100 км-ийн марафон болно

Хуучирсан мэдээ: 2011.07.26-нд нийтлэгдсэн

100 км-ийн марафон болно

Байгалийн үзэсгэлэнт дүр төрхөөрөө жуулчдыг татдаг Хөвсгөл аймгийн нутагт “Наран ургахаас жаргах хүртэл” /Sunrise to Sunset/ нэртэй олон улсын марафон гүйлтийн тэмцээн болох гэж байна. 13 дахь жилдээ зохион байгуулж буй тус марафонд энэ жил 10-аад орны тамирчид оролцохоор урьдчилсан байдлаар мэдүүлгээ ирүүлсэн бөгөөд 100 км зайд, эсвэл өөрсдийн хүсэлтээр марафоны үндсэн зай болох 42 км-т өрсөлдөж болох юм. “Наран ургахаас жаргах хүртэл” марафонд оролцогчид тэмцээн эхлэхээс дөрөв хоногийн өмнө буюу энэ сарын 30-нд Улаанбаатар хотод ирж, нийслэл хотоос баруун хойд зүгт 700 км зайд орших Хөвсгөл нуурыг зорих ажээ. Улмаар наймдугаар сарын 3-нд оролцогчид Хөвсгөл нуурын эргээс гараагаа хийх гэнэ. Марафоны эцсийн дүн наймдугаар сарын 5-нд гарах юм. Марафонд оролцогчид хол, бас бэрхшээлтэй замыг туулах тул бүгд эмчийн үзлэг, шинжилгээнд хамрагдах ёстой аж.

Өнгөрсөн жилийн “Mongolia Sunrise to Sunset” уралдааны 100 км-ийн уралдаанд эрэгтэйчүүдийн төрөлд Шинэ Зеландын Саймон Гриммер, эмэгтэйчүүдийн төрөлд АНУ-ын иргэн Анна Бум нар түрүүлж байжээ.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж