Улирч буй 2016 он тогтсон журмаас гажсан, уламжлалт тогтолцоо, сэтгэхүйгээс татгалзсан он байлаа. Дэлхий нийт шинэ орчинд, шинэ дэгд дасан зохицох шаардлагатай болж байна.
Дэлхийн хоёрдугаар дайнаас хойш, ер нь бол түүнээс ч өмнө дэлхий нийтийн харилцан ойлголцлын хэлбэр нь худалдаа байлаа. Худалдаа нь энх тайвны хэрэгсэл байлаа. Худалдаанд учирч байгаа аливаа саад тотгорыг арилгах хөгжих, цэцэглэх үндэс болж ирсэн. Харин одоо үүнд сэв суулаа. Даяаршсан худалдаа эдийн засгийг идэвхжүүлэхийн зэрэгцээ бас үйлдвэрлэлийг мөхөөх хүчин зүйл болж байна.
2016 оны улс төр, эдийн засгийн нэг онцлог нь протекционизм /чөлөөт худалдааны эсрэг зүйл/ байлаа. Чөлөөт худалдааг хөхиүлэх хэд хэдэн хэлэлцээрийн хувь заяа энэ онд бүүдгэр боллоо. АНУ-ын шинээр сонгогдсон Ерөнхийлөгч Дональд Трампын АНУ Номхон далай дамнасан чөлөөт түншлэлийн хэлэлцээрээс гарах болно гэсэн мэдэгдэл хамгийн шуугиантай нь. Олон улс биш зөвхөн улс хоорондын хэлэлцээр давамгайлах хандлагатай боллоо.
Францад зөвхөн үндэснийхээ эрх ашгийг даяарчлалаас хамгаалах ёстой гэсэн дуу хоолой сонсогдож эхэллээ. Үндэсний үзэл эргэн ирж байна. Үүнийг даган даган үндсэрхэг эдийн засаг толгойгоо өндийлгөж байна. “Юун түрүүнд Америк” хэмээн Дональд Трамп уриалж байна. Олон улсын гэрээ, хэлэлцээрийн гол хүчин зүйл нь тогтсон дэгийг барих биш харин нэгэн үндэстний эрх ашиг болж байна.
Их Британийг Европын холбооноос гаргахын төлөө саналаа өгөгчид “улс орноо дахин захирах боломжийг хайж байна. Елисейн ордны дараагийн эзэн болох өндөр магадлалтай байгаа барууны төв үзэлт улстөрч Франсуа Фийон “Францын гадаад бодлого нь францчуудын эрх ашигт үйлчлэх ёстой. Холбооны нэгдсэн Европын талаарх мөрөөдлөө хойш тавъя” хэмээн мэдэгдлээ. АНУ-ын Сангийн сайдаар ажиллаж байсан Ларри Саммерс “хариуцлагатай үндсэрхэг үзэл”-ийн талаар ярьж эхэллээ. "Аливаа Засгийн газрын эн тэргүүний зорилго бол өөрсдийн иргэдийг хангалуун амьдруулах болохоос биш ямар нэгэн дэлхийн дэг журамд үйлчлэх биш” хэмээн Ларри Саммерс хэлсэн.
Тоталитар, хүчирхэг удирдагч эргэн ирж байгаа нь Владимир Путин. Дональд Трампын тойрон хүрээлэгчид Путинээр бахархаж байна. Дарангуйлагч шинэ лидерүүд “дэлхийд эмх журам тогтож байгааг” харах итгэл дүүрэн байна. Владимир Путинтэй эн зэрэгцүүлж болох Туркийн Ерөнхийлөгч Реджеп Тайип Эрдоган, Унгарын Ерөнхий сайд Виктор Орбан нар байна. Францад Марин Ле Пен өөрийн цагаа хүлээгээд байж байна. Энэ жагсаалтад Дональд Трампыг бас хамруулж болно.
Эдгээр удирдагчийг нэгтгэж байгаа зүйл нь олон улсын дэг журам, тогтолцоог үл ойшоох байдал юм. Трамп НАТО-г “үеэр өнгөрөөсөн эд” гэж үзэж байгаа бол Путин түүний үйл хөдлөлийг хязгаарласан олон улсын гэрээ, хэлэлцээрүүдийг үгүйсгэж байна. Энэ бүхэн нь дэлхийн хоёрдугаар дайны дараагаас тогтсон дэгийг сулруулж байна.
Тусгаарлах хандлага бас ажиглагдаж байна. АНУ-ын хувьд ч, Европын хувьд ч цэргийн ажиллагаанд оролцох хүслээ илэрхийлэхээ болилоо. Сирид оросууд, бас туркууд нөхцөл байдлыг тодорхойлж байна. Европын холбоо Украины асуудалтай холбоотойгоор ОХУ-д тавьсан хоригоо сунгасан ч шинэ лидерүүд Москватай харилцаа тогтоохыг хүсч байна. Үнэт зүйл өөр ч дүрвэгсдийн урсгалыг хаана гэсэн тохироогоор европчууд Таийп Эрдогантай хэлэлцээ хийхэд бэлэн байна. Энэ бүхэн нь Европ болоод Хойд америкийг холбож байсан үнэт зүйл үгүй болсоныг харуулж, барууны либерал ардчилал хамгаалалтын шинжтэй болж, өөртөө итгэлгүй байгааг нотолж байна.
АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Генри Киссинжер саяхан "дэлхийн хоёрдугаар дайнаас хойш анх удаа АНУ-ын дэлхийтэй харьцах харилцаа бүрэн тодорхойлогдсонгүй” хэмээн мэдэгдсэн.
Үндэсний өөрийн үнэлэмж давуу байдалд гарч ирж байна. Францийн Ерөнхийлөгчид нэр дэвшихээ мэдэгдсэн Франсуа Фийон "Франц олон соёл холилдсон улс биш” хэмээсэн бол Германд Ангела Меркель "Бид ямар нэг зэрэгцээ нийгмийг хүсэхгүй байна, бидний хууль овгийн заншил, шариатын хуулиас дээгүүр” хэмээлээ.
Нийгмийн интеграцийн асуудал хэлэлцүүлгийн халуун сэдэв болоод удаж байна. Дүрвэгсдийг хүлээн авах германчуудын эелдэг зан улам татарсаар, Трампын сонгуулийн хамгийн түгсэн мессеж нь хууль бусаар амьдрагчдыг цэгцлэх мэдэгдэл байлаа. Тэр бүү хэл Трамп АНУ-Мексикийн хил дээр хана барина гэсэн.
Гэхдээ Цагаан ордонд ороод Трампын байр суурь арай зөөлөрнө гэж олон хүн найдаж суугаа.
Гэвин Хьюитт-ийн бичсэнээс хэсэгчлэн авав.
А.ШАРАВ
ЭХ СУРВАЛЖ: BBC