Төрийн тусгаар тогтнолоо сэргээж, шинэ тулгар Монгол улсыг байгуулсан нь
XX зуун гарахад Монгол, Хятад, Уйгур, Түвд зэрэг олон угсаатан цөм үндэсний эрх чөлөөний хөдөлгөөнд улам бүр идэвхтэй оролцож, тэдэнд Чин улсын эзэн хаант төрийг түлхэн унагаах нийтлэг зорилт байвч уг зорилгыг биелүүлсний дараа тус тусын үндэсний тусгаар тогтнолыг сэргээхийг зорьсон хандлага улам бүр мэдэгдэхүйц болж байв.
Нийгмийн дарлал, мөлжлөг, харийн колончлол, нэн ялангуяа “Шинэ засгийн бодлогыг” харъяат хошуу нутагтаа хэрэгжүүлэхийг эсэргүүцэж, “язгуурын ёсыг журамлах” урианы дор тэмцэж байсан Монголын ард олны тэмцэл газар бүр гарах болсны зэрэгцээгээр Хятад оронд хөрөнгөтний хувьсгалын тохироо нэгэн адил бүрдэж байв.
Хятадын хөрөнгөтөн ангийн төлөөлөгчид 1905 онд Японы Токио хотод Нэгдсэн эвлэл “Түнмэнхүй” гэдэг өөрийн байгууллагыг байгуулан, Манж Чин улсын эсрэг тэмцэх болсон ажээ. Түүнийг удирдагч Cун Ят сен болон тус эсвэл “Харь угсаатныг үлдэн арилгах, Хятадыг сэргээн мандуулах, Иргэн улсыг байгуулах, газрын эрхийг тэгштгэх” хөтөлбөр дэвшүүлэн тавьсан юм. Гэвч эл хөтөлбөр нь монголын ард түмнийг хөрөнгөтний хувьсгалд татан оруулж чадаагүй бөгөөд харин эдний “Харь угсаатныг үлдэн арилгах (Цюй чү да ло), газрын эрхийг тэгшитгэх” хөтөлбөр дэвшүүлэн тавьсан юм. Монголын ард түмнийг хөрөнгөтний хувьсгалд татан оруулж чадаагүй бөгөөд харин эдний “Харь угсаатныг үлдэн арилгах (Цюй чү да ло) , газрын эрхийг тэгшитгэх гэдэг уриаг монголчууд өөрсдийнхөө эсрэг үзэж, Манж, Хятадаас салан тусгаарлаж, үндэсний тусгаар тогтнолынхоо төлөө тэмцэлд сэргэн боссон юм.
Монгол дахь үндэсний эрх чөлөөний хөдөлгөөнд үндэсний дэвшилт хүчнүүд нэгдэн нягтрах явц нь нэлээд хэдэн жил үргэлжиллээ. Монголчуудын төрийн тусгаар тогтнолыг сэргээх гэсэн эрмэлзэл үндэсний эрх чөлөөний хөдөлгөөнд улам бүр тодорч байх болсон .
Гэтэл тэр үед Монголчууд дан өөрийн хүчээр тэмцээд, тусгаар тогтнолоо сэргээх боломжгүй байлаа. Тэгвэл гаднаас туслах хүчнийг олох хэрэгтэй байлаа. Тэр үед Ар, Өвөр Монголыг нөлөөнийхөө хүрээнд хуваарилах талаар сэм тохиролцоод байсан хаант Орос улс, Япон улс хоёроос тусламж авах санаачлага үндэсний тусгаар тогтнолын төлөө тэмцэгчдийн дотор гарах болсон ажээ. Эдгээрээс Ар Монголынх нь илүү явууртай болж, нийт монголчуудын үндэсний эрх чөлөөний хөдөлгөөний төв болсон тул эхлээд Ар Монголд юу болсныг өгүүлсүгэй.
Ар Монголын эрх баригч ноёд лам нар нь Чин улсын захиргаа болон Ар Монгол дахь гадаадын колончлогч нар алтны уурхай нээж ашиглахыг эсэргүүцэж, 1900 онд Чин улсын Засгийн газарт Халхын дөрвөн аймгийн чуулганы дарга, туслах жанжин , хэбэй, Их шавийн шанзудба, Да лам нар нэр хамтран эсэргүүцэж заалдсан боловч амжилт олоогүй билээ.
