дэмжих Үндэсний Агентлагаас мөнгө авдаг.

Байгууллагууд агентлагаас тэтгэлэг шууд авдаг. Над мэтийн хувь хүмүүс Охайёогийн Урлагийн Зөвлөлөөс мөнгөн шагнал хүртдэг. Энэ Зөвлөл төрөөс УДҮА-ийг санхүүжүүлж эхэлсэн 1965 онд байгуулагдсан.

Миний үйлдсэн хэрэг бол залуучуудын дууны бүлгэмийг Кливеландын төв дэх сүм рүү шилжүүлсэн явдал болой. Охайёогийн Урлагийн Зөвлөл надад 9 сарын сургалт явуул гэж 875$ өгсөн. Тэр мөнгөөр сүмийн номлол бичсэн Си-Ди, бөмбөрийн сурах бичиг худалдан авч, хоёр концертод оролцох хүүхдүүдийг хөлсөлсөн.

Хэрэв УДҮА-ийг шүүмжлэгчид энэ бүхнийг мэдэх аваас ширүүн шүүмжилж довтлох нь мэдээж.

Конгресс энэ санхүүгийн жилд 10 сая долларын дэмжлэг үзүүллээ. Энэ нь Агентлагийн үйл ажиллагааг зогсооход яг таарах хэмжээний мөнгө.

1996-97 оны санхүүгийн жилд Конгресс 99 сая доллар баталж байсан нь өмнөх жилийн санхүүжилтийн 40% болж байсан юм. Жилээс жилд ингэж буурч байхад агентлаг маань ч дуугүй, Капитол Хиллд (АНУ-ын Конгрессыг заримдаа ийн нэрлэдэг. Орч.) суугаа хэн ч дургүйцэхгүй байна.

Дараа нь УДҮА-аас Робэрт Мапплеторпын (1946-1989 он. АНУ-ын фото-зурагчин. Орч.) 175 фото-зургийг багтаасан нэг үзэсгэлэнг маргаантай гэгч гаргав.

Цинцинаттад байдаг Орчин үеийн Урлагийн Төв дэх энэ үзэсгэлэнгийн үзмэрүүд дунд илт сексийн шинжтэй 5, шүүмжлэгчдээс хүүхдийг порнографид уруу татсан гэж шүүмжилсэн хоёр ч фото-зураг байлаа. 1990 оны дөрөвдүгээр сарын 7-нд энэ үзэсгэлэн нээгдсэнээс хойш цагдаагийнхан зарим зургийг нь хурааж, заримынх нь зургийг авч хожмын баримт болгож байлаа.

Хожим нь Рок-н-Роллын музейд ажиллах болсон уг Төвийн захирал Дэннис Барри, тэр үзэсгэлэнг порнографи шинжтэй гэж шүүмжилж байв. Шүүгчид харин тэгж үзсэнгүй. Тэд долоон зургийг садар боловч уран сайханч шинжийг агуулсан гэж үзсэн юм.

Гэтэл иймэрхүү зүйлийг Жэйс Хэйлмс татвар төлөгчдийн мөнгөөр садар самуун урлагийг санхүүжүүлж байна хэмээн зарлаж байв. Консерватив үзэлтнүүд болохоор төрөөс ийм урлагийг дэмжсэнээрээ дэмий зүйлд мөнгө зарж байна гэдэг байсан.

Бүгд Найрамдах үзэлтнүүд хоёр жилийн өмнө 1996-97 оны санхүүгийн жилд УДҮА-ийн төсвийг хасахыг зөвшөөрснөөрөө дараа жил нь [1998 онд] уг агентлагийг үгүй хийсэн юм. Гэхдээ сүүлийн жилд 67 сая доллар Агентлагт хуваарилсны 1 сая гаруйг Охайёогийн хувь уран бүтээлч, байгууллагууд авсан.

Урлаг дахь ихээхэн зүйл, ө.х. садар самууны гэгдэх чамгүй зүйл таны үзлээс хамаардаг ажээ.

Хүүхдүүдэд “Ууланд үүнийг хэл!” хэмээх дууг зааснаар тэднийг амьдралд хор хүргэх хүмүүс болгочихно гэж бодохгүй байна. Мөн би Цинцинаттийн шүүгч нартай санал нэг байна. Бид хэн нэгнийг урлагийн бүтээлийн агуулгыг үл тоомсорлосноор нь буруутгаж болохгүй. Нэгэнт би татварын мөнгийг ашиглаж байгаа учраас Мапплеторпын фото-зургийг Б-52-оос (стратегийн бөмбөгдөгч онгоц. Орч.) илүүтэй үзнэ, гэхдээ татварын мөнгөнөөс батлан хамгаалахад зарцуулахыг татгалзахгүй.

Агентлагийг эсэргүүцэгчид энэ бүхнийг мэдвэл намайг дайсны цэрэг мэт үзэх буй за.

Би тулалдааны уриаг сонсож байна. Яг л филистинчүүд (урлаг, соёлд хайхрамжгүй, тэр ч бүү хэл, дайсагнан хандагч. Орч.) үүдэн дээр хүрээд ирсэн мэт санагдах боллоо.

Тэгэхээр Кайн цэцэрлэгт хүрээлэнд тоглогдож буй Охайёогийн Оркестрыг үзэж буй мэт сэтгэл ханамжийг ав. Таны өгсөн татварын мөнгө иймэрхүү бохир зүйлийг дахиж тэтгэхээ болих ч юм бил үү.

Эх сурвалж: Afi-Odelia E. Scruggs-ийн “Attack on NEA is an Obscenity”.

1997 зургаадугаар сарын 9-нд The Plain Dealer-д хэвлэгдсэн. Хэвлэн

нийтлэх зөвшөөрлийг The Plain Dealer © 1997-гоос авсан.

Хэвлэн нийтлэх эрх хамгаалагдсан болно.


Дорхи нийтлэл хэвлэгдсэн сонин

Атланта журнал ба Үндсэн хууль сэтгүүлийн редакцийн нийтлэл

УДҮА-ийн талаарх зүй зохистой, хүчинтэй үгс

Бидний хамгийн их дурладаг нэгэн шог зурагт уран бүтээлч төрийн түшмэлээс илүү тэтгэмж нэхэж буй тухай байдаг бөгөөд хэрэв тийм тэтгэмж олгох аваас тэрхүү түшмэлийг элэглэж доромжилсон, муухай нэр-хаяг өгсөн зургууд дахин эс зурах тухай өгүүлдэг.

Уг зурагт АНУ-ын Дээд шүүхэд оччихоод байгаа төр-засаг татвар төлөгчдийн мөнгөөр урлагийг дэмжихдээ зүй зохистой хэм хэмжээ тогтоон өгч чадах эсэх талаарх үндэслэгээтэй холбоотой хоёр асуудал хөндөгджээ: нэгд, урлагийн хүрээнд буй олон хүн иймэрхүү санхүүжилтийг байх ёстой гэж үзэж байна. Хоёрт, нийгэм дэх олонхын баримталдаг үнэт зүйлийг дорд үзэн тохуурхаж байдаг зүйл хэмээсэн.

Асуудал 1990 онд баталсан хуультай холбоотой үүсжээ. Хуулиар УДҮА санхүүжилт олгохдоо “уран сайхны тал болон хэмжүүрээс” өөр зүйлд анхаарах ёстой болсон. Конгрессын үзэж буйгаар Агентлаг үүнээс хойш “Америкийн олон түмний янз бүрийн итгэл үнэмшил, үнэт чанарыг хүндэтгэх, зүй зохистой байлгах стандартад анхаарах” ёстой аж. Зарим уран бүтээлчид энэ хууль Үндсэн хуулийн Нэг дэх Нэмэлтээр баталгаажсан үг хэл, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг няцааж байна гэж үздэг.

Сан-Франциско дахь давж заалдах шатны шүүхийн шийдвэр нэхэмжлэгчийн талд гарсан боловч аливаа эрүүл сэтгэдэг шударга хүний хувьд энэ тохиолдолд эрх чөлөө зөрчигдөөгүй гэдэг нь тодорхой байдаг. Хэн ч, хэнд ч юуг зурж, дүрсэлж, үзүүлж болох, болохгүйг хэлж заагаагүй. Тэд чухал гэж үзсэн ямар ч бүтээл туурвиж, түүнийгээ бусдад итгүүлж, худалдах эрхтэй.

Энд босож ирсэн асуудал бол УДҮА хэдэн зуун мянган уран бүтээлчийн дотроос хэдхэн хүнд уран бүтээл туурвихдаа татвар төлөгчдийн мөнгийг ашиглах бололцоо олгох ямар шалгуур баримтлах вэ гэдэгт байгаа юм. “Зүй зохист болоод хүндэтгэл хүлээхүйц” гэсэн шалгуурыг даваагүй тэр олон хүмүүс ямар уран бүтээлчид юм бэ?

Хэрэв урлагийн тэтгэмж нь халамжийн хөтөлбөр, хүнсний талон шиг хэн “шаардлагатайд” нь оногддог зүйл юм бол бэлгийн амьдрал үзүүлдэг, шашны хатуу тэг ном баримталдаг, хүүхдийн порно бүтээлчид, аймшгийн бүтээл туурвигчдад ч очиж болно. Гэхдээ УДҮА хэн татвар төлөгчдийн мөнгийг авах ёстой вэ гэдэг дээр субъектив шийдвэр гаргасаар ирсэн, цаашид ч мөн тэгэх шинжтэй.

Бодит байдлыг харгалзан үзвэл зүй зохистой байх шалгуурыг тавих нь тийм ч буруугүй мэт. Үнэндээ, ийм шалгуур тавих нь зөв, учир нь түшмэд иргэдийн мөнгийг бид л үрэх эрхтэй гэсэн аятай аашлах боллоо.

Зарим уран бүтээлчид бусад иргэдтэй доромж байдлаар харьцах дуртай байдаг. Энэ оронд буй хэн ч ингэж чадна. Гэхдээ шог зураг дээрхээс ялгаатай нь тэд ийн үйлдэхийн тулд санхүүгээ өөрсдөө олох ёстой.

Эх сурвалж: “Decency a Valid Concern for NEA”-гаас

хэсэгчлэн авав. Атланта журнал ба Үндсэн хууль

сэтгүүлийн редакцийн нийтлэл. 1997 оны 12-р сарын 1,

Copyright © 1997, The Atlanta Constitution


Одоо порнографийн асуудлыг зориуд философийн үүднээс авч үзсэн хоёр сэтгэгчийг танилцуулъя. Эхлээд цензуур рүү дайралт хийсэн сүүлийн үеийн зохиолч, яруу найрагч, нийтлэлч, философич Пол Гүүдмэнийг сонс. Тэрээр Чикагогийн Их сургуульд Платон болон Аристотелийн философийг судалж байсан бөгөөд энэ нь ч бичсэн бүх зүйлээс нь харагддаг. Гүүдмэн порнографийн асуудалтай энэ талаарх нарийвчлан бодоогүй сэтгэмж хортой болох тухай өгүүлэх үедээ тулгарчээ. Тэрээр Жойсыг (Жэймс Жойс. 1882-1941 он. Ирландын зохиолч. Орч.) аугаа зохиолч хэмээсэн ч өөрийнхөө зохиолыг ийм амжилттай болгох зорилго тавьж байгаагүй гэх нь утгагүй бөгөөд доромж хандсан хэрэг мөн гэж тэмдэглэсэн нь маш зөв хэрэг байлаа. Жойсыг ингэж хамгаалах нь аугаа илбэчнийг үзэгчдийг мэхлэх зорилго тавиагүй хэмээн хамгаалахтай адилавтар сонстдог.

Дорхи нийтлэлийн автор АНУ-ын зохиолч, утга зохиол шүүмжлэгч, сэтгэл зүйч Пол Гүүдмэн

Порнографи, урлаг, цензуур

Ичгүүр сонжуургүй байдал хийгээд порнографийн талаарх орчин үеийн сэтгэлгээ буруу замаар явж буй бөгөөд хор хөнөөл нь их байна. … шүүхийнхэн зөв үндэслэл дэвшүүлэхгүй бол асуудал байсаар байх болно. Бүр ноцтой нь шүүхийнхэн өнөө үед нэлээд идэвхжээд буй бэлгийн хандлага бүхий порнографид дасах шинжтэй болжээ. Энэ бол шүүх зэвэрч буй хэрэг, ингэснээр хяналт ч бас сулрах болно. … Эцэст нь хэлэхэд, хамгийн хорлонтой нь шүүхийнхэн урлаг болон хэвлэн нийтлэх эрх чөлөөний мөн чанарыг буруу ойлгосноороо тэднийг жинхэнэ үүргээс нь холдуулж, нийгмийн хариуцлагаа биелүүлэхэд саад болдог. …

Шүүгч Уолсэйгийн (АНУ-ын Нью-Иорк хотын шүүгч энэ хүн Юлисиз зохиолын талаар шүүхийн шийдвэр гаргаснаараа алдаршсан. Орч.) Юлисиз-ийг задлан шинжилсэн арга зүй дараах маягтай байна: ичгүүр сонжуургүй гэдэг бол порногорафи, “бэлгийн дур хүслийг өдөөсөн, хэт секс шинжтэй бодол санаанд автсан” гэсэн үг хэмээгээд цааш уг бүтээлийг “хүн төрөлхтнийг ажиглаж тодорхойлох утга зохиолын шинэ аргыг зохион бүтээх гэсэн нямбай бөгөөд нухацтай оролдлого мөн” гэжээ. Дараагийн хэсэг хүртэл утга зохиолын шүүмжлэлийг хойш тавиад, ичгүүр сонжуургүй гэж юу гэсэн үг болохыг авч үзье.

Бэлгийн дур хүслийг өдөөсөн, бэлгийн амьдралд уруу татсан гэх мэт ойлголтууд сексийг хэт ил тод гаргахгүй байх нь зөв гээд хувцастайгаа усанд орж, бүхлээрээ орондоо орох шахдаг, бухыг эр-үнээ хэмээн нэрлэх дөхдөг “ ичимхий даруу” уур амьсгал бүхий орчинд муу зүйл. Тэгвэл олон нийтийн дунд “зураг юм уу үгээр” бэлгийн амьдралыг илэн далангүй, ил тод өгүүлэх нь нийгмийн өөрийнх нь төрхийг зөрчиж, мэдээж, ичгүүр сонжуургүй байдал гаргаж буй хэрэг мөн. Өнөө үед ингэх нь ичгүүр сонжуургүй явдалд тооцогдохгүй байна. Порнографи нь ipso facto (баримтаар бол. Орч.) ичгүүр сонжуургүй явдал биш. 1949 онд шүүгч Жэромэ Франкийн тэмдэглэсэнчлэн “Эрүүл саруул ухаантай хэн ч гэсэн сексийн хэвийн дур хүслийг нийгэмд хор хөнөөлтэй хэмээн бодохгүй.” Бид аливаа эрүүл ухаантай хүмүүс гоо сайхан бол эрүүл ахуйн талаасаа бэлгийн дур хүслээс салгах аргагүй зүйл, худалдаа арилжаа нь гоо сайхантай ихээхэн хэмжээгээр холбогддог хэмээн үздэг соёлын дунд амьдарч байна.

… Өнөөгийн манай соёлд уран бүтээлч хүн уншигч-үзэгчийг хөдөлгөөнд оруулах ёстой; тэрээр тэднийг уйлуулж, инээлгэж, уурлуулж, энэрэх сэтгэлийг нь хөдөлгөж, тэр ч бүү хэл, үзэн ядахад хүргэх ёстой. Гэтэл энэ бүх үүргээ биелүүлэхгүй байна. Яагаад? Эдгээр хязгаарлалтын улмаас бид өөрсдийгөө сэтгэлийн хөдөлгөөнгүй, хөшингө хэмээн буруутгадаг. Английн шүүхийнхэн шиг “сонгодог” гэдгийг хашилтад хийхийн оронд сонгодог гэдгийн хууль зүйн тодорхойлолт “үйл ажиллагаанд ордоггүй ичгүүр сонжуургүй” байх ёстой мэт санагдах боллоо. Сонгодог порнографид анхаарлаа хандуулъя л даа, тэгвэл бид шүүхийнхний батлах ёстой тэр кэйс биш болохыг харах болно. Тэр бүтээл нийтээр ярьдаг утгаар порнографийн шинжтэй гэхээсээ илүү бэлгийн хандлагатай боловч “бүхэлдээ” нийгмийн хүрээнд байж болох зүйл. … Хэрэв өмнөх үгэнд бичсэн нь үнэн бол Арабын шөнүүд (1001 шөнийн үлгэрүүд-ийг хэлж байна. Орч.) болон Декамерон (1313-1375 онд амьдарч байсан Италийн зохиолч, эрдэмтэн Жованни Боккачиогийн бичсэн Италийн сонгодог зохиол. Орч.) үхлийн өмнө очсон амьдралын хашхираан юм. Манай эрин үеийн цөөхөн гайхалтай зохиолчийн нэг Жан Жэнэт (1910-1983 он. Францын зохиолч. Орч.)-гийн бүтээлүүд ч порно болон психопат (энэ үгийг “сэтгэцийн гаж шинж” хэмээн ойлгож болно. Орч.) шинжтэй. Учир нь, тэрээр хүмүүнлэг бус ертөнц дэх өөрийнхөө оршихуйг мэдэрч чадах эсэх тухай өгүүлдэг. Энэ мэт эрхэмсэг дээд хэрэглээнээс гадна секс бол зугаа хэмээн үздэгээс үүдэлтэй инээд наргианд зориулсан алдартай порно номууд ч бий шүү дээ.

Эх сурвалж: Пол Гүүдмэнийн Utopian Essays and Practical

Proposals (Утопи эссэнүүд болоод практик саналууд) бүтээлээс

эшлэв. Зохиогчийн эрх Copyright © 1961 by Paul Goodman.

Рандом хаусын зөвшөөрөлтэй хэвлэв.


Дашрамд хэлэхэд, цензуурын талаар маргаан явагдаж буй өнөө үед түүний эсрэг хэвлэгдсэн зүйл хангалттай байна. Цөөн тооны хүн л улс төр, шашин, ёс зүйн цензуурыг хамгаалдаг бөгөөд роман, жүжиг, кино нь яг хэзээ улс төржсөн шинжгүй, хүчирхийлэл болон сексийг зөвхөн худалдаа арилжааны зориулалттай болох цагийг хэлэхэд хэцүү. Гэхдээ бид эшилж авсан дараагийн хэсэгт Платон зэрэг сэтгэгчид нийгэмжсэн хүмүүсийн ёс суртахууны эрүүл мэнд бол хамгийн сайн-сайхан зүйл мөн хэмээн үзсэн үндэслэл дээр цензуурыг ул үндэстэй, нухацтай хамгаалах гэсэн оролдлогыг авч үзэх болно. Цензуурыг хамгаалах гэсэн Уолтор Бэрнсийн гол санаа Ичих сэтгэл гэдэг бол хүнд төрөлхөөсөө байдаг зүйл хэмээн нийтээр бодож буй бодлын эсрэг санаа гарч ирвэл юу болох вэ? гэсэн асуултад агуулагддаг. Ө.х. секс, хүчирхийлэлтэй холбоотой ямар зүйлийг төрөлх зүйл хэмээн үзэх вэ, энд ичих сэтгэлтэй холбоотой үүсдэг ёс суртахуунтай адил төрөлх зүйл байх уу? Нийгмийн анхдагч, үндсэн үүрэг нь юу вэ? Төрөлх сэдлийг чөлөөлөх, хязгаарлах хоёрын аль нь юм бэ? Ичих сэтгэлийг ихэсгэх үү, багасгах уу, эсвэл нийгмийн сайн-сайхны төлөө ашиглах уу? Энэ тохиолдолд төрөлх сэдлийнхээ улмаас хэн бүхний унших дуртай порно номыг хамгаалах шаардлага гарахгүй. Харин ч бүр эсрэгээрээ нийгэм бидний зүрх сэтгэлийн хар бараан талыг хянахад туслах ёстой юм уу?

Би уншигчдыг Пол Гүүдмэнд талтай байгаа хэмээн тааварлаж байгаа учраас зориудаар цензуурын талд зогсож, түүнд ихээхэн ач холбогдол өгөх болно. Жон Стюарт Миллийн тэмдэглэж байсанчлан, энд бид өөрсдийн хүсэл зоригтой зөрчилдсөн үндэслэлтэй нүүр тулгарснаар олон зүйлийг шинээр гаргаж ирнэ.

Дорхи нийтлэлийг зохиогч, АНУ-ын жүжгийн зохиолч, найруулагч Уолтер Бэрнс

Порнографи, ардчиллын эсрэг зүйл мөн: цензуурын тухайд

Цензуурын эсрэг зогсох явдал эртний бөгөөд танил зүйл билээ. Хүн бүр л цензуурын эсрэг үндэслэлийг амархан гаргадаг. Милтоны Арэопагитика-г (1608-1674 онд амьдарч байсан Английн яруу найрагч, эрдэмтэн Жон Милтон 1644 онд зөвшөөрөл, цензуурыг эсэргүүцсэн ийм нэртэй зохиол бичжээ. Орч.) хүн бүр л мэдэх байх. Энэ бол өнгөрсөн зуунд иргэний либертари үзэлтнүүдээс цензууртай тэмцэхдээ амжилттай ашиглаж байсан тэр бүтээл. … Иргэний либертари үзэлтнүүд хуучны танил энэ үндэслэлийн шинэчлэгдсэн хувилбараар давамгайлан гарч ирэх боллоо.

Тэдний давамгайллын шалтгаан эсэргүүцэгчид нь учир жанцан муутай шалтаг гаргадаг, мөн эсэргүүцэгчид өөрсдийн төлөө тавьж буй зорилгын хүндрэлтэй талаар тайлбарлагдана. Цензуур нь ичгүүр сонжуургүй байдалд хориг тавина. Тэр ч бүү хэл, хууль зөрчөөгүй тийм байдлыг ч хориглоно. Хэл ярианы ичгүүр сонжуургүй байдал бол Үндсэн хуулийн Нэгдүгээр Нэмэлтээр хамгаалагдсан үг хэлэх хэлэх эрх чөлөөний нэг хэсэг биш юм. Ичгүүр сонжуургүй байдлыг хуулийн талаас нь ялгаж томьёолох тийм амар ажил биш. Энд ичгүүр сонжуургүй хараалын тухай ярьж байгаа гэж үү? Уран зохиолын гайхамшигт бүтээлүүдэд иймэрхүү хараал ерөөлийн үгийг өдий төдийгөөр хэрэглэсэн байдаг. Бэлгийн амьдралыг ил тод дүрсэлсэн тухайд ярьж байна гэж үү? Жэймс Жойсод ийм дүрслэл зөндөө л бий. Үг өөрийг нь хэрэглэж буй хүнийг эвдэн завхруулах хандлагатай байдаг гэж үү? Үг, хүнийг завхруулан эвддэг гэвэл “завхарна, эвдэрнэ” гэдэг ямар утгатай юм бэ? Энэ нь “бусдын бэлгийн амьдралыг сонирхох сонирхлыг” өдөөнө гэсэн үг мөн үү? “Бүдүүлэг үйлдлийг ил тод дүрсэлнэ” гэсэн үг үү? Иймэрхүү зүйлийг ичгүүр сонжуургүй хэмээн үзэх юм бол “нийгмийн ач холбогдол бүхий олон бүтээл”, ном, жүжиг, кино бидний хэрэглээнээс гарах болно. Коллежийн профессорууд ийн өгүүлж байна. Профессор хүн “нийгмийн ач холбогдолтой” зүйл гэж юу болохыг ойлгодоггүй юм бол хэн үүнийг ойлгох юм бэ? Ийм хүмүүс Дээд шүүхийнхнийг ятгаж дөнгөвөл үр дүн нь ямар байх вэ? Тэгэхээр коллежийн профессорууд болон “эрэлхэг зоригтой” хэвлэн нийтлэгчид, олон түмэнд таалагдах гэсэн шүүгчдэд Шоу, Хоуторн, Жойс, Хэмингуэй нарын шүтэн бишрэгчид өртэй аж. Энд хэн нэгэн хүн яг энэ утгаар энэ оронд урлагийн ийм хөгжил цэцэглэлт урьд өмнө явагдаж байсангүй хэмээн хэлж болох юм.

Хуулийн үүднээс ичгүүр сонжуургүй гэдгийг ичгүүр сонжууртайгаас ялгах амаргүй байдаг лугаа ичгүүр сонжуургүй зүйлийг урлагийн аугаа бүтээлийн хэмжүүрээр ялгах амаргүй. Үнэн хэрэгтээ, ингэж ялгах боломжгүй байдал, үүнийг ойлгох бүтэлгүйдэл өнөөгийн нөхцөл байдлын дүр төрхийг бүрдүүлж байна. Манай хуулиар ичгүүр сонжуургүй зүйлийг тодорхой хүнтэй холбохыг хориглодог, бид утга зохиол, жүжгийн аугаа бүтээлүүд ичгүүр сонжуургүй зүйлстэй холбогддогийг хүлээн зөвшөөрөх хүсэлгүй болжээ. Энэхүү хоёр баримтын нэгдэл, бидний өнөөгийн байдалдаа хуулийн зөвшөөрөлтэйгөөр хэрхэн хүрч ирснийг тайлбарладаг: бүдүүлэг театр, уран зохиол гэж юу болох. Энэ парадокс амархан тайлагдсан. Хуулийн янз бүрийн зүйл ангиар ичгүүр сонжуургүй дүрслэлийг гэмт хэрэг хэмээн үзэх болсон, тиймээс манай шүүгчид урлагийн бүтээл нь бүдүүн тойм ямар нэг зүйл биш, үнэхээр л урлагийн бүтээл юм бол ичгүүр сонжуургүй байх ёсгүй хэмээв. Тэгэхээр шүүгч Уолсэй Юлисиз-ийн тухайд хоёр найзаасаа энэ ном хуулийн үүднээс ичгүүр сонжуургүй бүтээлд тооцогдох уу хэмээн асуухад тэд түүнтэй санал нэгдэн “үгүй” хэмээн үзсэн байдаг. Тэгвэл Юлисиз үнэндээ, ичгүүр сонжуургүйд тооцогдох бүтээл мөн. Гэхдээ энэ нь Аристофанын (ХТӨ 450-388 он. Эртний Грекийн жүжгийн зохиолч. Орч.) “Эмэгтэйчүүдийн чуулган” гэдэг шиг ичгүүр сонжуургүй биш. Аристофанын зохиолоос ичгүүр сонжуургүй хэсгийг нь аваад хаячих юм бол тэр бүтээл гайхамшигт шинжээ алдана. Гэхдээ л ичгүүр сонжуургүйд тооцогддог.

