Шинэ оны эхний өдөр буюу 2017 оны нэгдүгээр сарын нэгэнд нийслэлийн гурван амаржих газар нийт 23 хүүхэд мэндэлжээ. Тодруулбал, Клиникийн нэгдүгээр амаржих газар 13 хүүхэд, Клиникийн гуравдугаар амаржих газар зургаан хүүхэд, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд дөрвөн хүүхэд шинээр мэндэлсэн байна. Шинэ оны эхний өдөр мэндэлсэн үрсийн 17 нь хүү бол, зургаа нь охин байв.
Хөвсгөл аймгийн Их-Уул сумын Сэлэнгэ багийн Мөнгөтийн Ар гэдэг газар иргэн Б, автомашинтай зорчиж яваад Сэлэнгэ мөрөнд суужээ. Улмаар аймгийн онцгойгоос тусламж хүссэн байна. Онцгойгийнхон тусламжийн дуудлагын дагуу шуурхай ажиллаж аварсан байна. Ингэхдээ мөс цөмөрч, доошоо суусан машиныг нь аврагчид есөн цагийн турш ажиллаж байж, гаргажээ.
Хоёр оны зааг дээр Монгол Улсын Ерөнхийлөгч, ард түмэндээ шинэ оны мэнд дэвшүүлж, хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн мэндэлчилдэг уламжлалтай. Энэ үеэр Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж улиран шилжиж буй 2016 он Монгол түмний хувьд түүхэн үйл явдлаар дүүрэн он байсныг онцолсон юм. Тодруулбал тэрбээр “2016 онд манай гаригийн хоёр тив – Ази Европын удирдагчид Монголд чууллаа. Бүтэн зууны туршид нэг улсад, нэг удаа тохиох түүхэн чуулга уулзалтыг монголчууд нэр төртэй зохион байгуулж чадлаа. Ази Европын удирдагчдын дээд хэмжээний уулзалтын 20 жилийн тэгш ойг Монгол нутагт тэмдэглэв. ЕвроАзийн бодлого тодорхойлогчид дараагийн 10 жилд баримтлах чухал шийдвэр, чиглэлээ дэлхий дахинд “Улаанбаатарын Тунхаглал”, “Даргын Мэдэгдэл” нэрээр манай орны нийслэлээс зарлав.
2016 онд улсын болон орон нутгийн төлөөллийг сонгох сонгууль болж өнгөрлөө. Сонгогдсон төрийн түшээд улс орныхоо нийтлэг эрх ашгийг эрхэмлэж хариуцлагатай, шуурхай, итгэл дааж ажиллахыг ард иргэд хүлээж байна.
2016 оны зуны Олимпод манай тамирчид амжилттай оролцлоо. Монгол хүний хийж бүтээж байгаа, хийсэн бүтээсэн бүхний бахархалт хуудас улам зузаарсан” гэдгийг тодотгон мэндчиллээ.
Аргын тооллын 12 дугаар сарын 30, билгийн тооллын өвлийн илүү дунд сарын шинийн 1-ний Улаан нохой өдөр буюу өнгөрсөн баасан гаригт Богд хааны ордон музейн “Хаан туульсийн өргөө”-нд ардын язгуур урлагийг өвлөгч Жилкерийн ес дэх удмын туульч Авирмэдийн Балдандорж Их хөлгөн тууль болох “Бүжин Даваа хаан” туулийг бүрэн эхээр нь хайллаа. Монголчууд эртнээс нааш туулийг хүндлэн дээдлэж, дайн тулаан, ан авд мордох, уул ус тахих зэрэг иргэний болоод төрийн ёслолын үед тууль хайлуулж иржээ. XIX зууны сүүлчээс эхлэн гадаад, дотоодын эрдэмтэд судлаачдийн тэмдэглэн авч судалгааны эргэлтэд оруулсан Монгол туулийн хэдэн арван дурсгал бичгийн хэлбэрээр үлдсэн боловч, XX зууны дунд үеэс эхлэн XXI зууны эхэн гэхэд Монгол туулийн амьд уламжлал тасрах бодитой аюулд тулгараад байгаа юм.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд болон албаны бусад удирдлагууд Жанжин Д.Сүхбаатарын талбайд 2017 оныг нийслэлчүүдтэйгээ хамт угтлаа. Нийслэлийн иргэд жил бүрийн 12 дугаар сарын 31-ний үдэш төв талбайдаа цуглан, шинэ оноо хамтдаа угтдаг уламжлалтай. “Улаанбаатарын мөнгөн шөнө” цэнгүүнд МУГЖ Б.Сарантуяа, Ц.Чулуунбат, "Камертон" хамтлаг, дуучин Г.Тэнүүн, А.Хишигдалай, С.Зоригт, П.Баярцэнгэл болон бусад хамтлаг дуучид, орчин үеийн бүжгийн хамтлагууд оролцсон юм.
Өнгөрсөн амралтын өдрүүдэд эмнэлэг, цагдаа, онцгойгийн албан хаагчид өндөржүүлсэн бэлэн байдалд ажилаллалаа. Ялангуяа хүйтний улиралтай холбоотой дэгдсэн томуу, томуу төстийн өвчлөл бага насныхан дунд их. Нийслэл, дүүргийн эмнэлгүүд ачааллаа даахгүй, хүүхдүүд эмнэлгийн коридорт хэвтэн эмчлүүлж буй ийм үед өрхийн эмнэлгүүд ч баярын өдрүүдэд амралтгүй ажиллаж, иргэдэд эмнэлгийн анхан шатны тусламж үзүүллээ.
Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын байцаагч нар нийслэлийн Баянзүрх дүүргийн 27-р хороо Дарь эхийн 5Д байрлах “Янгир хайрхан” ХХК-ийн “Хан хөхий” хүнсний дэлгүүрт баярын өдрөөр хяналт шалгалт хийжээ. Шалгалтаар тус дэлгүүр нь хадгалах хугацаа хэтэрсэн, савлагааны битүүмжлэл алдагдсан бүтээгдэхүүнүүдийг бэлэгний уутанд савласан, мөн хадгалах хугацаа хэтэрсэн, хаяг шошгын зөрчилтэй хүнсний бүтээгдэхүүн худалдаж байсан зөрчил илэрсэн байна.
Он солигдох торгон мөчид Туркийн Истанбул хотын шөнийн клубт 39 хүний амийг хөнөөсөн халдлага гарчээ. Истанбул хотын захирагч Васип Сахины мэдээлснээр шинэ он гарснаас хойш ердөө ганцхан цагийн дараа гарсан энэ халдлагын улмаас 39 хүн амиа алдаж, 69 хүн гэмтжээ. Амиа алдсан хүмүүсийн дунд гадаадын 16 иргэн байсан гэнэ.
Эрүүгийн цагдаагийн Хар тамхи мансууруулах бодистой тэмцэх хэлтэс мансууруулах төрлийн бодис хилээр оруулж ирдэг худалдан борлуулдаг, хэрэглэдэг 40 гаруй гишүүнтэй бүлэглэлийг илрүүлж, баривчилжээ. Мөн энэ сарын 22-ны өдөр Монгол Улсын хилээр хууль бусаар их хэмжээний хар тамхи, мансууруулах төрлийн бодис нэвтрүүлэх гэж байсан этгээдийг тагнуулын байгууллагаас илрүүлж үйлдэл дээр нь барьж, саатуулсан байна.
Хөшигтийн хөндийд баригдаж байгаа шинэ нисэх онгоцны буудлыг хүлээж авах комисс өнгөрсөн пүрэв гаригт /2016.12.29/ хуралдаж, энэ оны нэгдүгээр сарын 10-нд нисэх буудлыг ашиглалтад оруулахаар болжээ. Тодруулбал, 2017 оны нэгдүгээр сарын 2-өөс нисэх буудлыг хүлээж авах комисс нисэх буудлыг хүлээж авах ажлаа эхлүүлж, комиссын бүрэлдэхүүн ажиллах юм байна. Нисэх буудлын ажил 99 хувьтай байгаа бөгөөд нэгдүгээр сарын 10-нд комисс хүлээж авч, ашиглалтад оруулах ажлыг эхлүүлэх шийдвэрийг хуралдаанаас гаргажээ.
Грек улсаас Бразилд суух элчин сайд Кириакос Амиридисийг тус улсын цагдаагийн ажилтан хөнөөжээ. Тэрбээр даваа гаригт/2016.12.26/ Рио-де-Жанейро хотын хойд хэсгийн Нова Игуаку дүүргээс сураггүй болсон юм. Бразилийн цагдаагийн офицер, Сержио Гомес Морейро элчин сайдыг хөнөөсөн болохоо өнгөрсөн Баасан гаригт /2016.12.30/ хүлээжээ.
Дэлхийн бөхийн холбооноос (UWW) оны төгсгөлд гайхалтай мэхний торгон агшныг шалгаруулдаг билээ. 2016 оны шилдэг гэрэл зургаар ОУХМ Түмэнбилэгийн Түвшинтулга шалгарлаа. Түүний энэ жилийн Лос-Анжелесын Дэлхийн цомын тэмцээний үеэр Гүржийн Бека Ломтазег ялсан энэхүү гайхалтай мэхний торгон агшин Дэлхийн бөхийн холбооны (UWW) 2016 оны шилдэг гэрэл зургаар шалгарчээ. Т.Түвшинтулгын энэхүү ялалтын агшин шилдэг 10 зургийн дэд байрт бичигдсэн байна.