Монголын эрх баригч зарим феодал Манж-Хятадын улам идэвхжиж бүхий колончлолыг “өөрсдийнхөөрөө” эсэргүүцэх явдал аажмаар өсөж байв. Чин улсаас хараат байдалд байсан Солонгос нь түүнийг болон Чин улсын зүүн хойд мужуудыг нөлөөнийхөө хүрээнд оруулсан, залуу хөрөнгөтөн Япон улсыг түшиглэн тусгаар тогтнолоо сэргээх гэж оролдсон нь Чин-Япон улсын 1895 оны дайнаар шийдвэрлэгдэн, Чин улсын хараат байдлаас гарч тусгаар тогтносон нь Чин улсын ноёрхлын эсрэг тэмцсээр ирсэн монголчуудад зоригжуулагч жишээ болов.
Ар Монголын шашны тэргүүн Жибзундамба хутагт Монголын умард хэсгийн зарим аймаг, угсаатныг хэдийн өөртөө нэгтгэсэн агаад мөн XIX зууны дунд үеэс Алс Дорнодод идэвхитэй бодлого явуулж, Монголыг нөлөөнийхөө хүрээнд оруулахыг зорьж байгаа хаант Орос улсыг түшиглэн, Монголын төрийн тусгаар тогтнолоо сэргээх чин эрмэлзэлтэй байгаагаа 1895 онд илэрхийлж Оросын эрх баригчдад монголчуудын урмыг хугалахгүй өөртөө татахыг хичээхдээ та нарт тусална гэдэг санаагаа илэрхийлэхийн хамт “… хэдэн жил хүлээж шалтаг тохиолыг үзэж босвол болно. Тэр цаг болтол маш нууцаар яаралгүй бэлтгэх хэрэгтэй” гэж зөвлөсөн юм.
Түвдийн Далай лам 1904 оны зун Их хүрээнд ирж Ар Монголын эрх баригчидтай дотно холбоо тогтоож, жил гаруй Халхад байсан явдал бол зөвхөн шашин шүтлэгийн холбогдолтой биш нийтийн дайсан Манж-Хятадын ноёрхол,колончлолын эсрэг тэмцэлдээ харилцан бие биенээ дэмжих, хөрш Орос улстай холбоо барих асуудал байжээ. Иймээс Чин улсын захиргаа, Далай ламыг Монголд байхад нь элдвээр дэмжиж тэтгэсэн агаад мөн оны намар өөрийн Хүрээнд урьж өвөлжүүлсэн Түшээт хан аймгийн туслагч жанжин чин ван Ханддоржийн дунд хүү Данзанжамц Бээжинд Далай ламыг хүргэж очиход нь баривчилж цаазаар авсан байна.
Чин улс “Шинэ засгийн бодлого” гэгчдээ төлөвлөсөн арга хэмжээгээ хэрэгжүүлэхийн бэлтгэл болгож, олон зүйлийн байцаалт, түүн дундаас монголчуудын тарианы газрын хэмжээг аймаг, хошуудаар гаргуулсны үнэн эсэхийг магадлан байцаалгах, манж, монгол түшмэдийг Их хүрээнээс 1907 оны зун томилон мордуулжээ. Тэгэхэд Халхын Түшээт хан аймгийн туслагч жанжин ван Ханддоржийн хошууны эрх баригчид тэдгээр түшмэдэд уналга, улаач нийлүүлэхээс татгалзсан тамгагүй бичиг хийж, Их хүрээний Сайдын яаманд ирүүлж улмаар уналга, улаач нийлүүлээгүй ажээ.
1910 оны арваннэгдүгээр сарын 1-нд Их хүрээнд хамаарсан сайд Сань До гэгч хүрэлцэн ирж үүргээ гүйцэтгэж эхэлсэн байна. Хүрээнд ирээд түүний дав дээр гүйцэтгэх үүрэг бол шинэ засгийн бодлогыг шуурхай хэрэгжүүлэх явдал байжээ. Тэр юуны урьд Хүрээний сайдын хэрэгцээнд Түшээт хан, Сэцэн хан, Их шавиас нийлүүлдэг зүйлийн хэмжээг үлэмж нэмэгдүүлснээс гадна Хүрээний лам нарыг цэрэг болгож, Өвөр Монголд бослого гаргаад, Халхад нэвтрэн ирсэн Тогтохын удирдсан ардын бослогыг даруулахааар явуулах гэж оролдсон ажээ.
Ар Монголын эрх баригч хар, шар феодалууд, Их хүрээнд Хэрэг шийтгэгч хамаарсан сайдаар томилогдон ирсэн Сань До-гийн хувийн дутагдлыг илчлэн, түүнийг уг тушаалаас огцруулах нэрийдлээр заалдан тэмцэх замд орсон нь хэрэг дээрээ ноёд , язгууртны дээд хэсэг үндэсний эрх чөлөөний хөдөлгөөнд идэвхитэй оролцож эхэлсний тод илрэл мөн.
1910 оны есдүгээр сарын 7-нд Манжийн эзэн хааны зарлиг бууж, Бадамдоржийг Их шавийн шанзудбагийн тушаалаас огцруулсан бөгөөд Хүрээнд анх хамаарсан сайдаар томилогдон ирсэн Сань До- г ноцож заалдсан хэрэг явцгүй болсныг харуулсан ажээ. Нөгөө талаар шинэ засгийн бодлогыг зогсоолгох бололцоо үгүй гэдэг нь Засагт Тус хийх яамны хуралдаанд оролцсон хэлэлцэгч монгол түшмэл нарт нэгэнт тодорхой болжээ. Иймээс Их Хүрээний Монгол сайд Пунцагцэрэн “ус, шороо зохилдохгүй” гэдэг шалтгаанаар Засагт Тус хийх яамны хуралдааныг орхиж, арванэгдүгээр сарын эхээр хувийн зардлаар нутагтаа буцжээ.
Халхын хэлэлцэгч түшмэл нар Бээжинд байхдаа мөнхүү хуралдаанд оролцож буй Өвөр Монголын түшмэдтэй шинэ засгийн бодлого Монголд харш тул “хэрхвээс зохихыг” хэлэлцэж байсан байна.
Жибзундамба хутагт Ар, Өвөр Монгол дахинд шашны талаар үлэмж нэр хүндтэй тул Монголын эрх чөлөөний хөдөлгөөнд оролцогч ноёд , түүнийг хүрээлэн нэгдэж үлэмжийн их нөлөө, нэр хүндийг нь ашиглаж эхэлжээ. Үүнд, Түшээт хан аймгийн жанжин Ханддорж зонхилох үүрэг гүйцэтгэж байсан аж. Тэрээр Жибзундамба хутагтын дуудлагаар 1910 оны өвөл Их Хүрээнд ирээд харьяат хошуундаа буцаж очилгүй ажиллах болсон байна.
Ийм нөхцөлд Монголын үндэсний тусгаар тогтнолыг сэргээх санаачилга гаргагчид, юуны урьд үндэсний эрх чөлөөний хөдөлгөөний удирдлагыг өөрсдийнхөө мэдэлд төвлөрүүлэхийн зэрэгцээгээр гаднаас тусламж болохуйц хүчнийг сонгож, түүнтэй яаралтай холбоо тогтоох явдал тэргүүн зэргийн зорилт болсон ажээ. Ийнхүү Монголд үндэсний эрх чөлөөний хөдөлгөөн өрнөх дотоод, гадаад нөхцөл бүрдсэн ажээ.
Ар Монголын эрх баригчид , урьд товлосон ёсоор Жибзундамба хутагтад бат оршил өргөх дашрамд Их хүрээнд хийх дээд лам, ноёдын нууц зөвлөгөөнөөр төлөвлөсөн зорилтоо биелүүлэхээр найдаж байв. Тэр зөвлөгөөн нь 1911 оны зургадугаар сарын 21-нд Халхын дөрвөн аймгийн хан, чуулган дарга, жанжин тэргүүтэй ноёд, хамба, шанзудба нарын зэрэг эрх мэдэлтэн Их хүрээнд цугларч, Жибзундамба хутагтад бат оршил өргөхөөр Эрдэнэ Шанзудбын яаманд нууц зөвлөгөөн хийж, Чин улсын шинэ засгийн бодлого гэгчийг хүлээх, эсэх талаар зөвлөлджээ.
Тэгэхэд олонхи нь шинэ засгийн бодлого монголчуудын амьдрал, ёс суртахуун, шашин шүтлэгтэй харштай гэж үзээд , түүнийг бүхэлд нь хүлээж авч болохгүй хэмээх санал нь давамгайлж, колоничлох бодлогоос мултрах арга сүвэгчлэн хэлэлцэж байх үеэр Түшээт хан аймгийн жанжин Ханддорж, мөн аймгийн чуулган дарга Чагдаржав зэрэг ноёд, Их шавийн да лам Цэрэнчимэд нар Богд хан уулын модонд сэм хуралдаж, Орос улсаас тусламж авч монголчууд Манжаас салж, тусгаар улс болох санал сэдэж, нууц зөвлөгөөнд оруулан хэлэлцүүлээд улмаар Жибзундамба хутагтаас соёрхлыг олжээ. Тэгээд тэрхүү нууц зөвлөгөөн Ханддорж , Цэрэнчимэд, Өвөр монголын түшмэл Хайсан нарыг Орос улсаас тусламж эрэхээр явах төлөөлөгчөөр томилохыг Жибзундамба хутагтад мэдүүлж тогтоолгоод, Их хүрээний Оросын консул Миллерт учрыг хэлж хил нэвтрэх зөвшөөрөл авсан байна.
Жибзундамба хутагт нараас Оросын эзэн хаанд бичсэн албан бичигт хэд хэдэн тодорхой санал дэвшүүлжээ. Тухайлбал, Монголын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөх тухай гэрээ байгуулах, худалдаа хийх, төмөр зам тавих, шуудан харилцааг өргөтгөх тухай хэлэлцээрт гарын үсэг зурах зэрэг асуудал байлаа. Монголын төлөөлөгчдийн тавьсан эдгээр чухал асуудлыг хэн нэгэн эрх мэдэлтэн дангаараа шийдсэнгүй. Тэгэх ч боломжгүй байжээ. Иймээс 1911 оны долдугаар сарын 17- нд хаант Орос улсын сайд нарын зөвлөлийн даргын удирдлагаар Сан, Худалдаа, Аж үйлдвэр, Гадаад явдлын ба Цэрэг Тэнгисийн яамдын сайд нар болон бусад өндөр тушаалтан Монголын тухай онц зөвлөгөөн хийж, Монголын талаарх баримтлах чиг шугамаа тогтоосон байна.
Ийнхүү Монголын нийгмийн янз бүрийн анги давхаргын дэвшилтэт эх оронч хүчин Манжийн ноёрхлыг түлхэн унагааж, Монголын үндэсний улсыг байгуулах эрх чөлөөний тэмцэлд нэгдэж боссоны үр дүнд Халхын Хүрээний Бүгд Хэргийг Түр Ерөнхийлөн Шийтгэх Газар мөн өдрийн оройн 7.00 цагт Их Хүрээн дэх Чин улсын сүүлчийн сайд Сань До-г гурав хоногийн дотор хилээс гарах шаардлага тавимагцаа, Монголын төрийг сэргээн мандуулах тунхаг гаргаж, гудамж, зах зээлийн газраар нааж зарласан байна.
Тэднийг арванхоёрдугаар сарын 4-ны өдөр монгол түшмэд цэргүүдээр харгалзуулан, Хиагт хүртэл өргөн чөлөөгөөр явуулж, Монгол нутгаас үлдэн зайлуулсан ажээ.
Халхын Хүрээний Бүгд Хэргийг Түр Ерөнхийлөн Шийтгэх Газар арванхоёрдугаар сарын 3-нд Манж Чин улсын Хэвт ёс (Сюаньтун)-ны он тооллыг халж, Монголын 12 жилийн цаг тоог баримтлан “Цагаагчин гахай” жил гэж нэрлэхээр шийдвэрлэж, мөрдүүлэх болсон нь Монголыг сэргээн мандуулах үйл хэргийн эхлэл байв.
Эх сурвалж: “Монгол улсын түүх” III дугаар боть