Энд асуудал юунаас гарч байна вэ гэвэл 1930 оны Тарифын хуулиар улс орныг “ичгүүр сонжуургүй” номоос чөлөөлөхдөө шүүгч Уолсэй мэдрэмжтэй хүний хувьд энэ явдал Юлисиз-д бүү тохиолдоосой гэж үзсэнээс үүдэлтэй юм. Тиймээс тэрээр түүнийг хамгаалахын тулд хуулийг өөрчилсөн. Гэтэл тэр өөрчлөлтөөр Мэлхийн зам (1891-1980 он. АНУ-ын зохилч Хэнри Миллерийн роман. Орч.) бас хуулийн хамгаалалтад орчих гээд байлаа. Учир нь, хууль ялгаварлалгүй үйлчлэх ёстой. Хэдийгээр, энэ хоёрыг ижил шалгуураар дэнслэхэд хэцүү, хоёр зохиолчийг (Хэнри Миллер, Жэймс Жойс хоёрыг) гоо сайхны мэдрэмж нь эрс зааглан, ялгаж салгаж байдаг ч Мэлхийн зам нь Юлисиз-ээс илүү ичгүүр сонжуургүйд эс тооцогдоно. Яв явсаар яг ийм шалтгаанаар хуулийн хамгаалалтыг өргөтгөж, Трим, МАНюэл, Грэшан Гилд Пикториал гэх мэт сэтгүүлүүдийг 1962 онд Дээд шүүхээс хамгаалсан шийдвэр гаргав. Эм бэлэг эрхтний толгод (Английн зохиолч Жон Клиландын 1748 онд бичсэн эротик роман. Орч.) ч хамгаалалттай болов.

Онцгүй зүйлс ингэж хүчээ авсан нь дэвшлийн талаарх нөгөөх л танил либерал үзэл санаатай холбоотой байлаа. Ийм уран бүтээлч болон эрдэмтдийг хориглохын оронд мөнөөх сайн бодлого нь илэрхийлэх болон эрэлхийлэх бүрэн эрх чөлөө гэсэн нэрээр эрхийг нь баталгаажуулж, ингэснээрээ хамтдаа ашиг олох болов. Урлаг, шинжлэх ухаанд сайн зүйл нийгмийн хувьд мөн сайн: энэ илэрхийлэл 200 жилийн туршид бидний хувьд асуулт тавих шаардлагагүй үнэн болж ирлээ. Цензуур бол харин үүний үгүйсгэл юм. Гэхдээ асуудлыг тус тусад нь тавих ёстой. Урлаг, шинжлэх ухааны хувьд юу сайн бэ? Харин нийгмийн хувьд юу сайн бэ? Цензуурын асуудал хоёр дахь асуудалтай холбогддог.

Цензуур нь өнөөдөр төлөвшчихсөн сэтгэлгээний эсрэгээр өөрийнхөө эсрэг зүйлтэй адил зохих ёсны тэр ч бүү хэл, ардчиллын нөхцөлд ухаалаг хүмүүсийн хүч хөдөлмөр дээр тулгуурласан үзэгдэл. Гэхдээ үүнийг ХХ зууны гэгээрсэн нөхцөлд хөнөөлт үр дагавартай, ашиггүй зүйл гэж үзэх болжээ. Цензуур нь хүний өөрийгөө зугаацуулах гэсэн зүйлд хууль хайхрамжгүй хандаж болохгүй гэсэн угтвар нөхцөлөөс үүдэлтэй юм.

Бид өөрсдийн мэдрэмж төрүүлдэг, тэгснээрээ амьдралд маань нөлөөлдөг … уран зохиол, кино, театр, тэрчлэн график гээд урлаг руу эргэв. Энэ нь хүнийг хүн болох, мөн дунд нь амьдарч буй бусад хүний амьдралыг хэлбэржүүлэхэд тусалдаг. Тэгэхээр хэн нэгэн дараах асуултуудыг тавьж болох юм: Хүн тайзан дээр иргэн, эцэг, нөхрийнхөө үүрэг болон хууль, зан заншил, байгууллагыг дооглон тохуурхах нь улс төрийн хувьд сонирхолгүй бус уу? Сэтгэлийн хөдөлгөөн нь суурь, эрхэм зүйлд татагдаж, түүгээр үүсдэг үү? Эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн хоорондын харилцаа хайрын хүч болон хайр дээр тулгуурлаж байдаг үзэгдэл болох гэр бүлийг устгах хандлагатай, хайраас бүрэн тусдаа эротик утгаар дүрслэгддэг үү? Жүжгийн зохиолч сайхан болон муухай зүйлд татахын тулд сэтгэл ханамжийг ашигладаг уу? Бид ерөөсөө асуудлыг ийн авч үзэх ёсгүй юм биш биз, гэхдээ өнөөдөр бидний дундаас олон хүн улс төрийн зорилгоор сэтгэл ханамж авч буйгаа зарлаж буй ичгүүр сонжуураа алдсан зүйл маш их байгаа нь сонирхолтой бус байна. Порнографичид энд либералиудын “шалтгаант холбоо, ө.х. үг (эсвэл зураг) болон хүний зан төлөв хоорондын холбоо” хэмээн нэрлэдэг зүйлийг мартчихаад байгааг зөнгөөрөө мэдчихээд байх шиг байна. Үгүй юмаа гэхэд тэд энэ баримтыг тайлбарлах зан төлөвийн тухай шинжлэх ухаанд ханддаггүй.

Ийм буй зорилго нь заримдаа шууд, заримдаа үр дагавраараа улс төрийн утгатай байна. Иймэрхүү зүйлс л гайхалтай хурдтай тархаж, биднийг ичих сэтгэлгүй болгодог. Чухамдаа хувийн тайзан дээр тоглогдох ёстой зүйлс бусдад ханамж өгөх, тэднээр бахархсан бахархлын илрэл болж тоглогдох боллоо. Нэг газар бахархал төрүүлэх зүйл нөгөө газар жигшил төрүүлдэг. Хүний хувьд бололцоогүй, чадал чансаанаас нь хэтийдсэн хэмээн бидний бодож буй аливаа зүйлс ичмээр бус. … Олон түмэн цугласан газар хийж буй бэлгийн ажлаасаа таашаал авахад нохойд юу ч саад болохгүй. Үүн лугаа хүнийг театрт харсан үзэгдлээсээ бэлгийн таашаал авахаас салгах нь гаж зүйл. Ичих сэтгэл өөрөө төрөлх зүйл бус, бие махбодын таашаал авахад хоосон дүр гаргагчдаас саад хийх гэсэн зохиомол зүйл. Бид өөрсдийн сэтгэл санааны энэ саад бэрхшээлийг даван туулах ёстой.

Ичих сэтгэл чухал болох нь

Гэтэл бидний нийтээр боддогоос эсрэгээр ичих сэтгэл нь ахуйн утгаараа хүний оршихуйн үндсэн шинж, хүний хувьд төрлөх зүйл байвал яах вэ? Ичих сэтгэлгүй байдал нь төрөлх зүйл бус байвал яахав? Хүн төрөлхөөсөө “улайдаг амьтан” гэдгээ хамтран амьдрах явцдаа мэдэж, түүнд суралцдаг бол яах вэ?

Улс төрийн утгаар ярих юм бол өөрийгөө хязгаарлахуй хийгээд ичингүйрэл хоёрын хооронд холбоо байдаг, ичингүйрэл, өөрийгөө засаглахуй, ардчиллын хооронд холбоо бий. Иймээс ч ичгүүргүй байдал, өөрийгөө илэрхийлэхүйг дэврээх нь улс төрийн хувьд аюултай. Хүмүүний хамтын амьдрал сэтгэл хөдлөлөө захирч байхыг шаарддаг. Ичгүүргүй хүн өөрийгөө захирч чаддаггүй; хүн хамтаараа зохиосон дүрэм журамд өөрийгөө тушаах чадвараа алдахаараа бусдад захирагддаг. Эзэрхийлэн захирах ёс (тирани) бол ичгүүргүй, бие тоосон байдлын гарцаагүй үр дагавар, энд л өөрийн эрх чөлөөг ямар нэг хязгаарлалтгүй тавьдаг.

Энэ бол ХХ зууныг хүртэлх улс төрийн философичдын дэвшүүлж байсан үндэслэл. Ардчиллыг засаглалын аливаа хэлбэрээс илүү зүйл гэдгийг нийтээр ойлгох болсон тэр үеэс ёс суртахуун, хуулиар дамжуулан нийтийн ёс заншилд суралцаж, улмаар өөрийгөө хянаж байхыг шаардах болжээ. Хүмүүст зөвхөн өөрийгөө сонирхох явдлыг зөвшөөрөх нь эзэрхийлэл рүү ойртуулж буй хэрэг. Өөрийгөө сонирхох явдал иргэншлийн сайн шинжүүдээс хамааралгүй тул өөрийгөө л бэхжүүлэх шинжтэй. Эзэрхийлэн захирах ёсонд захирагдаж буй хэн ч гэсэн өөрийн үнэт чанарыг бууруулж байдаг. Ганцаараа л бүрэн дүүрэн эрх чөлөөтэй эзэрхийлэн захирах ёсны асуудлыг урлан бүтээх үйл ажиллагаатай холбох юм бол тэр хүний сэтгэл ханамж хөдөлмөр болон иргэншлийн үүргээс салангид үйл ажиллагаанаас үүдэлтэй болно.

Урлагийн тусын тулд цензуурыг хамгаалах гэсэн хэн хүн хамгаалалтаа дуусах үед өөрийн судлагдахууныг эс шавхах үүрэг хүлээдэг. Харин ичгүүр сонжуургүй байдлыг хамгаалах шаардлагагүй болсон байх ёстой. Аристофан, Чоосэр (1342-1400 он. Английн яруу найрагч. Орч.), Шекспир, Свифт нарыг ичгүүр сонжуургүй байдалтай үл холбох ёстой. Тэдний хийсэн зүйлийг хамгаалалтгүй орхино гэдэг ухаан санаанд багтамгүй зүйл. Тэд ичгүүр сонжуургүй зүйлтэй холбогдохдоо өөрийн гэсэн өвөрмөц байдлаар бүтээлээ “аугаа” болгох утгаар холбогдсон байдаг. Харамсалтай нь, үүнийг тайлбарлахад миний чадвар хүрэлцэхгүй нь.

Тэд ийм зүйлтэй холбогдохдоо инээдэмт зохиолын утгаар холбогддог байсан бөгөөд тэгэхдээ зүгээр нэг инээлгэх зорилго агуулдаггүй байжээ. Аристотелийнхоор эмгэнэлт зохиол биднийг сайн-сайхан зүйлийн сүйрэлд харамсан гашуудаж, түүнийг хайрлахад сургадаг шиг инээдэмт зохиол муу-муухай зүйлийг жигшихэд сургадаг. Эмгэнэл нь дээд, инээдэм нь доод зүйлтэй холбогдоно. Гэхдээ хоёуланг нь нухацтай авч үзвэл зохих зүйлс; Аристотель хоёулангийнх нь талаар судалгаа хийсэн, харин Шекспир аль, аль төрлөөр нь бичсэн.

… Уран бүтээлч хүний сайн-сайхан, ёс суртахуун хүнийг захирах хийгээд захирагдах ёсыг баримтлах ёстой гэдэг. Эдгээр хүмүүн шинж улс төрд л илэрдэг гэнэ. Гэхдээ уран бүтээлч хүн Руссогийн хэлж байснаар хүний сайн-сайхан улс төрд эвдэрдэг хэмээн өгүүлж байсныг ч бас мэднэ. Зохиолч хүн иймэрхүү гоо сайхан нийтлэгээс гадуур байдгийг мэднэ; тэгээд ч бидэнд зөвшилцлөөс гадуурх эмх журам байдаг, харин бид байгалийн эмх журам буюу зөвшилцлийн нэг хэсэг болж байдаг гэдгийг сануулж байдаг. Шекспир (Руссогийн нэгэн адил) байгалийн эмх журам ба зөвшилцил буюу хуулийн эмх журмын хооронд ямар нэг сэтгэл түгшим холбоос байгааг мэдэж байсан бөгөөд түүнийг шийдвэрлэх, зарим хүний хувьд дээд зэргийн боломжит байдлаар шийдвэрлэх зорилго тавьжээ. … Ичгүүр сонжуургүй байдал зөвшилцөж тохирсон зүйлсийг тохуурхахад хэрэг болдог. Ичгүүр сонжуургүй байдал энэ үедээ хүмүүсийг уйтгартай дүлий амьдралаасаа дээш гарахад тусалдаг.

Зөвтгөгдсөн болон эс зөвтгөгдсөн ичгүүргүй байдлын ялгааг хуулийн хүрээнд илэрхийлэх нь тийм амар ажил биш. Үүнийг зөвшөөрч байна, бүрэн дүүрэн зөвшөөрч байна. Би бас үүнийгээ манай хууль гардаг угтвар нөхцөлөөс хийж чадахгүй хэмээн маргамаар байна. Эцэст нь хэлэхэд, би хуульд энэ ялгааг гаргаж чадаагүйн үр дагаврыг заахыг хичээсээр ирсэн: зөвхөн зохист болон зохисгүйн хоорондын ялгааг төдийгүй урлаг хийгээд хог новш хоёрыг ялгаж сурахыг зааж чадахаа болино. Ө.х. цензуур тогтсоноор өөрийгөө дөвийлгөх явдалд хорио бий болж, зохистой хийгээд чин эрмэлзлийг дэмжин, улс төрийн ардчиллыг хамгаалдаг; парадокс шинжтэй нь, ичгүүр сонжуургүй байдлыг зохистой хийгээд зохисгүй ашиглаж буй тухай асуудалтай нүүр тулах үед цензуур, урлаг ба хог хоёрын ялгааг гаргахад тусалдаг. Ингэснээрээ урлагийг хамгаалж, ардчиллыг чанаржуулдаг. Бид үүнийг мартаад байгаа юм. Энэ нийтлэл хуульчдын мэргэжлийнхээ хүрээнээс гадуурх зүйлийн талаар шийдвэр гаргах чадварт эргэлзсэнээс эхэлсэн; тэгээд Дээд шүүхийнхэнд хөтлөгдсөнөөр шүүгчид энэ талаар шийдвэр гаргах ёсгүй юм байна, энд шүүхээр шийдэх зүйл алга гэсэн дүгнэлтэд хүрсэн. Буруу зүйлийн хувьд хуулийг хэрэглэх ёстойд эргэлзэх зүйл байхгүй; гэхдээ ардчилал Эм бэлэг эрхтний толгод болон “Хатагтай Уорренгийн мэргэжил”-гүйгээр (Бэрнард Шоу жүжгийнхээ энэ нэрээр “янхны мэргэжлийг” нэрлэжээ. Орч.) оршиж чадна, илүү тодорхой хэлэх юм бол ийм зүйлс байх шаардлагатай юм бол далд маягаар л байна биз. Ардчиллын жинхэнэ найз юм бол юу ч нууц байдлаар байх шаардлагагүй ээ …

Эх сурвалж: Walter Berns-ийн “Pornography vs. Democracy:

The Case for Censorship”. Паблик интэрэст сэтгүүл,

(1971 оны өвлийн дугаар). Зохиогч болон Кэноёон

коллежийн Олон нийтийн Төвийн зөвшөөрөлтэй нийтлэв.


Эцэст нь, Мэплиторпын (1946-1989 он. АНУ-ын фото-зурагчин Робэрт Мэплиторп. Орч.) маргаантай холбоотой хоёр нийтлэлээс сонирхуулъя: нэг нь Ньюсуик сэтгүүлд хэвлэгдсэн “либерал” байр суурь бүхий Мег Грийнфильдийн өгүүлэл, нөгөө нь Уиллъям Ф.Бакли (1925 онд төрсөн. АНУ-ын зохиолч, хэвлэлийн газрын эзэн. Орч.) өөрийнхөө үндэслэсэн Нэйшнл Рэвью сэтгүүлд “консерватив” байр сууринаас бичсэн нийтлэл. Энэ хоёр нийтлэлийг гарснаас хоёр сарын дараа Цинцинаттын Урлагийн галлерейн захирал шүүхээр бүрэн цагаадсан билээ.

Дорхи нийтлэлийн автор “Вашингтон Пост”, “Ньюсуик”-ийн нийтлэлч Мег Грийнфильд.

Зуны шуурга

Энэ зун нээгдэж, ихээхэн шуугиан дэгдээсэн, зарим нь үнэхээр гоо сайхан, зарим нь бослогоч шинжтэй зураг бүхий Робэрт Мэплиторпын фото-зургийн үзэсгэлэн олон хүнийг өөртөө татав. Вашингтон дахь хувь хүний музейд гарсан энэ үзэсгэлэн өмнө нь 8-р сард Коркораны галлерейгаас хөөгдөж байжээ. Энэ олон хүн, энэ их шуугиан, нэр цуу нь сонгодог урлагт уран бүтээлч, ивээн тэтгэгч, үзэгч гээд бүх талуудын сайн ажиллаж байгааг харууллаа. Уламжлал ёсоор, уран бүтээлчдийн дунд шахалт хавчилтын талаар, ивээн тэтгэсэн төр-засгийнхны дунд уран бүтээлчдийн тухай дуулиан шуугиан үүсэж, үзэгч олон түмэн хориглосон бүтээлүүд дээр шавав.

Манай эрин үе болоод соёлын онцлог гэвэл Мэплиторпын фото-зургууд болон өөр бусад бүтээлүүдийг үнэн хэрэгтээ урлаг мөн үү, биш үү гэдэг талаар маргаан үүсгэж, нухацтай үндэслэгээ дэвшүүлж буй явдал. Заримдаа шинжлэх ухааны эрин үе маань галзуурчихав уу гэмээр байх юм: шинжээчдийн баг ямар хүнд төр-засгийн тэтгэлэг олгохоо шийдэхийн тулд өмнөө буй уран бүтээлийг урлаг мөн биш эсэх тухайд цэвэр шинжлэх ухааны арга, лабораторийн аппарат хэрэглэх шахуу юм болдог болж. Яг л Анагаах ухааны Нью-Ингландын сэтгүүл дээр нийтлэгддэг нээлт шиг. Энд шүүгчид урлан бүтээх зохимжтой илэрхийллийг ширүүн дориун гэгч шүүдэг Европын “академичидтай” их л төстэй санагдана.

… Гол асуудал бол өмнө хэзээ ч тулгарч байгаагүй тийм асуудал бөгөөд тэр нь уран бүтээлч болоод ивээн тэтгэгчийн (ялангуяа ивээн тэтгэгч нь төр байгаа тохиолдолд) харилцаанд байна.

Уран бүтээлчийн сэдэв, урлан бүтээх арга барилын сонголтод төрөөс оролцож буй аюул гоц гойд мэдрэгдэх боллоо. Мөн уран бүтээлчдийн төр, улс төрийн ашиг-сонирхолтой орооцолдож буй байдал хардалт төрүүлж байна. Гэхдээ энд зохист шалтгаан байгаа л байх. Өмнөх зуунуудад урлаг олон түмний ивээн тэтгэлэг болон тэдний ашиг-сонирхлоос хол хөндий байж, төр ер бусын бүтээлд урам өгдөг байлаа. Гэтэл өнөө үед урлаг өөрийн жамаар явж байхад төр хөндлөнгөөс нь байнга оролцсоноор тэнэг, нууц, шахаанд орсон байдал харагдах болов. Яг л Италийн фашистуудын хачин уран барилга, Зөвлөлтийн “социалист реализмын” бүтээлүүд шиг.

Америкийн засаг-захиргаа шууд мөнгө олгодог хөтөлбөрөөсөө илүүгээр боловсрол, татварын бодлогоор дамжуулан, тус орны урлагт их нөлөөлж буй нь сонирхол татаж байна. Уран бүтээлчид болон түшмэлүүдийн хоорондын харилцаа тод харагдаж буй учраас энэ бүхэн тодорхой. Өнгөрсөн зун бидний харснаар энэ харилцаа ихэнх тохиолдолд аядуу явагдсан боловч цаанаа харилцан асар их дургүйцэл зөрчил агуулж байв.

Тэгэхээр урлагийн ертөнц дэх зарим нь татвар төлөгчдийн мөнгөөр өөрсдийн юу дуртайг хийх шаардлага тавьж, үүнийг эсэргүүцэхийг “цагдаагийн төрийн” үйлдэл гэсэн. Ингэж боломгүй. Сенатор Жесс Хэйлмс мэтийн Конгресст сууж буй зарим хүн Балчир Бо-пийпээс илүү зөрчилтэй санал гаргаж байна. Хэйлмсийн санал ялах учиргүй. … Гэхдээ манай контэмпорари (орчин үеийн. Орч.) урлагийн нийгмээс гажсан мөн чанар, төр-засагт орсон хүмүүсийн консерватив шинж, хамгийн гол нь уран бүтээлч болон ивээн тэтгэгчдийн аз заяагүй харилцан холбоо өөрчлөгдөхгүй.

Ивээн тэтгэгч ба суутан

Самюэль Жонсон (1709-1784 он. Англид Др. Жонсон хэмээн нэр цуу нь түгсэн бичгийн их хүн. Орч.) алдарт Тайлбар толийнхоо 1775 оны өмнөх үгэнд өөрийн харамч ивээн тэтгэгч Честерфильдийн гүнтэнд хандан “Эзэнтэн минь, таны үүдний өрөөнд хүлээж сууж байгаад хөөгдөн гарснаас хойш 7 жил өнгөрчээ; энэ хугацаанд би ажлаа арай ядан урагшлуулсан … ямар ч тусламж, урамшуулал, ядаж нэг удаагийн инээмсэглэлгүйгээр энэ бүтээлийг хэвлүүлэхэд нэгэнт бэлэн боллоо” хэмээн өгүүлжээ. Энэ хэдхэн үгэнд янз бүрийн утга агуулагджээ: урам хугарсан, зэмлэсэн, тохуурхсан гээд бүх өнгө аяс байна. Жонсон өөрөө тусламж гуйж буй хүнээсээ хамаагүй өндөрт, тэгтэл нөгөө хүн нь нийгэм дэх байр сууриараа өөрөөс нь хамаагүй нөлөөтэй байгааг мэдэж байжээ.

Зарим үед хүмүүсийн хооронд хачин солилцоо явагддаг: ивээн тэтгэгч жинхэнээсээ ойлгоогүй атлаа суутныг магтахад, суутан худлаа ч гэсэн мөнгөний эзнийг магтана. Романтик зураач, яруу найрагч Уиллъям Блэйк (1757-1827 он. Англи. Орч.), шүлэг бичих гэж оролдон “Талархууштай могой” гэх мэт аймшгийн шүлэг бичсэн, яруу найраг сонирхогч Уиллъям Хайлэй хоёрын дунд ийм явдал болсон байдаг.

Ийм нөхцөлд хэн тийм ухаалаг, бас тэгээд таатай байж чадах юм бэ? Та уран бүтээлч, тэгээд өөрийнхөө тэнэг хэмээн боддог нэгний эрхшээлд байна; та ивээн тэтгэгч, тэгээд хэн нэгэнд мөнгө өгсөн учраас түүнд магтуулна. Яагаад иймэрхүү байдал аажим аажмаар газар авах ёстой гэж? Бид цөмөөрөө сенатор Хэйлмсийн гутамшигт хуулийг ялан дийлэх ёстой хэмээн бодож байна. Тэгсний дараа л хэсэг зуур амсхийж болно.

Эх сурвалж: Meg Grenfield-ийн “Summer Storm”.

1989 оны есдүгээр сарын 4-нд Ньюсуик сэтгүүлд хэвлэгджээ.


Дорхи нийтлэлийн автор Америкийн консерватив үзэлтэй нийтлэлч, тоймч Уиллъям Ф.Бакли

Урам зориг бүхий фото-зурагчин

Мэплиторп архирч байна. Хэдийгээр, бэлгийн амьдралыг ил тод үзүүлсэн, илүү их шуугиан тарьсан фото-зургууд байсан ч түүний бүтээлүүдийг хөтөлбөрөөс хасаж, хувийн жижиг музей рүү шилжүүлжээ. Капитолоос (АНУ-ын Конгрессоос. Орч.) цензуурын сураг чимээ дуулдах болов. Жорж Уиллээс (1941 онд төрсөн. Пулицэрийн шагналт АНУ-ын тоймч. Орч.) эхлээд Виллаж Воис (Нью-Иоркийн долоо хоног тутмын сонин. Орч.) гээд бүгд л, бохир заваан урлагийг төрөөс санхүүжүүлэхийг няцаах арга хэмжээний тухай Жэйс Хэйлмсийг шоолж байна.

Хамгийн инээдтэй нь, Хэйлмсийн зөв аж. Хойд Каролинийн энэ мангас Робэрт Мэплиторпын бүтээлийг бодитой үнэлсэн олон нийтийн төлөөлөгч шиг санагдлаа. Түүнд хааны нүцгэн байгааг төдийгүй зүй бус үйлдлийг харуулах хувь заяа тохиожээ. Ингэж хэлснээрээ Мэплиторпын бүтээлийг доош хийж буй биш харин онцолж буй хэрэг шүү.

Мэплиторп (тэрээр энэ оны 3-р сард ДОХ өвчнөөр насан эцэслэсэн) бол үнэхээр хачирхалтай боловч авьяастай хүн болох тухайд маргах гэсэнгүй. Хэрэв гаж сексийг харуулсан зургууд байгаагүй бол бусад гайхалтай зураглал болон урлан бүтээх арга барил нь түүнд маш их нэр хүнд авчрах байлаа.

Гэхдээ Мэплиторпын бүтээлүүдийн үндсэн шинж нь завхай зайдан байдлыг гоо зүйжүүлэх явдал ажгуу. Тэрээр хэвийн мэдрэмжийг цочролд оруулах сэдвийг зориуд сонгон авч, хийсвэрлэх арга барилаар харуулдаг. Мөн үзэгчдийн сэтгэлд хүрэхийн тулд зохист бус ба ёс суртахуунаас гаж гэсэн хоёр буруу үзэгдлийг гоо сайхантай холбох арга хэрэглэж байна. Тиймээс ч хүнийг ихээхэн тавгүйцүүлдэг.

Садар самуун зүйл энд алга, энэ бол Жэйс Хэйлмсийн бохир заваан оюун санаанд байгаа зүйл мэтээр үзэх нь уг зурагт буй гоо сайхны элементийг үгүйсгэж байгаа шиг хуурамч зүйл. Мэплиторпын фото-зурагт буй зарим үйл явдал тун хачин тайлбар шаарддаг. Энгийнээр хэлэхэд хэн нэгэн биднийг цочирдуулахыг хичээж байвал бид цочирдохоос яахав.

Гэхдээ үүнийг урлаг гэж болох уу? Болно, энэ бол урлаг, бүр аугаа урлаг ч байж болно. Тэгээд юу гэж? Гэгээнтэн маягийн уран бүтээлч нэгэн хэвийн байдаг шиг аугаа уран бүтээлч ёс суртахуунаас гажуу байж болно. Ёс суртахуун ба гоо зүйн хооронд шууд харилцан хамаарал байдаггүй, ёс суртахуун урлагийн өмнө бөхөлзөж байх шаардлага байхгүй. Хэн Мэплиторпыг ивээн тэтгэхийг хүсэж байна түүний хувьд чөлөөтэй. Харин олон түмний хувьд тэтгэхгүй байх эрх бий.

Эх сурвалж: The National Review-ийн редакцийн өгүүлэл “Shutterbuggery”.

1989 оны 9-р сарын 1. © 1989 by National Review, Inc., 215 Lexington Ave.,

New York, NY 10016. Зөвшөөрөлтэй хэвлэв.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж