"Ремикон” хувьцааны үнэ мөн дээрхийн адил өнгөрсөн жилийнхээс хоёр дахин өсчээ. Жилийн өмнөхөн хувьцаа 75 төгрөгөөр арилжаалагдаж байсан бол өдгөө 136 орчим төгрөгийн ханштай байна. Өнгөрсөн хавар гуравдугаар сард тус компанийн хувьцаа хамгийн өндөр төвшиндөө буюу 145 төгрөгт хүрч байжээ. Үнэ хэдий өндөр биш ч өдөр тутмын арилжаанд нэлээд идэвхтэй оролцдог зарим хувьцаануудын ханшийг сонирхуулахад ийм байна.
Харин жилийн өмнөөс нэлээд эрэлт хэрэгцээтэй болсон уул уурхайн компаниудын ханш ямар байгааг сонирхъё. Уул уурхайн хувьцаануудын хамгийн эрэлттэй, хамгийн өндөр үнэтэй нь “Тавантолгой” ХК-ийн хувьцаа байдаг. Энэ хувьцааг задалж зарахаар шийдвэрлэсэн болохоор одоогийн байдлаар арилжаанд оролцуулахгүй байх шийдвэрийг холбогдох албаныхан гаргаад байгаа. Эрэлт ихтэй ч хэтэрхий өндөр үнэтэй хувьцааг задалж зарах нь хувьцааг улам идэвхжүүлэх зорилготой гэдэг. Тиймдээ ч чамгүй үнэтэй энэхүү хувьцааг задалж зарахаар бэлтгэл ажлаа хангаж байгаа ажээ. “Тавантолгой” ХК-ийн хувьцааны араас “Шивээ-Овоо”, “Багануур”, “Адуунчулуун”, “Шарын гол” гэх мэт нүүрсний уурхайн хувьцаанууд бас чиг эрэлттэй хувьцаагаар тодордог. Хамгийн сүүлийн арилжаагаар “Шивээ овоо” 27700-27900, “Багануур” 20000, “Адуунчулуун” 9600-9800, “Шарын гол” 16200 төгрөг гэсэн ханштай байлаа.
Хөрөнгийн зах гэдэг удаан хугацаанд өгөөжөө өгдөг ч бас эрсдэл өндөр бизнес гэдэг. Тиймээс хөрөнгө оруулагчид хамгийн найдвартай үнэт цаасанд хөрөнгө оруулахыг чухалчилдаг. Засгийн газраас хааяа нэг гаргадаг бондыг тэсэн ядан хүлээх хөрөнгө оруулагчид бий. 4000 айлын орон сууц хөтөлбөрийг санхүүжүүлэх Засгийн газрын бондыг гаргаад буй. Өнгөрөгч VI, VII сард хоёр удаагийн арилжаагаар чамгүй хөрөнгө босгосон бондын арилжааны үргэлжлэлийг ирэх наймдугаар сард дахин арилжих гэж байна. Энэ удаагийн арилжаагаар хэдэн ширхэг үнэт цаасыг ямар нөхцөлтэй байх нь хараахан олон нийтэд ил тод болоогүй байна.
Монголын хөрөнгийн бирж дээр тун удахгүй “Силикат” компанийн анхдагч зах зээл дээр нэмж гаргаж буй хувьцааг арилжих гэж байна. “Силикат ХК” нийт 3 650 000 000 төгрөгийн хувьцааг олон нийтэд санал болгож буй. Хувьцааг МХБ дээр SIL гэсэн товчилсон нэрээр бүртгэсэн байна. Энэ нь сүүлийн гурван жилд зах зээл дээр шинээр гарч буй анхны хувьцаа юм байна. Компани шохой болон хөнгөн бетон үйлдвэрлэл, элс, шохойн чулуу олборлох үйл ажиллагаа явуулдаг бөгөөд уул уурхай, барилгын салбар эрчимтэй сэргэж байгаа өнөө үед хөрөнгийн захаас татсан хөрөнгө оруулалтаар технологио шинэчлэн, хүчин чадлаа нэмэгдүүлэн чанартай, өртөг багатай, хямд бүтээгдэхүүнээр хэрэглэгчдийг хангах, тухайлбал шохойн зах зээлийн гуравны нэгийг дангаар хангаж ихээхэн ашигтай ажиллахаар ийн нэмж хувьцаа гаргах болжээ.
Нэмж гаргаж буй хувьцаа нь 16,222,300 ширхэг бөгөөд үүнээс 3 244 460 ширхгийг нь олон нийтэд санал болгож буй аж. Харин олон нийтэд санал болгох үнэ нь 225 төгрөг юм байна. Нэмж гаргаж буй хувьцааны арилжааг ирэх сараас эхлүүлэх бөгөөд 1-5-ны хооронд хувьцааны захиалга авах гэнэ. Энэ тухай хэвлэлийн бага хурлыг ирэх долоо хоногийн даваа гаригт Монголын хөрөнгийн бирж дээр зохион байгуулахаар төлөвлөжээ.