ЦЕГ-ын дарга Р.Чингисийг үүрэгт ажлаас нь чөлөөллөө

Хуучирсан мэдээ: 2016.12.29-нд нийтлэгдсэн

ЦЕГ-ын дарга Р.Чингисийг үүрэгт ажлаас нь чөлөөллөө

  • Тулгар төрийн 2225 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 810 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 105 жилийн ойг тус тус тохиолдуулан өөрийн салбартаа амжилт гаргасан нэр бүхий хүмүүсийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд цол, одон, медалиар шагналаа. Тодруулбал,

Монгол Улсын гавьяат тамирчин цолоор ХХЕГ-ын харьяа “Хилчин” спорт хорооны тамирчин Доржнямбуугийн Отгондалай, ШШГЕГ-ын харъяа “Сүлд” спорт хорооны тамирчин Энхбаярын Содномпэлжээ, Спортын бэлтгэлийн төвийн Үндэсний шигшээ багийн тамирчин Болормаагийн Ууганхүү нарыг,

Монгол Улсын Ардын жүжигчин цолоор Монгол Улсын сонгодог урлагийн тайзнаа дэлхийн болон үндэсний дууриудын гол дүрийг бүтээн олон улсад эх орноо сурталчлан таниулах, дуурийн дуулаачдын шинэ үеийг сурган хүмүүжүүлэхэд оруулсан хувь нэмрийг нь өндрөөр үнэлэн Даваажавын Баадайжавыг,

Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн цолоор Урлаг судлаач, доктор Норовын Батмөнх, Соёл Урлагийн Их сургуулийн Радио телевизийн медиа урлагийн сургуулийн Сэтгүүл зүйн тэнхимийн ахлах багш Долгорын Чулуунцэцэг, Дорнод аймгийн музейн захирал Намхайн Энхбаяр, Монголын Филателийн холбооны Удирдах зөвлөлийн гишүүн, марк цуглуулагч Чулуундоржийн Энхбат нарыг,

Монгол Улсын гавьяат жүжигчин цолоор “Хаан гарьд пикчерс” ХХК-ийн найруулагч жүжигчин Уухааны Батбаатар, Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын балетын гоцлооч балетын жүжигчин Халзайн Мөнгөнхөлөг, ҮДБЭЧ-ын дуучин Сосорбурамын Цогтсайхан, Соёл-Эрдэнэ хамтлагын хөгжимчин Бадамын Цолмон нарыг тус тус шагнасан юм.


  • Ардчилсан намын дарга З.Энхболд өчигдөр /2016.12.28/ Тавантолгойн асуудлаар мэдээлэл хийсэн. Тэрбээр, Тавантолгойн орд бол ард түмний өмч. Сүүлийн хэд хоногийн үйл явдлыг харвал МАН-ын Засгийн газар Тавантолгойн шинэ гэрээг оруулж ирэхээр төлөвлөж байгаа ч энэ хувилбар нь Ч.Сайханбилэгийн Засгийн газрын оруулж ирсэн гэрээнээс муу гэрээ болсон гэж дүгнэж байгаагаа илэрхийллээ. Мөн өчигдрийн энэ мэдээлэл З.Энхболдын биш АН-ын байр суурь гэдгийг тодотгожээ.


  • Цагдаагийн ерөнхий газрын дарга Р.Чингисийг үүрэгт ажлаас нь чөлөөлж, Ө.Энхтөрийг томилох шийдвэрийг Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэлээ. Тодруулбал, Цагдаагийн газрын дарга Р.Чингис өөр албанд томилогдож байгаа учраас түүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлж, түүний оронд Цагдаагийн ерөнхий газрын даргаар Ө.Энхтөрийг томилсон байна.


  • Мобикомын хэрэглэгчдийн утас өчигдөр /2016.12.28/ өглөөний 11.00 цаг орчмын үеэс утсаар ярьж болохгүй, сүлжээгүй болсон. Энэ нь Мобикомын дотоод сүлжээнд алдаа заасантай холбоотой болохыг 1800-2222 лавлах утасны мэдээллийн ажилтан тайлбарлажээ.


  • УИХ-ын чуулганы өчигдрийн /2016.12.28/ нэгдсэн хуралдаанаар Улсын ерөнхий прокурорын орлогчоор томилох тухай асуудлыг хэлэлцэн Б.Амгаланбаатарыг гишүүдийн 85.2 хувь нь дэмжин, баталлаа.


  • НӨАТ-ын буцаан олголт авах иргэд энэ оны арванхоёрдугаар сарын 31-ний 00.00 цагаас өмнө хийсэн худалдан авалтын мэдээллээ 2017 оны нэгдүгээр сарын ажлын эхний таван өдөрт багтаан холбогдох www.ebarimt.mn цахим хуудаст бүртгүүлсэн байх шаардлагатайг албаныхан анхааруулж байна.


  • УИХ-ын чуулганы өчигдрийн /2016.12.28/ нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын хилийн тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, гишүүдийн олонх дэмжсэнээр баталлаа. 


  • Монгол улс НҮБ-ын бүрэн эрхэт гишүүн орноор элссэний 55 жилийн ой тохиож буй 2016 онд Ази-Европын дээд түвшний “АСЕМ”-ийн 11 дэх удаагийн чуулга уулзалтыг Нийслэл Улаанбаатар хотноо амжилттай зохион байгуулсан. Энэ үйл явдлыг тохиолдуулан “Тэнгэрийн өрх” уран бүтээлийг зориулж, бүтээн Их Жанжин Сүхбаатарын талбайн урд цэцэрлэгт байрлуулж өчигдөр /2016.12.28/ нийтэд дэлгэлээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж