Жил бүрийн арванхоёрдугаар сард Монгол Улс малаа тоолдог. Урьдчилсан дүнгээр энэ жилд Монгол Улсын малын тоо толгой 61.5 саяд хүрчээ.
Тодруулбал, 2016 оны жилийн эцэст Монгол Улсын мал сүргийн нийт дүн 61 сая 542 мянган толгойд хүрч, 2015 оныхоос 9.9 хувь буюу таван саяар өслөө. Адуун сүргийн тоо толгой гурван сая 634 мянга, үхэр дөрвөн сая 80 мянга, тэмээ 401 мянга, хонь 27 сая 853 мянга, ямаа 25 сая 572 мянгад хүрчээ.
Мал аж ахуй бол Монгол Улсын гол салбар. Гэсэн ч ДНБ-ийн дөнгөж 18 хувийг мал аж ахуйн салбар хангадаг. Экспортын бүтээгдэхүүний 10 хувийг мал аж ахуйн бүтээгдэхүүн эзэлдэг гэсэн судалгаа бий. Өөрөөр хэлбэл, жилээс жилд малын тоо толгой өсөвч, мал аж ахуйн салбараас эдийн засагт үзүүлэх үр ашиг нь бага байна гэсэн үг.
Мал сүрэг өсөхийн хэрээр нөгөө талдаа бэлчээрийн даац хэтэрч, малын чанар буурсан гэсэн шүүмжлэл гардаг. Ялангуяа малын гоц халдварт өвчин шинээр сэргэж, тархварын байдал өргөжсөн нь малын гаралтай бүтээгдэхүүний экспортод сөргөөр нөлөөлөх болсон юм.
Хамгийн сүүлд гэхэд малын гоц өвчин дэлгэрсэнээр шалтаглан хятадууд Ханги-Мандалын боомтооргарч буй махны импортоо зогсоосон.
Ардчилсан намынхан засгийн эрхэнд байхдаа махны экспортыг нэмэгдүүлж, нэг тэрбум долларт хүргэхээ амалж байсан ч ажил хэрэг болгож чадаагүй юм.
Өнгөрсөн онд Монголын 12 компани гадаадын дөрвөн улсад 4715 тонн мах бэлтгэж нийлүүлсэн гэсэн мэдээлэл байна. Энэ нь 61.5 сая малтай Монголын хувьд өчүүхэн “амжилт”. Хүнээсээ хэд дахин их малтай Монгол Улс махны экспортоо нэг тэрбум долларт хүргэх боломж бий.
Гэхдээ, импортлогчид биднээс эрүүл мах шаарддаг. Иймээс малын тоо толгойноос илүү эрүүл, мах, сүү, ноос, ноолуурын чиглэлийн мал бэлтгэх нь Монгол Улсын мал аж ахуйн салбарын нэг бодлого байх ёстой болж байна. Илүү тодорхойгоор хэлбэл, Монгол Улс мал аж ахуйн салбарт хэрэгжүүлж байгаа бодлогоо өөрчлөх цаг болсон гэсэн үг. Тооны хойноос хөөцөлдөж байхаар чанарт илүү анхаарал тавих нь мал аж ахуйн салбарын бодлого болох хэрэгтэй байна.
Нөгөө төлөөр малчид малын хөлийн татвар огт төлдөггүй. Тиймээс зөвхөн тоо толгой хөөцөлдөх болсон гэсэн шүүмжлэлд ч өртдөг. Монгол Улсын 61.5 сая малаасаа малын хөлийн татвар авбал эдийн засагт хөөрхөн дэмжлэг болно. Эргээд энэ мөнгөөрөө малаа эрүүлжүүлбэл махны экспортод эерэгээр нөлөөлнө.
Жил болгон малын тоо толгой сая, саяар өсч буй ч мал аж ахуйн экспорт нэмэгдэхгүй байгаа шалтгаанаа зөв тодорхойлоод энэ салбарыг эдийн засгийн үр ашигтай болгох нь малчдын амьдралд ч хэрэгтэй. Түүнээс малаа “цалинтай” болгож, малчдаа халамжаар угжлаа гээд мал аж ахуйн салбар хөгжсөн нь хаана байна.
Мал өсөөд л байдаг, харин ашиг шим нь байна уу. Мах, сүү, ноос, ноолуураа экспортод гаргахын тулд малын тоо толгойн хойноос хөөцөлдөх биш чанараараа өрсөлдье, малчид аа.
Б.ХОНГОР